Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 556

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Т. Жавхлантөгс

          Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр Хөвсгөл  аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Макс хотелс” ХХК-ийн зочин угтагч ажилтай, ам бүл 1,     урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ж,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 105 а тоот нийтийн байранд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим иргэн Б.Тайванболдын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б. Ж  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч  Б. Ж нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 105 а тоот нийтийн байранд хохирогч Б.Тайванболдын биед халдаж духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгч Б.Ж-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Хэрэг болсон өдөр Мөөгий гэдэг эмэгтэйн утасруу залгахад эрэгтэй хүн аваад чи яагаад энэ хүн рүү залгадаг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Би коридорт гараад ир гэж хэлээд үүдэнд гараад байж байтал жижиг биетэй залуу миний араар гүйгээд ариун цэврийн өрөөрүү орсон. Би араас нь очоод надтай утсаар ярьсан хүн мөн үү гэж асуухад “тийм” гэж хэлсэн. Чи Мөөгийгийн юу юм бэ? гэж асуухад ах нь байна гээд хэл амаар доромжилсон. Орохдоо миний гэдэс рүү цохьчихоод орсон. Араас нэг залуу ирээд цамцнаас татсан. Байрны эзэн гарч ирээд бид нарыг салгасан. Салгачихсан байхад Б.Тайванболд над руу дайраад байсан. Би өөрийгөө хамгаалах гээд нүүрэн тус газар нь цохьсон. Гэхдээ яг хаана нь цохьсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Өөр мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Б.Ж-гийн: ”…Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 8 дугаар гудамжны нийтийн байранд амьдардаг Мөөгий гэх эмэгтэйгээс утасны дугаарыг нь авч танилцсан. 2019 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд би 89899853 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн аваад хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байхаар нь би 2 дугаар давхрын үүдэнд гараад ир уулзъя гээд үүдэнд нь очтол нэг залуу гараад явахаар нь чи надтай утсаар маргалдсан залуу мөн үү гэж асуусан. Тэгэхэд би ах нь байна гээд ариун цэврийн өрөөрүү явахаар нь араас нь очсон чинь намайг хөлөөрөө тийрсэн. Нэг залуу миний ар талаас, цамцны захаас татсан. Тухайн үед байрны эзэн гарч ирээд болиулсан. Тайванболд гэх залуу над руу дайрч ирмэгц нь би зөрүүлж гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон тэгээд салцгаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/

          Хохирогч Б.Тайванболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд гэртэй сууж байгаад 00-н өрөө орох гээд явж байтал үл таних залуу араас ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи яагаад эхнэр нөхөр хоёрын хооронд үймээн шуугиан хийх гээд байгаа юм, нөхөр нь цаана чинь хардаад хэрүүл маргаан болоод байна гэж хэлсэн чинь Б.Ж намайг чи юу нь юм гэж асуухаар нь би ах нь байна гэж хэлтэл миний гэдэсрүү цохиход нь би 00-н өрөө орж хаалга хаатал цаад талаас нь манай дүү Эрдэнэболд ирээд татаж авсан. Тэгээд би 00-н өрөөнөөс гарч ирээд цагдаад дуудлага өгье гээд байж байтал нийтийн байрны эзэн гарч ирээд салгасан. Би Б.Ж  хажуугаар гарах гэтэл миний дух хэсэгрүү цохиод авсан, тэгээд цагдаад хандсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6178 дугаартай "… 1. Б.Тайванболдын  биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

          Гэрч Б.Эрдэнэболдын  "...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  20 цагийн орчимд өөрийн түрээсэлж суудаг нийтийн байранд байж байхад нийтийн байранд байр түрээслэн суудаг Мөөгий гэж дууддаг зүс таних эмэгтэй манай эхнэрийн утсыг түр хэрэглээд өгье гээд авсан байдаг юм. Тэгээд авчихаад оруулж ирсэн. Тэгээд байж байтал эхнэрийн гар утас дуугараад үл таних хүн манай эхнэртэй яриад Мөөгийтэй яръя гэхэд тийм хүн байхгүй гэхэд тэр залуу чи өөрөө юм биш үү гээд байсан. Дахиад залгахаар нь би авсан нэг үл таних залуу дахиад “ Мөөгий байна уу”, цаана чинь байгаа юм биш үү гэхээр нь би байхгүй гээд байгаа юм биш үү гэхэд “ чи ямар том юм, гаднаа гараад ир” гэхээр нь би “чи өөрөө манай гэрт ороод ир” гэж хэлсэн. Тэгээд байж байтал нийтийн байрны коридорт юм пижигнэх дуу сонсогдохоор нь гараад харахад манай ахтай нэг үл таних хүнтэй барьцалдсан зогсож байсан. Салгах гээд очиход салахгүй, гурвуулаа барьцалдсан. ...байрны эзэн гарч ирээд хэрүүл маргаан болоод салсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Б. Ж-гийн оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/ эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар хавтас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б. Жанчивсэнгээ  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Ж-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Б. Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар                            Б.Ж-г 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар                          Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ж-г шүүхээс оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ж бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл         Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ