Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00741

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03179 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********-д холбогдох,

5,055,555 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-нд холбогдуулан уртын ээлжээр ажиллах хугацаанд 2024 оны 05-06 дугаар сарын илүү цагийн хөлс олгоогүй үндэслэлээр 5,055,555 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь илүү цагийн нэмэгдэл хөлсийг 0.5 хувиар олгох ёстой гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

 

3. ******* нь ********-нд хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд уртын ээлжээр ажиллахдаа 2024 оны 05-06 дугаар сард нийтдээ 112 цаг илүү ажилласан үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт зааснаар 14 хоног үүрэг гүйцэтгэж, 14 хоног амардаг уртын ээлжинд ажиллаж буй ажилтан нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллуулж байгаа тохиолдолд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох талаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцохоор байна.

 

4.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно гэж заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгохоос 1-ийг олгосон тул анхан шатны шүүх илүү цагийн хөлсийг 0,5-аар тооцоолж олгоно гэж үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу тооцоолж 2024 оны 05-06 дугаар сард аваагүй 112 цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 1,685,180 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

Иймд, энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ