| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/07277/И |
| Дугаар | 210/МА2025/00637 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00637
2025 04 18 210/МА2025/00637
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь ...*******-ийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна, чи энэ компанийг өөрийнхөө нэр дээр авчих, ямар нэгэн асуудал болохгүй, удахгүй буцаан авна гэж гуйсан тул түүнтэй 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Гэрээгээр тус бүр нь 100 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг хувьцааг нийт 20,000 төгрөгөөр нэхэмжлэгч худалдан авсан. ******* нь *******гийн хэлсэнд итгэж, түүний гуйснаар тус гэрээнүүдийг байгуулсан бөгөөд одоо хүртэл ******* нь компанийн тамга, тэмдгийг шилжүүлээгүй.
1.2 2022 оны 11 сарын сүүлээр *******ын Хаан банкны данс хаагдаж, мөнгөн гүйлгээ хийж болохгүй болсон бөгөөд учрыг нь тодруулахад түүний шилжүүлэн авсан компани нь бусдад 100,000,000 төгрөгийн өртэйгөөс болоод шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн болохыг мэдсэн. Энэ талаар *******д хэлэхэд ...удахгүй өр төлбөрөө төлнө гэхээр нь итгээд хүлээсэн боловч төлөөгүй. Дахин өөр олон өр төлбөрүүд нэхэгдэх болсон төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******ын хувийн эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг хууль бус үйл ажиллагаа хийгдэх болсон. Гэрээ байгуулах үед ******* нь уг компанийн өр төлбөрийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, ямар ч асуудалгүй хэмээн хууран мэхэлж гэрээг байгуулсан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар шийдвэрээр *******-иас 95,097,360 төгрөг гаргуулж бусдад олгохоор шийдвэрлэсэн, тухайн компани өр төлбөртэй байсныг нуун дарагдуулж *******ыг хууран мэхэлж өртэй хуулийн этгээдийг *******ын нэр дээр шилжүүлэн хууран мэхэлж хэлцэл хийсэн байна.
1.3 Дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар үр дагавар нь ******* *******-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй болно.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2019 онд *******-ийн гүйцэтгэх захирал хамтран авто захад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2021 онд Ковид-19 цар тахал гарснаас болж түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж *******-тай байгуулсан ажлын байр түрээслэх гэрээг цуцалсны дараа -д үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар хамтран ажиллах санал тавьсны дагуу 2021 оны 04 дүгээр сараас эдгээр хүмүүстэй хамтран ажиллахаар болсон.
2.2 2022 оны 02 сард *******-ийн гүйцэтгэх захирал болон нар нь ...*******-ийг оос түр өөр дээрээ авчих, бид нар зээл, тендер хөөцөлдөж байгаа болохоор *******-ийг өөрсдийн нэр дээр байлгаж болохгүй байна, чамд ямар нэгэн асуудал болохгүй, хэвийн компани гэж гуйсан тул 2022 оны 05 дугаар сар хүртэл тухайн компанийг өөрийн нэр дээр байлгасан. Үүний дараа компаниа буцаан шилжүүлж ав гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан ба 2022 оны 05 дугаар сард ...*******тай тохиролцсон, чи наад хүндээ компани шилжүүлээд өгчих гэж хэлсэн тул тухайн компанийг *******ад шилжүүлэн өгсөн.
2.3 2023 оны 09 сард гэх хүн залгаад ..., , гэх хүмүүст би 100,000,000 төгрөг өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 сард хурал болж эцэслэн шийдвэрлэгдэн хурал болох явцад ******* чиний нэр дээр байсан байна, ямар учиртай энэ компанийг өөр хүнд шилжүүлэн өгсөн бэ, үндсэн эзэн нь хэн бэ гэсэн. би дээр дурдсан нөхцөл байдлыг тайлбарлан өгсөн бөгөөд шүүхэд энэ компанитай холбоотой хурал болсон, хэрэг нь шийдвэрлэгдсэнийг болон *******-ийг ямар хүн төлөөлөн оролцсоныг мэдэхгүй байгаа талаараа тайлбарлаж хэлсэн.
2.4 ******* нь мөнгө, санхүүгээр тохиролцож *******-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх магадлалтай. Учир нь, энэ бүх үйл явдал болсны дараа би *******ын дансыг битүүмжилсэн талаар мэдээд түүнд ..наад хүмүүсээ цагдаад өг, чи ямар тэр мөнгийг нь авсан биш гэж хэлсэн. Тэгэхэд ******* ...би энэ талаар яримааргүй байна, эгч, ах хоёр удахгүй энэ асуудлаа шийдээд өгчих байх гэсэн.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдох 2022 оны 05 сарын 20-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Би 2021 оны 07 дугаар сараас үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт ажилд орсон. Тус байгууллагад ******* бас зуучлагч байсан тул ажил төрлийн холбоотой болсон. ******* ...эхнэр шүүгч болж тушаал дэвших гэж байгаа тул *******-ийг албан ёсны гэрээтэйгээр чиний нэр дээр түр шилжүүлж байгаад буцаагаад авья, хэрэв компаниа өөр хүний нэр дээр шилжүүлэхгүй бол эхнэр маань дэвшин ажиллахад саад болоод байна гэж олон удаа гуйсан. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн хувьцаа худалдан авах гэрээ гэх нэртэй хоёр гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу *******гээр ямар нэгэн бичиг баримт, үл хөдлөх хөрөнгө, данс, бүртгэл, тамга тэмдэг материаллаг эд зүйл хүлээн аваагүй, компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулаагүй.
4.2 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар шийдвэрээр ******* 100,000,000 төгрөгийн төлбөртэй байгааг би анх мэдсэн. Ийнхүү намайг хуурч гэрээ байгуулахаас 1 сарын өмнө гарсан шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөс зайлсхийж хуурамч гэрээ байгуулан өрөө *******аар төлүүлэх санаа гаргасан байна гэж ойлгосон тул тухайн үед нь буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.
4.3 Шүүх хуралдаанд би биечлэн ороогүйн улмаас ******* худал тайлбар мэдүүлэг өгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ч үндэслэл бүхий тайлбар тавьж чадаагүйгээс гадна нотлох баримтуудыг шүүхэд бүрэн гаргаж өгөөгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаар шийдвэртэй хэрэгт ******* хуурч мэхлэх замаар гэрээ байгуулж төлбөртэй компаниа надад шилжүүлсэн баримт нь тодорхой байна. ******* нэг бүрийн 100 төгрөгөөр үнэлж 20,000 төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг хувьцааг намайг худалдаж авсан гэх зохиомол материал бүрдүүлсэн. Би *******д нэг ч төгрөг төлөөгүй.
4.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага *******гийн нэр дээр гарсан шүүхийн шийдвэртэй өрийг шүүхийн шийдвэргүйгээр надад хариуцуулсан. Улмаар хилийн хориг тавьж, өмчилж авсан 0.7 га газрыг хурааж авсан. Мөн нотариатч гэрээ хэлцлийг батлахдаа ч үндэслэл шалтгааныг бүрэн тогтоолгүй танил талаар ажилласан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 ******* нь гэрээнд заасан үүргээ хуульд, заасан үндэслэл журмын дагуу биелүүлээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Компанийн хувьдаа худалдах гэрээ-ний 1.2-т талууд гэрээний үүргээ шударгаар бодитоор биелүүлнэ гэснээр ******* хувьцаа нэг бүрийн үнийг 100 төгрөгөөр бодож 20,000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заасан 200 ширхэг хувьцааг шударгаар, бодитоор иргэн *******ад өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байгаа нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуунд харшилсан хэлцэл хийсэн байхад шүүх хууль зөрчөөгүй, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуунд харшлаагүй хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн ******* нь 200 ширхэг хувьцаагаа *******ад бодитоор шилжүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл хийсэн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна.
5.2 ******* нь эхнэрийн ажилд нөлөөлөх гээд байна гэж *******ыг хуурч мэхэлж байгаад өөрийн нэр дээр байгаа *******-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн 000184213 тоот гэрчилгээтэй компаниа *******ад эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэх боловч энэ нь бодитойгоор биелэгдээгүй байгаагаас харахад ******* *******ыг хуурч мэхэлсэн нь компанийн эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж дүр үзүүлсэн гэрээ хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн байхад шүүх үүнийг эс анхаарсанд гомдолтой байна.
Тухайлбал, ******* дээрх компанийн захирлаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр томилогдож Улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ компанийн цорын ганц хувь эзэмшигч байсан байдаг. Гэтэл Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус компанийн захирал *******гээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 183/ШШ2022/1288 дугаар шийдвэрээр 100 сая төгрөгийн төлбөр гаргуулсныг ******* *******ад хэлж мэдэгдээгүй нуун дарагдуулсан, өөрийн компаниа 100 сая төгрөгийн өр төлбөрийг халхавчлах зорилгоор *******ад компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийг шилжүүлсэн байсан нь хууль бус болсон. *******ад өөрийн компанийн төлбөрийг төлүүлэх гэсэн санаа агуулсан хууль бус хэлцэл хийсэн байхад шүүх энэ байдалд бодитой үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй байна.
5.3 Гэрээгээр ******* *******ад *******-ийг шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Тухайлбал, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний 4.1, 4.2, 4.3-т заасан гэрээний 3.1,4.1, 4.2, 4.3-т заасан үүргээ зөрчиж ганц ширхэг хадаас, хуудас цаасыг ч *******ад өгөөгүй атлаа өөрийн компанийн 100,000,000 төгрөгийн өр төлбөртэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой материалыг *******ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч нараар далайлган сүрдүүлж төлбөр хариуцуулсан нь илт хууль бус баримтад шүүх дүгнэлт хийсэн байгаа нь хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
6.1 Нэхэмжлэгч талын гомдолд эхнэрийн маань ажил мэргэжлийг дурдан мөн огт танихгүй нотариатыг болон анхан шатны шүүхийн шүүгчийг хүртэл хамаатуулж илтэд бусдыг худал гүтгэж бичсэн байна. Миний хувьд тухайн компанийг шилжүүлэн өгөхдөө ...манай эхнэр албан тушаал дээшлэх гэж байгаа учраас энэ компанийг чи түр өөр дээрээ авчих гэдэг зүйл огт хэлж байгаагүй бөгөөд энэ компанийг өөр дээрээ авчих эргүүлээд би өөрөө удахгүй авна гэж би нэг ч удаа *******ад хэлж байгаагүй. Харин ******* өөрийн ашиг сонирхлын үүднээс гэх хүнтэй харилцан тохиролцож тухайн компанийг надаас шилжүүлэн авсан бөгөөд хэргийн 186 дугаар хуудсанд *******аас гаргасан захирал *******-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, удахгүй буцаагаад авчихна гэхээр нь зурсан гэх, 187 дугаар хуудсанд тухайн өр төлбөрийг тэй ярилцаж хэрхэн төлж барагдуулах талаар тайлбар, мэдүүлгээр нотлогдсон байдаг.
6.2 Мөн нэхэмжлэгч талаас намайг бусдыг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж утга учиргүй худал гүтгэж байна. *******-ийг , гэх хүмүүс гуйсны үндсэн дээр өөрийн нэр дээр 3 сарын хугацаанд л байлгасан бөгөөд нь ...*******-ийг маргааш *******ад шилжүүлээд өгөөрэй бид тохиролцсон цаадах чинь мэдэж байгаа гэсний дагуу л шилжүүлж өгсөн. Миний хувьд тухайн компанийн бусдад төлөх өр төлбөр болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр *******-тай холбоотой шүүх хурал болсон гэдгийг нь огт мэдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж үзэж байна.
6.3 ******* нь гомдолдоо 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар надтай холбоотой өргөдөл гаргасан талаар дурджээ. Тус дүүргийн цагдаагийн газраас өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа холбогдож тайлбар, мэдүүлэг аваагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийг гуйсны дагуу компанийг шилжүүлж авах гэрээнд гарын үсэг зурсан. Бодитоор шилжүүлж аваагүй. Тухайн компани нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй байсан тул хариуцагч нь өр төлбөрөөс зайлсхийх зорилгоор намайг хууран мэхэлж надад шилжүүлсэн. Үүнээс болж миний өмчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг ...*******-ийн гүйцэтгэх захирал байсан 2022 оны 05 дугаар сард ...компанийг *******ад шилжүүлчих, би тохиролцсон байгаа гэж хэлсний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн тул хуурч, мэхлээгүй гэж үгүйсгэсэн.
3. Анхан шатын шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцуулахаар тодорхойлсон. Энэ нөхцөлд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгт хамаарч буй эсэх буюу хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдэх үр дагавар тодорхойгүй байхаас гадна үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгүй, мөн талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Уг нөхцөл байдлыг шүүх тодруулснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан эсэх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэнэ.
4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН