| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0556/Э |
| Дугаар | 553 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Н-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1-д зааснаар 30000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Н нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны жижүүрийн өрөөнд иргэн Б.Ганбаттай маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Ганбатын биед зүүн зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Б.Ганбатын "...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байхад саарал өнгийн “ланд круйзер 200” маркийн автомашинтай хүн хашаа руу ухарч орж ирсэн. Тэгэхээр нь “хашаанд дүүрэн машин байна, чи харахгүй байна уу” гэхэд “чи яахаараа миний амьдралыг мэддэг юм бэ” гээд жижүүрийн байран дээр орж ирж миний нүүр,толгой руу цохиж зодчихоод явсан. Надад эмчилгээ хийлгэсэн талаар баримт сэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "..Б.Ганбатын биед зүүн зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 5485 дугаартай дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч О.Ганбатын "...Манай нөгөө жижүүр Б.Ганбат бид 2 ажил хүлээлцэж байхад саарал өнгийн “ланд 200” автомашинтай хүн манай хашаа руу ухарч орж ирсэн. Би Ганбаад хандаж энэ машин зай байхгүй байхад ороод ирлээ гэж хэлсэн чинь Ганбаа цонхоороо “ Чи зай байхгүй байхад яах гэж орж ирж байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаа тавьчихаад манай харуулын байр руу орж ирээд чи яахаараа дандаа ингэж байдаг юм, би хүүхдээ авах гэж байна гэж хэлээд тэр 2 заамдалцаад авсан. Тэгээд тэр Нацагаа гэх залуу Ганбаагийн нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд хоёулаа заамдалцаад ноцолдож байгаад орон дээр унаад өгсөн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгахад Нацагаа гэх залуу гараад явсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Н-гийн оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Нацагт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Н-ийг шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ