Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00647

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

98,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* болон түүний нөхөр ******* нар нь иргэд болон жижиг уурхайгаас байгалийн алтыг манайхаас мөнгө зээлж авч худалдан аваад бид нарт борлуулж, авсан мөнгөө суутгуулдаг бизнесийг 2015 оноос хойш хамтарч хийсэн. ******* өөрийн Хаан банкны ******** тоот дансаар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 14,000,000 төгрөг, нийт 119,000,000 төгрөг зээлж аваад 21,000,000 төгрөг буцаан өгч, үлдэх 98,000,000 төгрөгийг өгөхгүй 2 жил болж байна. 2022 оны зун тооцоогоо дуусгамаар байна гэхэд, үлдсэн 98,000,000 төгрөгтөө хүү бодоод явж бай гэсэн тул хүлээсэн. Мөн ******* ахын өгсөн машиныг 265,000,000 төгрөгт зарж машины урьдчилгаанд өгсөн 200,000,000 төгрөгийг гаргаж аваад, өмнөх өрнөөс нь зөрүү 65,000,000 төгрөгийг нь хассан. Зээл 98,000,000 төгрөг, түүний хүү 51,000,000 төгрөг, нийт 149,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч бичгээр гэрээ байгуулаагүй учир 98,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Авсан зээлийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мессеж чатны үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийн явуулсан алтыг ******* хүлээж авсан, тухайн алтыг зарахад нийт 117,000,000 төгрөг болсон, хүү гэж 1,189,000 төгрөг гэж хасаж, 30,000,000 төгрөгийг ******* нь *******д өгөхөөр болсон гэж тусгагдсан. Автомашины тухайд, ******* нь *******аас нэхэмжлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас зээлийн үлдэгдэл төлбөр 98,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 51,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 902,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 647,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч эхний 80,000,000 төгрөгийг орж ирсний дараа цуглуулж байсан алтаа ******* руу явуулсныг хүлээж аваад 117,486,000 төгрөгөөр зарж энэ мөнгөө суутгаж авсан байдаг. Нэхэмжлэгч нь алт авсан гэдэг дээр маргаагүй, гэтэл шүүх тухайн алтыг урьд авсан өр гэж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дансны хуулга болон хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үгүйсгэж, хөндлөнгөөс оролцон тайлбарласан. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 117,000,000 төгрөгийн алт авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба түүний данс руу хариуцагчаас 50,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, харилцан авсан өгсөн талаарх чат байхад анхан шатны шүүх зээлийг буцаан өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг бүгдийг нь илүү төлөлт хийж төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

117,000,000 төгрөгийн алт нь өмнөх зээлтэй холбоотой байсан энэ талаарх баримтаа өгсөн. 119,000,000 төгрөгийн зээлээс 21,000,000 төгрөгийг төлсөн, бусад мөнгө шилжүүлсэн асуудал нь энэ зээлд хамаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлж барагдуулсан гэж эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 98,000,000 төгрөг, хүү 51,000,000 төгрөг, нийт 149,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан байхад анхан шатны шүүх хүү 51,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар үйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтын хуваарилалтыг буруу дүгнэсний улмаас маргааны үйл баримтад алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3.1. ******* нь *******д 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 14,000,000 төгрөг, нийт 119,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн өгсөн.

Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 117,486,000 төгрөгийн үнэ бүхий алтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч зээлийн төлбөрт 85,490,000 төгрөг, хүүд 1,189,000 төгрөг, нийт 86,679,000 төгрөгийг нэхэмжлэгч суутган авчээ.

Мөн хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, 08 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид түүний банкин дахь дансаар нь шилжүүлэн өгчээ.

 

3.2. Хэрэгт авагдсан зохигчийн банк дахь дансны хуулга, цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдсон болно.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 119,000,000 төгрөгийг дээрх байдлаар өмчлөлдөө хүлээн авсан.

 

4.1. Цаг хугацааны хувьд хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс 80,000,000 төгрөг хүлээн авсны дараа 09 дүгээр сарын 02-ны өдөр 117,486,000 төгрөгийн үнэ бүхий алтыг хүлээлгэн өгсөн. Уг алтны үнээс нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 85,490,000 төгрөг, хүүд 1,189,000 төгрөг, нийт 86,679,000 төгрөгийг суутган авсан.

Үүний дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийг нэмж төлснөөр хүлээн авсан 119,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Өөрөөр хэлбэл, 119,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 136,679,000 төгрөгийг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байна.

 

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас хүлээн авсан алт болон шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг урьд нь хариуцагч болон түүний нөхөрт өгсөн зээлийн төлбөрт тооцсон гэж эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг дэмжсэн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан баримтаар цахимаар харилцсан зурвас, банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт хэрэг авагдсан байхад эдгээр баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэсэн дүгнэлт өгсөн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

Учир нь нотлох баримтын хуваарилалтаар хариуцагчийн төлбөр төлсөн гэх байр суурийг дэмжсэн баримт нь хариуцагч талын урьд нь нэхэмжлэгчээс хүлээн авсан зээл, төлбөр тооцооны асуудалд хамааралтай болохыг баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээнэ.

4.3. Хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* ХААН банк дахь ******** тоот данс руу 150,000,000 төгрөг, ******* ХААН банк дахь ******** тоот данс руу 250,000,000 төгрөг шилжүүлсэн баримтууд авагдсан нь энэхүү хэрэгт хамаарал бүхий баримт болох нь мөн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулж гаргасан 98,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ