| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2015/10464/И |
| Дугаар | 5124 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч З.Доржнамжин, Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 65 дугаар байр 11-03 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 31 настай, Долоод овогт Хосбаярын Ананд /РД:ЧП85042516/
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 46 дугаар байр 2 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 41 настай, Түмэн овогт Цэрэндоржийн Нацагдорж /РД:ХБ75030711/
Хохирол, олох байсан ашигт 96.188.594 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ананд, түүний өмгөөлөгч Ж.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрх 1685/ хариуцагч Ц.Нацагдоржийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа /шүүхэд төлөөлөх эрх 0170/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ананд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Ананд миний бие нийтийн хоолны үйлчилгээ явуулах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Нацагдоржтой уулзаж Н.Баярсайхан тэр хоёрын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 48 дугаар байрны 1 тоот хаягт байх 288 мкв талбай бүхий байрыг сарын 8.500.000 төгрөгөөр, 2 дахь жилд сарын 10.000.000 төгрөгөөр, 3 дахь жилд сарын 11.500.000 төгрөгөөр тус тус түрээслэх санал тавьж, энэ саналыг байрыг хамтран эзэмшигч Н.Баярсайханг зөвшөөрнө гэсэн. Байрыг түрээслэх талаар тохироход биднийг баталгаа болгож 2.000.000 төгрөг урьдчилгаанд өг гэсний дагуу түүнд өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 23.500.000 төгрөгийг өгч нийт 25.500.000 төгрөгийг Ц.Нацагдоржид өгч гэрээ байгуулан бид хоёр гарын үсэг зурж Ц.Нацагдорж нь Н.Баярсайханаар гарын үсэг зуруулна гэж авч үлдсэн. Түрээсийн гэрээ нэгэнт байгуулагдсан тул барилга заслын хүмүүстэй засвар хийх гэрээ байгуулан засварын ажлыг эхлүүлэх, рестораны зөөгчөөр 8 хүн бэлтгэх ажил зохион байгуулаад Хаан банкнаас 50.000.000 төгрөг, өөрөөсөө 9.500.000 төгрөг гарган БНХАУ руу рестораны үйл ажиллагаа явуулахад шаардагдах болон түрээсийн байрны засварын ажилд бараа материал тоног төхөөрөмж худалдан авахаар явсан. Хятад улс руу 10 дугаар сарын 23-нд явж тоног төхөөрөмжөө худалдан аваад 10 дугаар сарын 27-ны өдөр Замын үүдээс вагонд суух гэж байхад Ц.Нацагдорж утсаар ярьж байрыг түрээслэхээ больсон гэж хэлсэн. 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нацагдоржтой уулзахад Н.Баярсайхан байрыг түрээслэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Ахынх нь мэдлийнх биш гэж хариулсан. Гэрээгээ авъя гэхэд байхгүй, 25.000.000 төгрөгөө аваад байрыг суллаж өг гэсэн. Бид хамаг тоног төхөөрөмжийг түрээсийн байранд тааруулж авсан тул зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн. 10 сарын 30-ны өдөр түрээсийн байрны түлхүүрийг сольсон байсан. Иймд хариуцагч Ц.Нацагдоржоос Хятад улсаас авчирсан тоног төхөөрөмж бусад эд зүйлийн үнэ 32.378.594 төгрөгийг нэхэмжилнэ. Олох байсан ашигт нэхэмжилсэн 63.810.000 төгрөгний шаардлагыг татан авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ц.Нацагдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргааны зүйл буюу Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 48 дугаар байр, 1 тоот өргөтгөлийн 288 мкв байр нь Н.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй бөгөөд миний бие түүний өмнөөс хэн нэгэнтэй гэрээ байгуулах эрхгүй юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Х.Анандын тайлбарлаж байгаагаар хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэрээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох байжээ. Маргаан нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнээс үүдэлтэй гэх боловч хавтаст хэрэгт уг маргаж буй гэрээ авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч огт байхгүй гэрээг үндэслэн банкнаас 50.000.000 төгрөгний зээл авсан. Уг зээлээс байрны засварт мөн рестораны тоног төхөөрөмж захиалсан гэдэг нь эргэлзээтэй байгаа. Миний зүгээс ч байгуулагдаагүй гэрээнээс ямар үүрэг хүлээх, хэрхэн гэм хорыг арилгахыг тодорхойлох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу, шаардлага татгалзалаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заажээ. Дээр дурьдсан үндэслэлээр Х.Анандын нэхэмжилсэн 32.378.594 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэргийг 6-9 дүгээр талд авагдсан түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч А тал Б тал гэж гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч байрны өмчлөгч Н.Баярсайхантай гэрээ хийгдээгүй. Мөн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шинжтэй байна. Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, түрээсийн гэрээ улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн байх ёстой. Нэхэмжлэгч түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байхад өмгөөлөгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна. Тэгэхээр гэрээ байгуулагдаагүй тул олох байсан ашиг, авчирсан гэх эд зүйлийн үнийг нэхэмжлэх эрхгүй. Ц.Нацагдорж 25.500.000 төгрөгийг Н.Баярсайхан гэрээ байгуулахгүй гэж байна гэж хэлээд буцаан өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ананд шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хохиролд 32.378.594 төгрөг, олох байсан ашиг 63.810.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд олох байсан ашиг 63.810.000 төгрөгний шаардлагыг татан авч 32.378.594 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Зохигч Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 48 дугаар байр 1 тоот өргөтгөлийн 288 мкв бүхий талбайг рестораны үйлчилгээний зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцож, нэхэмжлэгч нийт түрээсийн төлбөрт 25.500.000 төгрөг төлж 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкнаас тоног төхөөрөмж худалдан авах, засвар хийх, тохижуулалтын зориулалтаар өөрийн орон сууцыг барьцаалж 50.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэн авч 2015 оны 10 дугаар сарын 24, 25, 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд БНХАУ-аас рестораны зориулалтаар ашиглахаар тоног төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцаны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны тодорхойлолт, эд зүйл худалдан авсан баримтууд, түүний гадаад паспорт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3 түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь түрээсийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг төлнө гэж тайлбарладаг боловч дээрх хуульд зааснаар зохигчийн хооронд түрээсийн гэрээ хийгдээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хохирол шаардах эрхгүй юм.
Талуудын хооронд рестораны зориулалтаар байрыг түрээслэх талаар хэлэлцэн тохирсон боловч Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 48/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 448.38 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н.Баярсайхан болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр 25.500.000 төгрөгийг шилжүүлж, тоног төхөөрөмж худалдан авсан, хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхгүй болсон талаар түүнд утсаар мэдэгдсэн, түрээсийн төлбөр 25.500.000 төгрөгийг буцааж өгсөн болох үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож, талууд маргаагүй байна.
Зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд 32.378.594 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч олох байсан ашигт 63.810.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг татан авах хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч энэ шаардлагыг татан авсаныг баталж хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт баримтаар ирүүлсэн CD-нд зохигч түрээсийн байр гэрээтэй холбоотой ярилцлага болон хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул түлхүүрийг буцаан авах, түрээсийн төлбөрийг буцаан өгөхтэй холбоотой ярилцлага бичигдсэн байна.
Хариуцагчаас Х.Ананд, Б.Баясгалан нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, фото зургийг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгө үнэлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус тус дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж дурьдав.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/00956 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Х.Нацагдоржоос 32.378.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Анандын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Х.Ананд олох байсан ашигт нэхэмжилсэн 63.810.000 төгрөгний шаардлагыг татан авсныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.000 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.Анандад буцаан олгосугай.
5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/00956 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Д.НАРАНЦЭЦЭГ