Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 159

 

М.Мөнхтогтоход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Л.Цуурай,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар магадлалтай, 201509000839 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хүүхэн бор овогт Мандшарын Мөнхтогтох нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь заалтад заасан “Өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Мөнхтогтохыг өш хонзонгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь заалтад зааснаар 22 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Хүүхэн бор овогт Мандшарын Мөнхтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт заасан “өс хонзонгоор хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Хүүхэн бор овогт Мандшарын Мөнхтогтохыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтохыг 20 жилийн хорих ялаар  шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтоход оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Б.Нэргүй, ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, өмгөөлөгч П.Адъяасүрэн, Л.Цуурай нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Мөнхтогтох хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би ахыгаа онц харгис хэрцгий аргаар алах санаа зорилго тухайн үед огт байгаагүй. Бүтэмж ах намайг унтах гэж байхад архи барьж орж ирэхэд нь хүндлээд уусан ба  нилээд согтсон. Одоо бодоход ах надад архи уулгаж хашаа, газрыг хямдхан авах талаар ярих гэсэн бололтой байсан. Ах намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоход надад хэлэх үг олдоогүй, гомдсондоо дотор харанхуйлж юу хийснээ санахгүй, дэргэд эхнэр нь байсныг ч анзаараагүй юм. Онц харгис хэрцгийгээр алах санаа бодол байсан бол надад гомдох зүйлгүй. ...Ахын үгийг дааж тэвчээрлэхгүй, согтолт гомдолдоо түүний амь насыг хохироосон ял гэмээ үүрнэ. Ах орж ирээгүй бол ийм асуудал болохгүй байсан. Хэргийг үнэн зөвөөр нягталж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтыг хэрэгсэхгүй болгоогүй нь хууль буруу хэрэглэхэд хүргэсэн. Онц харгис хэрцгий арга хавтаст хэргийн материалаар нотлогдоогүй. 2 тооны шарх учирсныг онц харгис хэрцгий арга гэж үзэхгүй. Гэрч Гандолгор, Долгорсүрэн нар хэрхэн хутгалж буйг хараагүй, хэрэг үйлдэж төгссөний дараа цус гарсныг мэдээд сандарсан байдаг. Иймд эхнэрийн нүдэн дээр онц харгис хэрцгий аргаар алсан гэж дүгнэлт хийж болохгүйг онцлон анхаарна уу. Нотлох баримтыг ташаа үнэлсэн дүгнэлт хууль буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна.

М.Мөнхтогтох нь онц харгис хэрцгий арга гаргах хүн биш болох нь хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлаас харагдана. Бүтэмж согтуу ирж, архи уулгасан. М.Мөнхтогтох ахыгаа янз бүрээр доромжилж байхад нь аргадсан, гуйсан, яриа өрнүүлсэн, арга буюу сүүлдээ гомдсон гомдол нь тэсэрч хутга далайх хэмжээнд сэтгэл зүйд нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас болон хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хөнгөрүүлнэ” гэсэн заалтад хамаарч байхад шүүх уг заалтыг хэрэглээгүй, ялыг хасаагүй. Хэргийн нөхцөл байдлыг бодитой, эргэлзээгүй талаас нь хянаж, онц харгис хэрцгий арга үгүйсгэгдэж буйг харгалзан М.Мөнхтогтоход холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 45 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Б.Нэргүй, өмгөөлөгч Л.Цуурай нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх “...өс санаж түүнийг алахаар урьдаас төлөвлөсөн байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй...” гэж үзэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож, 2 жил хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг хэтэрхий дордуулсан гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.4 дэх хэсэгт өс хонзон гэдэг ойлголтыг тайлбарласан. Тухайн үед шүүгдэгч М.Мөнхтогтох нь амь хохирогч Б.Бүтэмжийн “Тогтохыг маргаашаас эхлээд гуравхан өдөр ажиллуулна, тэгээд эхнэр хүүхэд, гэр оронтой нь хөөж гаргаад хашаа үүдийг нь гагнана” гэж хэлсэн үгэнд өсөрхөж, гадаа гарч тамхи татаж орж ирснийхээ дараа шүүгээнд байсан хутгаа хайн олж, эхнэр Долгорсүрэнгийнх нь нүдэн дээр хорьсоор байхад нь хутгалсан үйлдлийг өс хонзон авах зорилгоор хутга хэрэглэж амь насыг нь хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм... Хэрэв М.Мөнхтогтох өс хонзон санаагүй юм бол талийгаачийн дээрх үгийг хэлж дууссанаас хойш тодорхой хугацаанд гарч тамхи татан орж ирснээсээ хойш хутга барин хоёр ч удаа хутгалах үйлдэл хийхгүй байж болох байсан. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй зөв гэсэн атлаа яагаад өс хонзонгийн сэдэлт биш гэснээ тайлбарлаж магадлалдаа тодорхойлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн цорын ганц гэрч Долгорсүрэнгийн мэдүүлж байгаагаар уг хэрэг  шөнийн 00 цагт шүүгдэгчийн гэрт болсон байдаг. Хэргийг өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Мөнхтогтох болон түүний өмгөөлөгч И.Атарбямба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Б.Нэргүй, тэдний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлуудыг үндэслэн М.Мөнхтогтоход холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасныг баримтлан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Мөнхтогтохын гэм бурууг хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Мөнхтогтох нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 10-72б тоот өөрийн гэртээ амь хохирогч Б.Бүтэмжийн хэлсэн үгнээс үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ч.Долгорсүрэнгийнх нь дэргэд түүнийг цээжин тус газар нь 2 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Б.Нэргүй /хх-26, 150, 219/, гэрч О.Ганбат /хх-35/, Г.Гантулга /хх-37/, Ч.Долгорсүрэн /хх-44/, Д.Зоригт /хх-47/, М.Гандолгор /хх-50/, Б.Эрдэнэбат /хх-59/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-121/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх М.Мөнхтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь заалтад заасан “өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн М.Мөнхтогтохын “өс хонзонгийн сэдэлтээр” хүнийг санаатай алсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, М.Мөнхтогтохыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд М.Мөнхтогтох нь амь хохирогчийг эхнэр болон төрөл садны холбоотой бусад хүмүүсийнх нь дэргэд хутгалж алсан, өөрөөр хэлбэл ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан онц харгис хэрцгий аргад хамаарах бөгөөд харин тэрээр амь хохирогч Б.Бүтэмжид хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, эсхүл өөрт нь буюу ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан гэх байдал тогтоогдоогүй байх тул энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Онц харгис хэрцгий арга нотлогдоогүй, хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүхээс тогтоосон үйл баримтаар М.Мөнхтогтох нь амь хохирогч Б.Бүтэмжийг түүний эхнэрийн дэргэд 2 удаа цээжин тус газар нь хутгалж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, давж заалдах шатны шүүхээс М.Мөнхтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан М.Мөнхтогтоход 20 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон тэдний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН