Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5971

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, “Тэнгэр” ХХК-ийн байр, 30/3 тоотод байрлах “Баатарууд тэнгэр” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011073125, регистрийн дугаар 2785528/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сандан овогт Бямбажавын Болд /ЧЛ86032919/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

          “Баатарууд тэнгэр” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

         

          “Иргэн Б.Болд нь “Баатарууд тэнгэр” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа нийт 20,724,400 төгрөгийг дутаасан. Үүнийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулснаар Б.Болд нь өөрөө хувьдаа завшсан нь тогтоогдсон ба шалгуулах явцад 10,000,000 төгрөгийг барагдуулсан. Үлдэгдэл 10,724,400 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон. Гэвч үлдэгдэл 10,724,400 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

          Иймд иргэн Б.Болдоос хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирлын үлдэгдэл болох 10,724,400 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 05 дугаар сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/18131 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Наранбулаг 27 дугаар байр, 27 тоот хаягт бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Сандан овогт Бямбажавын Болд /ЧЛ86032919, утас 99130836, 91998089, ээж Энхээ нь 93147655, аав Бямбажав нь 93140969/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч “Баатарууд тэнгэр” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Болдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

 

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

          “Баатарууд тэнгэр” ХХК нь компанид учруулсан хохирол болох нийт 20,724,400 төгрөгийг Б.Болдоос гаргуулахаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн,  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан байх ба эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

          Хүсэлт гаргагч “Баатарууд тэнгэр” ХХК нь Б.Болдоос байгууллагад учруулсан хохирол 10,724,400 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18131 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

 

          Иймд, Б.Болдыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Сандан овогт Бямбажавын Болд /ЧЛ86032919/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР