Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 29

 

         Г.Х-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 757 дугаар магадлалтай, 2015260001392 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Г-ын Х нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-г бусдыг илтэд үл хүндэтгэн хутга хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Г.Х-г 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэх, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Тэнгис, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Г.Х-д ял оногдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, мөн хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьж явуулсан. Хохирогч, гэрч нарын хэн нь үнэн зөв мэдүүлээд байгаа нь эргэлзээтэй байна. Гэрч Ө.О, Б.У, С.О, Д.Г нарын мэдүүлэг болон тухайн үед бааранд ажиллаж байсан гэх дарга ажилтнуудын гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогч Г.П нь Г.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Тухайн үед Г.Х нь хутгатай явсан бөгөөд Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэхэд хохирогч Г.Пү салгахаар очиход түүнийг хутгалсан байдаг. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Х нь 2015 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж төвд үйл ажиллагаа явуулдаг “Ж” бааранд архи ууж согтуурсан байхдаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.П-ын хэвлий тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.П, гэрч Б.Батхүү, Ө.О, С.О, Б.Т, Б.Л, Э.А нарын мэдүүлэг болон шинжээчийн 3005 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчөөгүй, Г.Х-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн нэгэнт тогтоосон үйл баримтыг тогтоогдоогүй, үгүйсгэгдсэн бусад байдлыг үндэслэж хууль хэрэглээний бус асуудлаар тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2, 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхэд олгогдоогүй тул Г.Х, хохирогч Г.П нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байсан гэх анхан болон давж заалдах шатны шүүхээс няцаагдсан нөхцөл байдлыг хэлэлцэх нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, хэргийн талаар хянавал зохих байдалд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...хувийн сэдэлттэй байх тул хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд  Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг удирдлага болгон Г.Х-д оногдуулсан ялаас өршөөн хассан нь буруу байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 757 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Х-д Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 05 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийн ялыг өршөөн хассугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                             Ч.ХОСБАЯР