| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05131/И |
| Дугаар | 181/ШШ2016/00156 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2016/00156
2016 оны 06 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2016/00156 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжны 341 тоотод оршин суух Боржигон овогтой Будын Батболд /РД:ЛЮ83022435/-ын хүсэлттэй,
Ц.Мөнх-Эрдэнэ /РД:ОА90041213/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батболд, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ц.Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УНВ22-76 дугаартай Хаан банкны нэр дээр байгаа Toyota verrosa маркийн мишинаа надад зараад тухайн оны 9 дүгээр сарын 01-нд машины нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл машины гэрчилгээн дээрх нэрийг шилжүүлэх боломжгүй болоод байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжны 730 тоот хаягт оршин суудаг, 91601992, 99069893, 99596086 гэсэн утастай байсан боловч одоо энэ хаягт байхгүй, утаснууд нь холбогдох боломжгүй өөр хүнд шилжсэн байна. Иймд Ц.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Ц.Мөнх-Эрдэнээс худалдаж авсан машины гэрчилгээн дэх нэрийг солиулах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Ц.Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу УНВ22-76 дугаартай Хаан банкны нэр дээр байгаа Toyota verrosa маркийн автомашиныг Б.Батболдод худалджээ.
Автомашины гэрчилгээ дэх нэрийг өөрчлүүлэхээр Ц.Мөнх-Эрдэнэд хандах гэхэд түүний оршин суугаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ц.Мөнх-Эрдэнэ /РД:ОА90041213/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Тахарын албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО