Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00661

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01211 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 97,452,750 төгрөг, зээлийн хүү 1,140,575 төгрөг, алданги 48,726,375 төгрөг, нийт 147,319,701 төгрөгийг гаргуулах, хариуцагч *******, ******* нарын нэр дээр бүртгэлтэй барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын 2020 оны А-273 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг тус тус үндэслэн *******-гийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг *******-т шилжүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасанд нийцсэн. *******-ийн төлөөлөгч ******* нь *******-гаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоот зээл болон *******/******* тоот барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулж, 100,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн.

1.2. Мөн зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******/******* дугаар барьцааны гэрээгээр иргэн *******, ******* нарын өмчлөлийн гэрчилгээний *******, Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах 114 м.кв талбайтай хувийн сууц, гэрчилгээний *******, Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, гэрчилгээний *******, нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүд, гэрчилгээний *******, нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах газрыг тус тус барьцаалсан.

1.3. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлүүлэх шаардлагыг хүргүүлж, төслийн үйл ажиллагаатай танилцах мониторингийн шалгалтын үеэр мөн зөрчлийн талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

1.4. Иймд гэрээний 3.1, шинэчилсэн гэрээний 1.3, 1.4, 2.1, 1.4-т заасны дагуу *******-аас зээлийн үлдэгдэл төлбөр болох 97,452,750 төгрөг, хүү 1,140,575 төгрөг, алданги 48,726,375 төгрөг, нийт 147,319,701 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар нь сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн үндсэн зээл 97,452,750 төгрөг, зээлийн хүү 1,140,575 төгрөгт маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байгуулсан *******/******* дугаар зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлдэгчийг төлөөлж ******* зурсан. ******* гарын үсэг зураагүй. Иймд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. 2017 онд байгуулсан гэрээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй асуудал гарч байх тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас зээлийн гэрээний үүрэгт 147,319,701 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-т олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах, 114 м.кв талбайтай, ******* дугаартай хувийн орон сууц, хариуцагч ******* ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах, 48 м.кв талбайтай, ******* дугаартай хувийн орон сууц, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах, 700 м.кв талбайтай, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч ******* ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 894,548 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******, ******* нарын итгэмждлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэниий хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01211 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т Гэвч дээрхи зээлийн гэрээний дагуу зээл олгогдоогүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот зээл, барьцааны гэрээ байгуулсан ч мөнгө олгогдоогүй, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, зээлдэгч нь шилжүүлж аваагүй.

5.2. Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээ хийсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэттэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гзрээнд гарын үсэг зураагүй. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хариуцагч ******* -д олгосон итгэмжлэлийн хүчинтэй 1 жилийн хугацаа дууссан байгаа нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн тус тус гэрээнд иргэн ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги болох 48,726,375 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.3. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээнд зээлдүүлэгч *******-гаас нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй этгээд болно. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зээлийн гэрээ болон нэхэмжлэлд дурдсан үндсэн зээл 97,452,750 төгрөг, зээлийн хүү 1,140,575 төгрөгт маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр төлнө гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гомдолд дурдаад байгаа итгэмжлэлийн нэг жилийн хугацаа дууссан гэдэг нь хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй баримтын тухай яриад байна. 2017 оны зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч ******* гарын үсэг зурсан, нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны гэрээнд ******* гарын үсэг зураагүй байна гэж тайлбарладаг. Гомдолд энэ хоёр гэрээгээр ******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэж хоёр өөр утгатай зүйлийг гомдолд дурдсан. *******-гийн зүгээс анх *******-ийн нэр дээрх Голомт банкин дахь ******* тоот дансанд зээлийг шилжүүлээд зээл олгосон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан. Анх 100,000,000 төгрөгийн зээл олгож, төсвийн ерөнхий захирагчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/29 тоот тушаалаар үлдэгдэл 245,000,000 төгрөгийн санхүүжилтийг зохицуулсан байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахгүй байх бүрэн боломжтой байсан. Гэвч гэрээн дээр албан ёсны төлөөлөгч нь гарын үсэг зурсан учраас гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 болон 6.1 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зураагүй нь тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь ******* -ийг төлөөлөх эрх бүхий этгээд ******* гарын үсгээ зураад, баталгаажуулсан байна гэж тодорхой дурдсан байгаа. 2017 оны зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү гэх нэршил байгаа бөгөөд үүнийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.2-т нэмэгдүүлсэн хүү болон алданги гэж тусган, 1.4-т 0,1 хувийн алданги гэж тусгасан. Хариуцагч нь үндсэн зээл болон зээлийг хүүг хүлээн зөвшөөрөөд, зээлийн үүргээ удаа, дараа зөрчсөн гэдгээ үгүйсгээгүй байж алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч ******* ийн зүгээс шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 97,452,750 төгрөг, зээлийн хүү 1,140,575 төгрөг, алданги 48,726,375 төгрөг, нийт 147,319,701 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч *******, ******* нар зээл, зээлийн хүү төлөхийг зөвшөөрч, харин алдангийг эс зөвшөөрч маргасан.

3. *******-гаас ******* -тай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******/******* дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 345,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, эко мах төслийн зориулалтаар зээлэх, зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх11-16/

 

3.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах 114 м.кв талбайтай, ******* дугаартай хувийн орон сууц, ******* ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах 48 м.кв талбайтай, ******* дугаартай хувийн орон сууц, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах, 700 м.кв талбайтай, ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоот од байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх19-21/

3.2. Улмаар талууд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дээрх *******/******* дугаартай зээлийн гэрээний 3.1-д 345,000,000 гэснийг 100,000,000 гэж өөрчилж, мөн гэрээнд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэлд 0,1 хувиар алданги тооцох-оор тохиролцсон өөрчлөлтийг оруулсан байна. /хх-18/

4. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар *******-гийн албыг татан буулгаж, чиг үүргийг *******-т шилжүүлсэн. /хх-ийн 21/

5. Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ ...нэмэлт гэрээнд ******* гарын үсэг зураагүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд *******-ийн төлөөлөгч ******* , хамтран зээлдэгч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээнд ******* -ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* гарын үсэг зурж гэрээ байгуулсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэхгүй талаархи шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчөөгүй байна.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

6.1. Зээлдүүлэгч ******* нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлсэн, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүд нийт 4,858,570 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. /хх-33/6.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч тал гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй.

6.2. Анхан шатны шүүх *******-ийн хүлээн зөвшөөрсөн үндсэн зээл 97,452,750 төгрөг, зээлийн хүүд 1,140,575 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

6.3. Хариуцагч тал зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр хүлээсэн үүргээ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанд төлөх үүргээ зөрчсөн тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

6.4. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээний 1.4-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үний дүнгийн үлдэгдэлд 0,1 хувийн алданги тооцно гэж заасан. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээрх хугацааны алданги нь гэрээний үлдэх үүрэг 97,452,750 төгрөгийн 50 хувиас хэдийн хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги шаардсан нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэг 97,452,750 төгрөгийн 50 хувиар тооцож 48,726,375 төгрөгийн алдангийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэсэн нь зөв.

7. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн тул үүнд холбогдох шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

8. Хариуцагч талаас ...хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй тул шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн тохиролцоог үндэслэн алданги шаардсаныг зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан *******-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь зөв. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН