Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 28

 

Д.Баатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдох

 “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл  мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 30-нд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунган,  шүүгч  Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

            Д.Баатар миний бие 1986 оноос өнөөг хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд тасралтгүй 31 дэх жилдээ жижүүрийн ажлыг чанартай, шударга, чин сэтгэлээсээ хийж ирсэн. Гэтэл сургуулийн захирал Г.Пүрэвдорж нь 2016 оны 03 дугаар сарын дундуур өрөөндөө дуудаж надтай хамтарч ажилмааргүй байна гэдгээ хэлсэн. Улмаар намайг хулгайд хардаж, шууд тулган, хардлага сэрдлэгээр 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Би тушаалд дурдагдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү ...гэжээ.

  Хариуцагч Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний бие Ганболдын Пүрэвдорж нь Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд захирлын албан тушаал хашдаг бөгөөд тус сургуулийн жижүүр ажилтай Д.Баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь жижүүр Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлсийг санаатайгаар хулгай хийж гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан билээ. Манай сургуулийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлс удаа дараа хулгайд алдагдаж байсан учир сургуулийн захиргаа ажиллахгүй байсан камерыг ажиллуулж бичлэг хийтэл тухайн жижүүр нь дээрх зөрчлийг 2016 оны 01 дүгээр сарын 31-нд үйлдсэн. Тэр үеэс хойш cap гарны хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан боловч дээрх жижүүр шиг алдаа гаргаагүй. Иймд миний бие тухайн жижүүрийг дуудаад сургалтын менежерийн хамт бичлэгийг үзүүлсэн. Жижүүр Д.Баатарт сургуулийн захиргаа маш их итгэл хүлээлгэж хамтарч ажиллаж байсан бөгөөд үнэхээр итгэж байсан хүн маань итгэл алдсан учир хамтарч ажиллахгүй ажлаас чинь халлаа гэдгээ хэлсэн. Энэ тухай сайн бодоод эргээд надад хариу хэл гэсэн боловч ирээгүй дахин 03 сарын сүүлээр сургалтын менежерийн хамт дуудан оруулж ирээд өргөдлөө өг түүн дээрээ гаргасан алдаа дутагдлаа ухамсарлан бичээд ир гэхэд дуугараагүй. Жаахан шаардлага тавьсан чинь өөрөө би 04 сарын 01-нээс ажлаа өгье цалингийн зээлтэй гэж хэлээд удалгүй өрөөнөөс гарсан. Хэсэг хугацааны дараа 04 сарын 01-ний өдөр ажилдаа гараад өглөө ажлаасаа буунгуут өрөөндөө оруулж ирэн дахин хэлсэн боловч дуугараагүй. Үүний дараа миний бие өөрт нь хандаж цагаан цаасан дээр алдаагаа ухамсарлаад таван өгүүлбэр бичээд сургуулийн захиргаанаасаа уучлалт гуйж чадахгүй байгаа бол тушаалыг нь гаргалаа гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч орж ирээгүй. Тэгээд 2016 оны 04 сарын 04-ний өдөр тушаалыг нь гаргасан. Тушаал нэг ширхэг үйлдээд бичиг хэргийн дэвтэр дээр бичилт хийлгээгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр ажлаас чөлөөлөгдсөн тэмдэглэл хийгээгүй дахин л тухайн хүнийг алдаагаа ойлгоод ороод ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Харин өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ бариад ажлаас чөлөөлөгдөх гарын үсэг зуруулаад авч явсан. Сургуулийн захиргаа итгэл хүлээлгэх удаа дараа алхам хийсэн болно гэжээ.

         Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Баатарыг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 3 сар 13 хоногийн цалин 1500066 төгрөгийг хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 38951 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо:

...Д.Баатарыг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүрийн үүрэгт ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 3 сар 13 хоногийн цалин 1500066 төгрөгийг нэхэмжлэгчид олгох анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагын болон бусдын эд зүйлийг хулгайлсан видео бичлэг прокурорын дүгнэлт зэргийг харгалзан үзэлгүй шийдвэр, мөн хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн ажлаас чөлөөлсөн зэргийг харгалзан үзээгүй тул гомдол гаргаж байна ... гэжээ.    

            Нэхэмжлэгч П.Баатар давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

            Миний бие Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүр хийдэг. Намайг тус сургуулийн захирал Г.Пүрэвдорж нь 3 сарын дундуур дуудаж ажлаас халах болсноо хэлж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б/13 тушаалаа гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би 04 дүгээр сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 03 дугаар сарын турш хянаж хэлэлцэж, холбогдох гэрч, нотлох баримт, хууль дүрмүүдийг үндэслэн шүүх хурал зарласан юм. Тус шүүх хурлыг Г.Пүрэвдорж нь 2 удаа хойшлуулсаны эцэст 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2016/00318 тоот шийдвэр гарч шүүх шударга үнэнээр шүүсэн юм. Гэтэл Г.Пүрэвдорж нь уг шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, холбогдох зүйлүүдийг үзэж харалгүй огт танилцалгүй шийдвэр гаргасан мэтээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг би эсэргүүцэж улмаар шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд итгэхгүй, хувийн хоосон дүгнэлт гаргаж харлуулж боджээ гэж дүгнэлт тайлбар гаргаж байна. Учир нь Г.Пүрэвдорж нь шүүх хурлыг удаа дараа хувийн эрх ашгаа бодож хойшлуулж, тэр ч бүү хэл эцсийн хуралдаанд нь ч цаг гаргаад суучхаагүй юм. Гомдолд бичсэнээр шүүх нь видео бичлэг үзээгүй, прокурорын дүгнэлт, Хөдөлмөрийн хууль, Сургуулийн дотоод журамтай танилцаагүй эдгээрийг үндэслэж ажлаас чөлөөлсөн зэргийг харгалзан хянаагүй байна гэснийг би эсэргүүцэж байна.

Учир нь: 1. Прокурорын дүгнэлт гараагүй.

                2. Шүүх хуралдааны үед шүүгч видео бичлэг дэлгэцэнд тавьж үзээд хянаж үнэн зөв дүгнэлт гаргасан.

                3. Хөдөлмөрийн хууль, сургуулийн дотоод журам, хамтын гэрээ бүрэн хэмжээгээрээ нотариатаар батлуулж, 1 хувь тус бүр хавсаргасан байсан. Эдгээрийг хэрхэн харгалзан үзсэнийг нь бас хянан харьцуулж үзэж дүгнэлтээ гаргасан байсан.

Намайг хулгайд хардсан асуудлуудтай холбогдуулан холбогдох хүмүүс гэрчүүдийг бүгдийг нь дуудан уулзаж мэдүүлэг авсны үндсэн дээр дүгнэлт нь үнэн зөв гарсан гэж би үзэж байгаа бөгөөд нотолсон мэдүүлэг баримтуудыг шүүгч хавтаст хэрэгт хавсаргасан. Эдгээрээс харахад Г.Пүрэвдорж нь шударга үнэний төлөө тангараг өргөсөн шүүгчийг болон шүүхийн байгууллагыг холбогдох баримтуудыг үзэж харалгүй шийдвэр гаргадаг мэтээр дүгнэж гомдол гаргасан нь хуулийн байгууллагыг доромжилсон бөгөөд хэргийг өөрийн талд шийдүүлэх гэсэн хэрэг гэж би үзэж байна.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн эцсийн шийдвэр, энэ тайлбар зэргийг хянан үзээд миний ажилгүй байсан хугацааны 5 сарын цалинг буцааж олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, ажилд минь эргүүлэн /яаралтай/ тогтоолгож өгнө үү... гэжээ.      

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие өөрийнхөө удирдлага дор ажиллаж байсан жижүүр ажилтай Д.Баатарыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлийг санаатайгаар хулгай хийж байгууллагын дотоод журам  болон Хөдөлмөрийн хууль зөрчсөнийг нь үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл анхан шатны шүүхээс Д.Баатарын нэхэмжлэлийг хангаж “Ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олго” гэсэн шийдвэр гарсан. Миний бие тухайн гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Прокурорын байгууллага Д.Баатарын “хулгайн үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээгүй тухай 2016.06.30-ны өдрийн 380 тоот мэдэгдэх хуудас ирүүлсэн. Тус сургуулийн хувьд Д.Баатартай цаашид хамтран ажиллах боломжгүй бөгөөд учир нь манай байгууллага аймаг орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд сургалтын чанар багшлах боловсон хүчин ажилтан ажиллагсадын хувьд ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг тэргүүний үлгэр жишээч хамт олон ажилладаг учраас гаргасан зөрчлийг харгалзан хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж байна. Д.Баатарын хулгай хийсэн үйлдэлд хулгайн гэмт хэрэг үүсгээгүй нь Д.Баатар хулгай хийгээгүй гэсэн үг биш юм. Манай сургуулийн дотоод журмын 6.2.3-ийн “Г” дэх заалтад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж биш хулгайлах үйлдэл хийсэн бол ажлаас халах тухай заасан. Их бага ямар ч хэмжээгээр байсан хулгай хийсэн л бол тэр ёс суртахууны том алдаа юм. Бага зүйл хулгайлсан байна гэж өршөөгөөд өөхшүүлээд байж боломгүй, цаашид сургуулийн ажилтан ажиллагсадын сэтгэл зүйн хувьд ч тэр байгууллагын болон бусдын эд зүйлсийг хулгай хийгээд баригдсан ч шүүхээр яваад иргэн ажилдаа орж болдог гэсэн ойлголт бусдад төрөхөөс сэргийлж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 318 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж, Д.Баатарын нэхэмжлэлийг хангахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Баатар нь Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан б/13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

  Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Баатарыг сургуулийн эд хөрөнгө хулгайлсан гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн ямар эд хөрөнгө хулгайлсан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гэрчүүд шүүхэд дутсан эд хөрөнгө, алдагдсан зүйл байхгүй гэж мэдүүлдэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар ажилгүй байсан хугацааны олговрыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 Энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж боломжтой тул захирал Г.Пүрэвдоржоос нөхөн олговрыг гаргуулах гэснийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Г.Пүрэвдоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38951 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 38951 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

    1 дэх заалтын “...захирал Г.Пүрэвдоржоос...” гэснийг “...Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас...” гэж,

    2 дахь заалтын “...хариуцагчаас...” гэснийг ““...Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас...” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 38951 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, Г.Пүрэвдоржоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       3. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

       5. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                            ШҮҮГЧИД                            Л.НЯМДОРЖ

                                                                          Г.УЛАМБАЯР