| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2023/04620/И |
| Дугаар | 210/МА2025/00614 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00614
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01154 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.2. Миний бие нь *******-ийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноогоор тэнцэж, тус компанийн гүйцэтгэх захирал *******-ын Б/85 дугаар тушаалаар ******* ажил, албан тушаалд томилогдон 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээгээр туршилтын хугацаанд ажил олгогч ******* нь миний мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагыг шалгах, үнэлэхээр харилцан тохиролцсон.
1.3. Миний бие *******-ийн Захиргаа, удирдлагын газрын ахлах менежерээр ажиллах хугацаанд нэгдлийн хэмжээнд захиргаа, хүний нөөц, мэдээлэл технологийг хангах зэрэг чиглэлээр дараах ажлуудыг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
а/ Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчдыг дуудаж ажилд нь оруулах, богино ярилцлага зохион байгуулах, ажлын байр, хөрөнгө зэргийг шийдэх, чиглүүлэх ажлуудыг өөрөө шууд хариуцан ажилласан. Энэхүү ажлын талаар гүйцэтгэх захирал ******* шуурхай хурал дээр сайнаар үнэлж байсан.
б/ Компанийн албан хэрэг хөтлөлтийг бүрэн цахимд шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан. Энэхүү ажлын талаар гүйцэтгэх захирал ******* шуурхай хурал дээр магтаж байсан.
в/ Захиргаа, удирдлагын газарт хамгийн олон албан бичгүүд хуваарилагдаж, ахлах менежер эдгээр бичгүүдэд хяналт хийж, засаж сайжруулах ажил хийгддэг. Сар бүр давхардсан тоогоор 70-200 бичгийг боловсруулах, хянах, засаж сайжруулах ажлууд хийсэн.
г/ ******* нь нэгдлийн зохион байгуулалтад шилжиж, харьяандаа 30 гаруй компани, төслийн нэгжийг нэгтгэсэнтэй холбогдуулан шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг таниулах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн сэргэлт-Эрдэнэс монгол нэгдэл нэрийн дор 400 ажилтныг хот, орон нутгаас оролцуулж, 3 хоног үргэлжилсэн чуулганыг 100 хувь хариуцан ажилласан. Шуурхай хурал дээр энэхүү ажлын үр дүнг 90 хувиас дээш гэж үнэлсэн байдаг.
д/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон ******* нар хамтран Аж үйлдвэржилтийн сэргэлт зөвлөгөөн-ийг зохион байгуулах болсон. Энэ ажлыг миний бие мөн бүхэлд нь хариуцан ажилласан ба хамтарсан ажлын хэсэгт ажиллаж, бүхий л чиг үүргүүдийг биелүүлж, компаниа зохион байгуулж оролцуулсан.
е/ 2023 оны 07 сарын эхээр үүссэн үер усны аюултай холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын онцгой комисстой хамтран ажилласан. Энэ хүрээнд нэгдлийн компаниудаас үер усны гамшигт ажиллах машин техник, хүн хүчийг татан ажиллуулах ажлыг хариуцан ажилласан. Энэ ажилд тодорхой хувь нэмэр оруулсныг яамны цахим хуудаст тэмдэглэж, талархал илэрхийлсэн байдаг.
ё/ Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой компанийн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Хөдөлмөрийн дотоод журмын төслийг хариуцан боловсруулж, компанийн нийт ажилтнуудын болон комиссын хурлаар хэлэлцүүлж гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.
ж/ Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбоотой Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг шинээр байгуулсан. Маргаан таслах комиссын эхний хурлыг зохион байгуулж, бүртгүүлэх ажлыг хариуцан ажилласан. Комиссын даргаар сонгогдон ирүүлсэн гомдлын дагуу удирдаж ажилласан. Энэ хугацаанд хурлаар 20 орчим гомдлыг хэлэлцсэн байдаг... гэх мэт.
Миний бие уг албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллаж байсан.
1.4. *******-ийн гүйцэтгэх захирал *******-ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн болно. Учир нь ******* -тай 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Миний бие нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу дээр дурдсан хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гүйцэтгэх захирал ******* од биечлэн танилцуулсан. Гүйцэтгэх захирал ******* нь миний хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай нэг бүрчлэн танилцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Улмаар миний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл сар бүр 90 хувиас дээш үнэлгээтэй танилцуулагдаж байсан, цаашлаад туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан гэж үзсэн учраас ******* ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч миний бие ажил үүргээ 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан гэж үзнэ. ******* нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргээ тус тус зөрчсөн. Иймд миний бие нь уг ажил, албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон гэж үзэж байна.
1.5. ******* болон бидний хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан боловч маргаантай асуудлаар ажил олгогчтой харилцан тохиролцоогүй, улмаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон.
Иймд намайг урьд эрхэлж байсан *******-ийн ******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ******* тай 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс дахин 3 сарын хугацаагаар сунгаж, ажиллуулахаар тохирсон.
2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.
Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг ...талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх нь маргааны зүйл болжээ. гэж буруу тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан, цаашид сунгагдаагүй байхад туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасантай нийцсэн эсэх, бичгээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил олгогч тушаал гаргаж нэг талын санаачилгаар сунгаж болох эсэх, улмаар 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч ажил олгогч ******* нь ажилтан ******* г Захиргаа, удирдлагын газрын ахлах менежерээр үргэлжлүүлэн ажиллуулж ирсэн нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилсэнд тооцох үндэслэл болох эсэх нь маргааны зүйл байсан.
4.2. Ажил олгогч ******* болон ажилтан ******* нарын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан бөгөөд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож сунгаагүй байхад анхан шатны шүүх Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай сунгасан. гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно. гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж тус тус заасан. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д Гэрээний хугацаа: 3 cap гэж, 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт Энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд талууд гарын үсэг зурсан гэрээ, эсхүл баримт үйлдэнэ. гэж тус тус заажээ.
Дээрх хууль болон гэрээний холбогдох зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгахын тулд талууд энэ талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай байсан. Гэтэл ажил олгогч ******* нь ажилтан ******* тай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин сунгахаар харилцан тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, баримт үйлдээгүй болно.
Түүнчлэн ажил олгогч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаал нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу туршилтаар ажиллуулах хугацааг сунгах тухай нэг талын санал юм. Уг тушаалд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж баталгаажуулахыг Хүний нөөцийн удирдлагын хэлтэст даалгасан байдаг. Гэвч Хүний нөөцийн удирдлагын хэлтэс нь ажилтан *******-гийн хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж, баталгаажуулаагүй болох нь нотлогдож, тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ байдлаа бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус заасны дагуу харилцан тохиролцож сунгаагүй гэж үзнэ.
Мөн ажил олгогч *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт ...шинээр орж байгаа ажилтантай туршилтын 3 хүртэл сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллана. гэж заасан тул шинээр орж байгаа ажилтныг туршилтаар ажиллуулах дээд хугацааг 3 cap байхаар зохицуулсан гэж үзнэ.
4.3. Ажилтан ******* нь туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал ******* од танилцуулсан. Гүйцэтгэх захирал ******* нь ажилтан *******-гийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай нэг бүрчлэн танилцаж, түүний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл cap бүр 90 хувиас дээш үнэлэгдэж байсан тул туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан гэж үзсэн учраас уг ажил, албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул ажилтан ******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Захиргаа, удирдлагын газрын ахлах менежерээр ажилласан.
Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон байхад анхан шатны шүүх ...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн гэх тайлбараа нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.4. Талуудын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний дууссан боловч ажилтан ******* нь ажил үүргээ 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн буюу ажил олгогч ******* нь ажилтан ******* г Захиргаа, удирдлагын газрын ахлах менежерээр үргэлжлүүлэн ажиллуулж ирсэн. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч ажил олгогч ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсаар байвал хөдөлмөр эрхлэлтийн ямар харилцаа үргэлжилсэнд тооцох эсэхийг шүүх зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ тохиолдолд туршилтын гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь тухайн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт тодорхой тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан. Энэ зохицуулалтад туршилтын хугацаагаар ажиллуулах тохиолдол хамаарахгүй тул туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. гэж заасны дагуу талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сунгагдсан.
Гэтэл анхан шатны шүүх ...ажил олгогчийн хүсэл зоригоос гадуур хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлага, үндэслэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан.
4.5. Ажил олгогч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, ажилтан ******* тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Ажил олгогч ******* нь хууль зөрчиж ажилтан ******* тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж нэхэмжлэгч *******-гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч *******-гийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар шууд харьяалан удирдах албан тушаалтан нь гүйцэтгэх захирал байхаар тусгасан. Нэхэмжлэгч нь туршилтаар ажилласан ажлын тайланг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захиралд гаргаж өгсөн. Гүйцэтгэх захирал нь тайлантай танилцаж тусгайлан баталсан хүснэгтийн дагуу ажилтны туршилтын хугацааг сунгахаар шийдвэрлэсэн.
5.2. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний эрхлэх асуудлын хүрээнд Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа шууд хамаардаг. Мөн гүйцэтгэх захирлын тушаалын биелэлтийг хангах чиглэлээр ажилладаг байсан тул 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээг сунгах тухай тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газарт үүрэг болгосон. Иймд нэхэмжлэгчийн туршилтаар ажиллуулах гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцоогүй, мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.
5.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын Б/164 дүгээр тушаалыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санал гэж үзсэн. Тухайн тушаалын хувийг нэхэмжлэгчид гардуулан өгсөн. Нэхэмжлэгч гардаж аваад бүртгэл хяналтын дэвтэрт гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хүсэлт зоригоо чөлөөтэй илэрхийлж туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээг зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн хөдөлмөрийн гэрээнд тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд талууд гарын үсэг зурсан гэрээнд, эсхүл баримт үйлдэхээр тусгасан. Гүйцэтгэх захирал нэхэмжлэгчтэй уулзаж баталсан хүснэгтийн дагуу туршилтын хугацааг сунгах тухай тушаал гаргасан. Хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч нь хүлээн авч сунгах тухай тушаалыг гардан авч, гарын үсэг зурсан. Хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны явцад үүссэн аливаа асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч туршилтын гэрээний хугацааг сунгасан эсэх талаар санал, хүсэлт гаргаагүй.
5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу ажил олгогч нь хууль болон гэрээнд заасан хугацаа дууссанаар ажилтантай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулиар олгогдсон эрхтэй. Давж заалдах гомдолд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу байнгын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар ******* албан тушаалд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатайгаар томилогдсон байх бөгөөд талууд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх6-14, 18/
4. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сунгагдсан эсэх, улмаар ажил олгогч ******* нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж, мөн энэ зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар нэхэмжлэгч ******* тай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сунгасан байна гэж үзнэ.
Хугацаатай байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа хууль болон гэрээнд заасан 3 сарын хугацаа болсноор дуусгавар болох бөгөөд уг хугацааг сунгах, сунгагдсанд тооцох эсэх нь талуудын хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ.
Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь нэхэмжлэгч *******-гийн туршилтын хугацааны ажлын тайлантай танилцаад ажилтны туршилтын хугацааг сунгахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь туршилтын хугацааг сунгах тухай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаалтай танилцаж, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт нийцсэн ба уг тушаалтай холбогдуулан ажил олгогчид гомдол, санал гаргаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч ******* нь туршилтын хугацааг сунгасныг зөвшөөрсөн буюу талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах хүсэл зоригтой байсан гэж үзнэ. /хх39, 152-155, 196-198, 203-228/
Энэ талаарх хариуцагчийн тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч *******-гийн уг тушаалыг мэдэгдээгүй, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сараар сунгах талаар харилцан тохиролцоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/164 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан, мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно. гэж, хариуцагч *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан ажилтны ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. гэж тус тус заасан тул хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгч ******* г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ.
Ажил олгогч ******* нь ажилтан ******* г ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа огноо буюу хугацааг тодорхой заасан. Нэхэмжлэгч *******-гийн хувьд ажлаас чөлөөлөх үндэслэл буюу цаашид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид ажиллуулах боломжгүй дуусгавар болсноор чөлөөлсөн нөхцөл байдлын талаар мэдсэн үйл баримтын талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч ******* тай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар сунгасан, туршилтаар ажиллуулах гэрээний сунгасан хугацаа дуусахад хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгон нэхэмжлэгч ******* г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН