| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/02132/И |
| Дугаар | 210/МА2025/00660 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00660
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01672 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 55,913,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу *******-тай ******* тоот ипотекийн даатгалын гэрээ байгуулан, орон сууц зээлдэгчийн амь насыг даатгасан тохиролцоог хийсэн.
1.2. Даатгуулагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэнэт харвалт өгч, ******* эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлсэн, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр давтан харвалт өгч, ******* эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот актаар ...хөдөлмөрийн чадварын алдалтыг 70 хувиар, хугацаагүй гэж тогтоосон. Иймээс даатгуулагч ******* нь цаашид хөдөлмөр эрхэлж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд түүний орон сууцны зээлийн үлдэгдэл 55,913,343 төгрөг болсон.
1.3.*******-ын зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******-д хандан өргөдөл гаргахад тус даатгалын компани нь даатгалын гэрээний 7.3, 7.3.1 болон Даатгалын тухай хууль 8.5, 8.5.3-т заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасныг тус хорооноос ...даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж хариу өгсөн.
1.4. Хариуцагч тал гэрээний нөхцөл шаардлагыг танилцуулж мэдүүлгийн маягтыг танилцуулаагүй. Сонголт хийх эрхийг хэрэгжүүлээгүй, гэрээний заалтын үндэслэлийг тайлбарлаж ойлгуулаагүй гэж үзэж байна. Иймд даатгалын гэрээний 6.2.2-т заасны дагуу орон сууцны зээлийн гэрээний эрсдэлийг хүлээж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 55,913,343 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулан *******-д олгуулахаар *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь №******* тоот ипотекийн гэрээний зээлдэгч бөгөөд тэрээр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг *******-д ирүүлсэн. ******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт хугацаагүйгээр алдсан гэж тус тус тогтоосон.
2.2. Даатгалын гэрээний 1.1-д Даатгалын хамгаалалт Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол" гэж заасан тул даатгуулагч ******* д учирсан тохиолдол нь Олон улсын өвчний 10-р ангилалд багтсан ердийн өвчнөөр, комиссын шийдвэрт дурдсанаар хөдөлмөрийн чадвараа алдсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөлд хамаарна. Иймд даатгалын гэрээний 7.3, 7.3.1, 7.3.14 болон Даатгалын тухай хуулийн 8.5, 8.5.3-т заасныг үндэслэн даатгагчаас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр даатгуулагчийн ирүүлсэн гомдлыг хянан үзээд даатгагч *******-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдох нөхөн төлбөр 55,913,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* /харгалзан дэмжигч *******/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй. Анхан шатны шүүх нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан орон сууц зээлдэгчиин амь насны даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаанд хамаарахаас гадна *******-ийн зүгээс өөрийн урьдчилан бэлтгэсэн, 1 төрлийн гэрээг санал болгосон, гэрээний нөхцөлийг талууд нэг бүрчлэн тохиролцоогүй, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулаагүй шинжийг агуулж байгаа тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийг хэрэглээгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.
Түүнчлэн, Даатгалын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5-д зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* д даатгалын гэрээний нөхцөл шаардлагыг танилцуулж, мэдүүлгийн маягтыг загварын дагуу мэдээллийг авч нэхэмжлэгчээр баталгаажуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тоггоогдохгүйн дээр хариуцагчийн төлөөлөгч ийм маягт бөглүүлээгүй гэдгээ шүүх хуралдааны мэтгэлцэх шатанд тайлбарласан. Энэ нь зээлдэгчийн хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлээгүй, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй тухайд даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай байх тул даатгуулагчийн даатгалын зүйл болох гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй.
Улмаар энэ журмын 5.4.2-т заасан арга хэмжээ авах тухай заасан байх тул нэхэмжлэгч ******* д үүсээд буй эрсэдлийг ******* нь хариуцан хүлээх нь зүйтэй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр ямар эрсдэлд нөхөн төлбөр авахыг тодорхой заасан. Санхүүгийн зохицуулах хорооноос ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам гэж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор журамласан. Уг журмын дагуу ердийн даатгуулагчийн хувьд 5 эрсдэлийг гэрээнд тусгасан. Даатгуулагчийн хувьд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ердийн өвчний жагсаалтын 1.4.3-т зааснаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдсан гэдгийг тогтоосон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заагдсан эрсдэл биш учраас даатгалын гэрээний нөхөн төлбөр олгох боломжгүй. Мөн нөхөн төлбөр олгох нөхцлийн 7.3.1-д заасны дагуу ердийн өвчнөөс үүссэн хохиролд нөхөн олговор өгөх боломжгүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээнд тухайн тохиолдол хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 55,913,343 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. *******, ******* нар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай орон сууцны зээлийн гэрээг 240 сарын хугацаатай, мөн өдөр ******* дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулсан, ******* , *******-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч нь амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 62,200 төгрөг төгрөг төлсөн, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ... зэрэг үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Харин даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
5. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, мөн зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн.
6. Даатгалын гэрээний 1.1-д даатгалын төрөл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байхаар, даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэлүүдийн улмаас даатгуулагч амь насаа болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгахаар талууд харилцан тохиролцжээ./хх-19/
Хэрэгт авагдсан*******-ын эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг баримтуудаас үзвэл, даатгуулагч ******* хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан үйл баримт тогтоогдсон боловч уг эрсдэл нь талуудын гэрээгээр тохиролцсон даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлд хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч *******-аас аас шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1-д Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ хэмээн заасны дагуу ******* нь *******-тай Ипотекийн гэрээ, *******-тай амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулсан нь тус журамд нийцжээ.
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасны дагуу даатгуулагч уг мэдүүлгийг нэмж гаргах боломжтой байсан боловч мэдүүлгийг гаргаагүй байх ба ******* нь *******-ийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч даатгалын гэрээнд гарын үсэг зурсан байна.
Даатгуулагч нь даатгалын гэрээний эрсдэлээс сонгохдоо нэмж даатгалын хамгаалалтад хамруулах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч ******* нь эрсдэлүүдийг сонгох боломжийг нэмээгүй бөгөөд түүний даатгалын эрсдэлийг сонгох эрхийг хариуцагч *******-ийн зүгээс хязгаарласан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул даатгагч нь даатгуулагчид даатгалын эрсдэлийг чөлөөтэй сонгох хуулиар олгосон эрхийг олгоогүй, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч талын ... ******* болон *******-ийн зүгээс даатгалын гэрээний загварыг урьдчилан хэвлэж бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг даатгуулагчтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй, даатгуулагчаас санал сонсоогүй, жишиг болгон ашигладаг гэрээний загвар дээр гарын үсэг зуруулж, даатгуулагчийг даатгалын компани болон даатгалын нөхцөлөө чөлөөтэй сонгох эрхийг эдлүүлээгүй ... гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН