| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2023/05658/И |
| Дугаар | 210/МА2025/00648 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00648
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01192 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-д холбогдох,
1,168,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******-тай 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Авто замын далангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* чиглэлийн хатуу хучилттай авто замын LОТ-4 ийн Section-8 аас эхний 10 км буюу 0+000 -оос 10+000 хүртэл далангийн ажлыг 1 км нь 200,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Автозамын далангийн ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй буюу 1,500,000,000 төгрөгийн өртгөөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Цаг агаар хүйтэрсний улмаас замын ажлыг түр зогсоож, 2022 оны хавар үргэлжлүүлэн хийж, тооцоо нийлэн дуусгахаар тохиролцсон боловч ****** нь шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж өөр компаниар уг ажлыг хийж гүйцэтгүүлснээр гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
****** нь гэрээний дагуу 850,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр 650,000,000 төгрөгийг төлөөгүй.
Манай компани автозамын далангийн ажлын гэрээнээс гадна 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түр замын ажил хийсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдөр их хэмжээний бороо орсны улмаас зам болон далан үерт урссаныг 8 хоногийн хугацаанд дайрга зөөж. индүүдэж, нягтруулж түр замын ажил хийсэн. Түр замын ажилд 144,000,000 төгрөг, үерт урссан далан болон бусад ажилд 49,500,000 төгрөг, нийт 193,500,000 төгрөгийг зарцуулсан.
Автозамын далангийн ажлын гэрээний 3.5-д заасны дагуу алданги тооцоход 325,000,000 төгрөг болсон.
Иймд гэрээний үүрэгт 650,000,000 төгрөг, алданги 325,000,000 төгрөг, түр замын ажилд 193,000,000 төгрөг, нийт 1,168,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
****** ХХК нь гэрээнд зааснаар 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ажил үүргээ бүрэн хийж гүйцэтгээгүй. Урьдчилсан байдлаар 975,109,000 төгрөгийг шилжүүлсэн ч гэрээний хугацаа дуусахад ажлыг хийж дуусгаагүй.
Иймд бид ерөнхий гүйцэтгэгч компанид мөн гэрээний дагуу хариуцлага хүлээх болж, гэрээт ажлаа алдах хүртэл эрсдэл үүссэн. Бид өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсны эцэст 2022 онд өөр компаниар дээрх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******-аас 144,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,024,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,997,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 877,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрээг байгуулахад нэхэмжлэгч талаас компанийн захирал ******* оролцож гарын үсэг зурж тамга дарсан, харин хариуцагч *******-ийн захирал ******* баталж гарын үсэг зурж, тамга дарсан атлаа гэрээ байгуулсан дээр ерөнхий инженер ****** зөвхөн гарын үсэг зурсан байгааг шүүх анхаарч үзээгүй.
Нэхэмжлэгч нь ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн ба хариуцагчийг төлбөрөө заасан хугацаанд төлөхийг шаардаж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, карьерын нөхцөл байдлаас шалтгаалан ажил удаашралттай байгаа талаар тухай бүрт нь мэдэгдсэн. Ингээд цаг агаар хүйтэрсний улмаас замын ажлыг түр зогсоож 2022 оны хавар үргэлжлүүлэн хийж, тооцоо нийлэн дуусгахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан 850,190,000 төгрөгийн и-баримтын хуулгаар нотлогддог. Гэтэл шүүх гэрээг захиалагч өөрийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүй.
Гэрээний 2.6-д "Захиалагч талаас хяналтын инженерүүд өдөр тутмын хяналттай холбоотой шаардлагыг тавьж ажиллана гэж тохиролцсоны дагуу ******* ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчид танилцуулж байсан. Үүний дагуу *******-ийн захирал ****** гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ч захирамжийг биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь уг ажлыг хийж гүйцэтгэхэд тоног төхөөрөмж түрээслэн авсан баримтыг өгсөн тул ажлыг цаг тухай бүрт хийж байсан болох нь нотлогдоно.
Шүүгч ******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй Улсын Дээд шүүхэд 2017-2018 онд хамт ажиллаж байсан. Үүнтэй холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж өөрөө татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
"*******" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг болон хавсралтад ******* чиглэлийн авто замын төслийн замын барилгын ажлын гүйцэтгэсэн газар шорооны ажлын хэмжээг нэг бүрчлэн хэмжиж баталгаажуулсан байдаг.
Энэхүү баталгаажуулсан ажлын тоо хэмжээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн бүхий л газар шорооны ажил, түр замын ажлыг нэг бүрчлэн тооцсон бөгөөд тухай бүр нь олговол зохих төлбөрийг төлсөн.
Хэрэгт авагдсан гэх фото зургуудаар тухайн маргаад байгаа түр замын ажлыг хийсэн гэдэг нь тогтоогдох боломжгүй, гэрч нь нийт хийсэн ажлын хэмжээ, хугацаа зэргийг зөрүүтэй мэдүүлсэн байхад нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй.
Хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох зорилгоор хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх "*******" ГХОХХК-ийн нэр бүхий хятад ажилчдыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн ч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хуралдуулсанд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:
Түр замын ажил хийсэн болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Хариуцагч нь 36 хувийн гүйцэтгэлтэй ажлаа хийсэн. Хийсэн ажлын хөлсийг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Гэрчийг асуухад шаардлагатай мэдээллийг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 650,000,000 төгрөг, алданги 325,000,000 төгрөг, түр замын болон бусад ажилд 193,000,000 төгрөг, нийт 1,168,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ****** гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хөлсийг төлсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
2.1. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр ****** нь ******* чиглэлийн хатуу хучилттай авто замд 10 км далангийн ажлыг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 км нь 200,000,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр *******-тай харилцан тохиролцсон ба гэрээний дагуу хийгдсэн ажлын хэмжээд зохигч маргасан.
3. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3.1. ******* ХХК нь ******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг барихдаа ******-тай гэрээ байгуулж, тухайн авто замын тодорхой хэсгийн ажлыг гүйцэтгүүлсэн.
Харин ****** нь туслан гүйцэтгэгч *******-тай 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Авто замын далангийн ажлын гэрээ-г байгуулсан ба энэ гэрээний дагуу хийгдсэн ажлын хэмжээнд зохигч маргасан.
Үүнтэй холбоотойгоор захиалагч ******* ХХК-иас тухайн авто замын ажлаас *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээтэй холбоотой баримтыг гаргуулахаар хариуцагч хүсэлт гаргасныг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2024/18303 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Захирамжийн дагуу ******* ХХК нь зөвхөн ******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлсэн бөгөөд ******-ийн туслан гүйцэтгэгч *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх баримтыг ирүүлээгүй, мөн энэ талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдээгүй.
Иймд хариуцагчийн хүсэлтийн дагуу нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзнэ.
3.2. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар мэтгэлцээний байр суурийг маргааны онцлогт нийцүүлэн чиглүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна.
Учир нь авто замын далан барьж байгуулах ажил нь санхүүгийн тооцоолол, төсөвт өртөг, зардалд суурилдаг тул уг ажлын хэмжээг гэрчийн мэдүүлгээр тогтоохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Болор сар" ХХК ажлын гүйцэтгэлийг баталгаажуулдаг байсан тул тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан.
Гэхдээ уг хүсэлтийн агуулга нь маргааны онцлогоос хамааран гэрчийн мэдүүлэг авхуулах биш харин нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсныг шүүх анхааралгүй орхисон байна.
3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эдгээр зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
4. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч хэргийн оролцогчид татгалзан гаргахтай холбоотой асуудалд мэдээллээр хангах үүднээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй урьд хамт ажиллаж байсан талаар мэдэгдсэн.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ЕШ2024/01975 дугаар захирамжаар хангахгүй орхисон.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4.1. Нэхэмжлэгч болон хариуцагч тал нь гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрч ****** шүүхэд дуудахад шаардагдах мэдээллийг ирүүлээгүй, хариуцагч талын гэрчээр асуулгах БНХАУ-ын иргэн Сү Хао, Гао Пэн нар нь Монгол Улсад оршин сууж буй гэж үзэх баримтгүй тул энэ талаарх зохигчийн гомдлыг хангахгүй.
4.2. Хэргийг шийдвэрлээгүй тул зохигчийн гаргасан бусад гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотлох баримт дутуу бүрдүүлсэн ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,280,450 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 877,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ