| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0567/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Ж.Г, Т.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Г, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , урьд 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 761 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 545 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 483 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, Ж.Г,
Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , урьд 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 06 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар өмнөх ялыг нэмж 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны 170 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 1998 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 141 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т.Т,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Т нь 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн дээд амнаас хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд 19 ширхэг нарс мод бэлтгэж улмаар байгаль орчин, экологид 2.405.343 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн дээд амнаас 19 ширхэг нарс модыг хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр хөх өнгийн 88-91 УНЗ улсын дугаартай “Хонда портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчин, экологид 2.405.343 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Т.Т-г зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ж.Г, Т.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 02 дугаар сараас мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн дээд амнаас хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд 19 ширхэг нарс мод бэлтгэж улмаар байгаль орчин, экологид 2.405.343 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн дээд амнаас 19 ширхэг нарс модыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр “хөх өнгийн 88-91 УНЗ улсын дугаартай Хонда портер маркийн" тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчин, экологид 2.405.343 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ж.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Т-гийн шүүх хуралдаанд өгсөн “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн аманд Нийслэлийн ногоон бүсийн “Ой сан” бүхий газар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн Ж.Г, Т.Т гэх хоёр хүнийг байгаль хамгаалагч Д.Болор-Эрдэнэ илрүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн, ...Ж.Г, Т.Т хоёр нь байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулсан. Одоо манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Д.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгаль хамгаалагч А.Ганболдын хамтаар Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн зуслангийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоодойн зуслангийн гүүрэн дээр хар хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар зөрөөд өнгөрөхөөр нь А.Ганболд бид 2 тус машиныг гүйцэд түрүүлж очиж шалгахад Ж.Г гэдэг хүн жолоог ганцаараа барьчихсан, машины ачаандаа хар бараан өнгийн бүхээгтэй явж байхаар нь шалгатал 19 ширхэг нойтон нарс мод байсан. Тус хүнээс мод тээвэрлэж явах эрхийг шалгахад ямар нэгэн зохих эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж явсан. ...Ж.Г гэгч нь бид хоёрт тайлбарлахдаа Т.Т гэх хүний модыг тээвэрлэж яваа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...88-91 УНЗ улсын дугаартай “Хонда портер” маркийн тээврийн хэрэгсэл миний өмчлөлийн автомашин байгаа юм. Ж.Г ахыг түр хугацаагаар хэрэгцээндээ унаж байгаарай гээд өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Модны нойтон, хуурайг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, Ой мод сургалт судалгааны хүрээлэнгийн Модны чийглэгийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, модны экологи, эдийн засгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 46 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 47 дугаар хуудас/, 19 ширхэг бэлтгэсэн нарс модыг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Яллагдагч Т.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хууль бус мод тээвэрлэсэн үйлдэлдээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
Яллагдагч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Г, Т.Т нарын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, Т.Т нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэх Нийслэлийн Улсын бүртгэлийн тодохойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/, Ж.Г-ийн гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, Ж.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, ойд учруулсан хохирлыг төлсөн баримт /хх-ийн 47 дугаар хуудас/, Ж.Г-ийн ял шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, Т.Т-гийн ял шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хууль бус буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Г, Т.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Г, Т.Т нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Г, Т.Т нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Т-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Г-ийг зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Хохирогч Д.Төмөрбаатар “...Т.Ту , Ж.Г нар нь ойн санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 106 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Т.Т-, Ж.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т , Ж.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, 19 ширхэг нарс модыг битүүмжилсэн, эд мөрийн баримтаар 1 ширхэг тал хөрөөг хураан авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Г-г зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Т-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр,
Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Г шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, Т.Т шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г,
Т.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ж.Г, Т.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон бариултай тал хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, битүүмжлэгдсэн 19 ширхэг нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Г, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ