Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5972

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 52 тоотод оршин суух Алаг адуут овогт Мөнхбаярын Энхтүвшин /Регистрийн дугаар УХ90062190/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 3 дугаар байрны 7 тоотод оршин суух Боржигин овогт Гүйцэтгэгчийн Лхамсүрэн /Регистрийн дугаар НЭ90020221/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхтүвшин, хариуцагч Г.Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваадолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Алаг адуут овогт Мөнхбаярын Энхтүвшин миний бие 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй. Япон хэл судлал, орчуулагч, дээд боловсролтой. М.Энхтүвшин би 2015 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Гүйцэтгэгчийн Лхамсүрэнтэй харилцан зөвшилцөж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Улсын бүтргэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн, бүртгүүлэх болсон шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын визэнд орохын өмнө Г.Лхамсүрэн нь гэрлэлтээ бүртгүүлбэл хурдан гардаг гэсэн гэж хэлсний дагуу гэрлэлтээ очиж бүртгүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 13-нд бидний охин Э.Үүлэнсолонго төрсөн. Төрөх газраас гараад манай аав, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 59В байрны 21 тоотод амьдарч байсан. Анх удаагаа амьдрал зохиож буй залуу хүмүүсийн хувьд маргах, муудалцах асуудал байдаг байсан. Би бүхнийг өөрийн зөв гэхгүй, надад ч бас буруу байгаа. Би гэр бүлээ тэжээхийн тулд Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн цайны газрын гэрээт ажилтнаар ажилд орсон. Түүнээс хойш /өмнө нь ч бас байсан/ янз бүрийн хүмүүстэй хардах, аав ээж, дүү нартаа мөнгө өгдөг, эсвэл танай 5 настай дүү тэгж хэлсэн, ээж чинь ингэж хэлсэн гэж ярьдгаас болж муудалцах нь улам ихэссэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7 хоногтой охин Э.Үүлэнсолонгыг миний 15 настай дүүд минь орхиод явсан байсан. Энэ өдөр охин маань хөхөөрөө байсан болохоор өлсөж уйлаад би ээжрүүгээ яриад ээж маань дэлгүүрээс сүү, угж зэргийг авч ирж бид хүүхдээ хооллосон. Энэ байдал эх хүн, эмэгтэй хүний сэтгэлгүй зан гаргасан нь охинд минь болон манай гэр бүлийнхэнд хүндээр туссан. Аав, ээж хоёр намайг зэмлэж, нялх биетэй хүнийг битгий гомдоогоод бай гэж загнаад би утсаар ярьж уучлалт гуйж байж шөнө 23 цагт дуудуулж байж ирсэн. Үүнээс хойш Г.Лхамсүрэнгийн ааш авир улам ширүүсч, ажилдаа явахад, ажилруу утасдаад чи яг ажилдаа очсон уу, ажлаа тараад эрт ир гэх мэтчилэнгээр байнга хэрүүл өдөж муудалцах нь ихэссэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны орой охиноо угжих гэхээр нь ээж маань наад хүүхдээ хөхөөр нь хооллооч тэгвэл хүүхэд ядаж эхийн сүүнээс янз бүрийн амин дэм авдаг, дархлаа тогтдог юм гэж хэлсний төлөө надаас сүүгээ харамлалаа гэж хэрүүл өдөөд бид хоёр жоохон маргалдсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөн л намайг ажилтай үед мөн л охин дүү болох 15 настай М.Номинд би ээж дээрээ очоод ирье гээд сар хүрээгүй охиноо 15 цагт орхиж гараад 7 хоног огт ирээгүй. Охин маань яаж байна ч гэж асуугаагүй. Орхиж гарсан өдрийнх нь орой ээж нь яриад та нар яагаад хүүхэд хэмлээд байдаг юм гээд ээжлүү маань ярьсан гэсэн. Ээж маань танай охин үр хүүхдээ боддоггүй, хоёрдахь удаагаа хүүхдээ хаяж явж байна. Би энэ байдлыг нь хараад сууж чадахгүй би өөрөө хүүүхдийн байгууллагад ажилладаг хүн, яасан эх хүний нинжин сэтгэлгүй хүн бэ гэж хэлээд утсаа тасалсан байсан. Энэ хугацаанд  бид ихэд сандарч хөхөөрөө байсан охиноо угжиж асарсан бөгөөд гэдэс нь эвгүйрхэж, шөнө бүр уйлж, шаналж байсан. Тухай бүрт нь бид Г.Лхамсүрэнтэй утсаар ярих гэхэд утсаа аваагүй, охиноо аваад өдөр бүр шөнө 1-2 цагт гэрт нь очиход гэрэл нь асаалттай мөртлөө хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд арга барагдаад аав маань утсаар ярьж та хоёр муудалцдаг л юм байгаа биз, хүүхэд яагаад хохироогоод байгаа юм гэж дуудаж байж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яг сар хүрдэг өдөр нь охиноо ирж аваад явсан. Энэ хугацаанд байнга надруу залгаж, хүүхдийн пампарас, сүү авчирч өг гэж залгаж байсан. Би гурван удаа очиж пампарис, сүү хувцас аваачиж өгөхөд өөрөө гэртээ байхгүй нэг танихгүй эгч /хамаатны эгч гэсэн/ байдаг байсан. Г.Лхамсүрэнтэй утсаар ярихад Би тийм ч баяр тэмдглээд, эсвэл төрсөн өдрөө тэмдэглээд гэж хэлдэг байсан. Ингээд мөн л 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр /битүүний урд өдөр/ би ажилтай, ээж маань дусал хийлгэхээр эзгүй хойгуур миний аав, 15 настай охин дүү, 5 настай дүү гурвыг байхад Г.Лхамсүрэн нь өөрийн ээжийн хамт ирж бид цагаан сарынхаа бууз хиймээр байна, 2 хүүхэд өсгөж тэжээж чадахгүй тэгээд ч би 3 сар хүртэл нь харсан одоо танайх 4 сар хар гэж хэлсэн байсан. Ингээд аав маань надруу залгаж ийм юм боллоо чи чөлөө аваад ир гэсэн. Би чөлөө аваад гэртээ ирэхэд Г.Лхамсүрэн хүүхдээ харах чиний үүрэг, одоо чи хар гэж хэлсэн. Манай аав Г.Лхамсүрэнгийн ээж болон Лхамсүрэнд хүүхэд ямар та нарын тоглоом юм уу бид албан ёсоор авч үлдээд харъя, та нар дахин бид хүүхдээ авна, энээ тэрээ гэж битгий яриарай, нялх хүүхдээ боддоггүй хүн юм аа чи гэхэд Г.Лхамсүрэн, түүний ээж хоёр бид авна гэхгүй та нар ав гэж хэлснээр бид охиныг авч үлдсэн. Ингээд охиноо би өдийг хүртэл харж асарч байгаа. /Би ээлжинд явдаг орой 16 цагаас өглөө 08 цагт буудаагаад охиноо хардаг. Охин дүү маань өдөр хичээлээ тараад 13 цагт ирж хамжин харалцдаг/ Ер нь Г.Лхамсүрэн төрөхөөс нь өмнө байнга хүүхдээ авахуулна гэж орилж хашгирч дайрдаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 14-нд охин угжаа хөхөхгүй, уйлагнаад байхаар нь өөрийн өрхийн эмнэлэгт үзүүлэх гээд Г.Лхамсүрэнтэй утсаар ярьж төрсний гэрчилгээ, эмнэлгийн карт авъя гэхэд би архи ууж яваад хаясан гээд өгөөгүй. Ээж маань охиныг минь хувийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан. Вакциныг нь 2016 оны 03 дугаар сарын 07-нд хийлгэх хугацаа нь байсан ба би удаа дараа нэхээд эрүүл мэндийнх нь дэвтэрийг өгөхгүй болохоор нь Ээж маань харъяа өрхийн эмнэлэг дээр нь очиж эмчээс нь гуйж байгаад вакциныг нь хийлгэсэн. 2016 оны 03 дугаар сарын 12-нд 15 цагийн орчимд гэрт очиж эрүүл мэндийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь авахаар очиж бас охиныгоо нэг ч гэсэн хараг гэж бодож очсон боловч гэртээ байхгүй утсаар ярихад би гадуур явж байна очих болоогүй гэсэн учир би гэрлүүгээ харьсан. Үүний дараа Г.Лхамсүрэн 18 цагийн орчимд надтай утсаар ярьж манай байрны нэг давхарт байдаг “Эрдэнэ” гэдэг дэлгүүрт хүүхдийн бичиг, баримтыг орхиод явсан аваарай гэж хэлснээр би гарч дэлгүүрээс хүүхдийнхээ бичиг баримтыг авсан. Г.Лхамсүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охиноо манайд орхиж явснаас хойш нэг ч утсаар асууж, нэг ч ирж охинтойгоо уулзаагүй болно. Энэ хугацаанд би охиноо өөрөө харж асарч байгаа болно. Одоо охин маань 8 сартай, миний асрамжинд эрүүл, саруул өсөж торниж байна. М.Энхтүвшин би иргэн Г.Лхамсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулахаар, нэхэмжлэл гаргаж байна. Дараах шалтгааны улмаас би Г.Лхамсүрэнгээс салах шаардлагатай байна. Үүнд :

1. Өмнө нь амьдрал зохиож, үр хүүхэдтэй байснаа надаас болон манай гэр бүлээс нуусан. /Би гэрт нь очиж хонож өнжихөд хүүхэд нь гэрт нь ер нь байдаггүй байсан/

2. Миний өмнө нь үерхэж байсан болон найз нөхөд, нэг ангийн охидуудтай хардаж янз бүрийн мессэж бичиж хүмүүсийг доромжилдог.

3. Ажил руу байнга залгаж ажилдаа очсон уу, үгүй юу, утсаа авсангүй гэх мэтээр ажил хийлгүүлэхгүй байдаг.

4. Миний ээжийг үл хүндэтгэн элдэвээр доромжилдог. /гичий,өлөгчин/

5. Өөрийн төрсөн нярай хүүхдээ үл тоон удаа дараа хаяж авсан. Энэ нь эх хүний, эмэгтэй хүний нинжин сэтгэлгүйг нотолж байна.

6. Аав, ээждээ толгойгоо мэдүүлсэн, зарц шиг амьдардаг гэх, мөн цалингаа зарцуулах эрхгүй хэмээн үглэж орилж хашгирч хэрүүл өддөг.Учир нь би аав ээжтэйгээ хамт амьдардаг аав маань цалингийн зээлтэй болохоор би айлын том хүү гэдэг утгаараа ээж аавынхаа өрнөөс бага ч болсон нимгэлэх үүднээс цалингаасаа 100,000 төгрөг  өгдөг. Хааяа 11 дүгээр ангийн охин дүүдээ автобусны картыг нь 10,000 төгрөгөөр цэнэглэж өгөхөөр уурлаж загнадаг.

7. Гэр бүл байх хугацаандаа хоол унд, гэрийн ажил огт хийдэггүй, хайр халамжгүй, хүйтэн хөндий, хүнийрхүү ханддаг. Миний ээж гэрийн бүх ажлыг хийдэг. Г.Лхамсүрэн нь утсаараа оролдоод л сууж байдаг байсан.

8. Бага насны 5 настай дүүг бидний эзгүй хойгуур янз бүрийн юм асууж шалгаагаад хэлсэн ярьсан үгийг нь үг хийж намайг та нар тэгж ярьдаг, ингэж ярьдаг гэж хэрүүл өддөг. Иймээс би охиноо байн байн наашаа, цаашаа эд бараа шиг зөөлгөмөөргүй байна. Миний охины эрүүл мэнд, мөн хүүхэд эсэн мэнд бойжих эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байсан /Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т хүүхэд эрүүл бойжих, аюулгүй орчинд амьдрах хүчирхийллээс ангид байх/ Энэ хугацаанд охиноо нэг ч удаа асууж, уулзаагүй, эх хүний нинжин сэтгэлгүй эмэгтэй.

Г.Лхамсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, Өөрийн охин Э.Үүлэнсолонгыг өөрийн асрамжинд авахыг хүсэж байгаа бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн дагах болно” гэв.

 

Хариуцагч Г.Лхамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваадолгор шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Хариуцагч Боржигин овогт Гүйцэтгэгчийн Лхамсүрэнгийн нэрийн өмнөөс Боржигин овогт Лувсангомбо овогтой Даваадолгор миний бие нь М.Энхтүвшингийн гаргасан нэхэмжлэлд зарим гүтгэсэн худал мэдүүлсэн үг, өгүүлбэрийг эсэргүүцэж мэдүүлэг өгч байна. Лувсангомбо овогтой Даваадолгор миний бие 1957 онд Төв аймгийн Зуун мод хотноо төрсөн. Дээд боловсролтой, сэхээтэн гаралтай. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан.

Мөнхбаярын Энхтүвшин нь 2014 оноос манай гэр орноор үзэгдэж орж гаран, охин Гүйцэтгэгчийн Лхамсүрэнтэй үерхэх болсон. Улмаар тэд гэр бүлийн харьцаанд орсон. 2014 оны 03 сараас эхлэн манай гэр бүлд бидэнтэй амьдрах болсон. Миний бие нь М.Энхтүвшинд Г.Лхамсүрэн нэг охинтой, хүүхэдтэй хүнтэй амьдрахыг зөвшөөрч байна уу, эцэг, эхдээ хэл гэж удаа дараа хэлж байсан. М.Энхтүвшин нь болно, бүтнэ, Цаг нь болохоор би өөрөө аав ээждээ хэлнэ гэж байсан. Энэ үеэс М.Энхтүвшин нь бидний гэр бүлд амьдран, зээ охин Б.Намуунтай цуг л амьдарч байсан. Миний охин Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгт (24цагийн) явдаг боловч 5 дахь өдрийн орой гэртээ ирээд 1 дэх өдрийн өглөө явдаг. Гэтэл М.Энхтүвшин нь хүүхдийг нь огт үзээгүй гэсэн, мөн зуны амралтаар гэртээ л байдаг байсан. М.Энхтүвшин нь Г.Лхамсүрэнтэй хамт цэцэрлэгээс нь хүртэл очиж авдаг байсан даа. Мөн миний мэдээгүй байхад гэрлэлтээ очиж батлуулсан байсан ба М.Энхтүвшиний эцэг Мөнхбаяр нь гэрчээр оролцсон байсан. М.Энхтүвшин нь миний охинтой хамт амьдрах хугацаандаа ажил хийдэггүй, өдөрт 11-14 цаг хүртэл унтдаг, босоод идэж уугаад өдрийг өнгөрөөдөг л хүн байсан. Энэ үедээ урьд нь хамтран амьдарч байсан Гантуяа гэгчтэй нууцаар мессэжээр харьцдаг байсныг миний охин Г.Лхамсүрэн мэдээд уурлаж, муудалцдаг байсан, ингээд Г.Лхамсүрэн, М.Энхтүвшин хоёрт би хүүхэд төрүүлэх арай эрт гэдгийг сануулж байсан. Гэтэл жирэмсэн болсон гэдгээ надад хэлсэн. М.Энхтүвшин нь хүүхдээ төрүүл гэсэн гэсэн. Жирэмсэн болоод 8 сар болоход М.Энхтүвшин нь 2014 онд (8 сард байх) ээжийнхээ төрсөн эгч Ж.Сэргэлэнгийн түрээсээр ажиллуулдаг Улаанбаатар төмөр зам, депогийн цайны газарт хуурамч тогоочийн үнэмлэх өөрөө хэвлэж (найзаараа) аваад туслах тогоочоор орсон. Энэ үеэс М.Энхтүвшингийн ааш авир, өөрчлөгдөн эгч Сэргэлэнтэй нийлж архи ууж охиныг минь янз янзаар хэлж доромжилдог болсон. Гэвч миний охин М.Энхтүвшингийн гэрт очиж дэргэд нь байж хүүхдээ төрүүлнэ гэж очсон. Гэрт нь байх хугацаанд М.Энхтүвшин эхийнхээ хамт байнга үг хэлний дарамт үзүүлэн доромжилдог, мөн төрөх дөхсөн үед ямааны мах өгөх, урьд нь төрсөн чи яав л гэж юундаа ядраав, баашиллаа гэх мэтээр дарамт үзүүлдэг байсан. Энэ үед би байрандаа засвар хийж байсан учир аргагүй эрхэнд эх хүү хоёрын дарамтанд байсан. Энэ бүгдийг М.Энхтүвшингийн эцэг Мөнхбаяр мэддэггүй байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 13-нд охин Э.Үүлэнсолонго нь төрсөн. Төрөхөө хүртэл миний охин байнгын хэл амны доромжлол, сэтгэл санааны хямралд байсан. Төрөх эмнэлэгт очихдоо гэрээсээ явсан ба өвдлөө гэдгийг утсаар хэлснээр Энхтүвшин нь нэг өлгий авчирч өгөөд явсан. Ахиж ирээгүй. Төрөхөөс гарахдаа М.Энхтүвшинд гарна гээд утсаар хичнээн дахин дуудаж байж гэрт нь гарсан. Эмнэлэгээс гараад бантан, шөл цай, байнга дутагдаж сэтгэлийн байнгын дарамтанд байж арга ядаад хоёр ч удаа хүүхдээ орхиж гэртээ гүйж ирсэн. Гэрэл асаагаад шөнө хүүхдээ хөхүүлэхэд нь хүртэл мөнгө төлдөг, гэрэл асаалаа гээд эх нь хүүхдийг нь булааж аваад нөгөө өрөөндөө ордог гэх мэт дарамталж сэтгэлээр унагаадаг байсан. М.Энхтүвшин нь янз янзын охид хүүхэдтэй мессэж бичиж, утсаар ярих гэх мэт ил цагаан, миний охиныг доромжилдог байсан. Мөн эх нь нөгөө өрөөндөө эгчтэйгээ: хүүхдийг нэг нас хүртэл өсгүүлээд салгана гэж ярьж байсныг сонсож байсан. Энэ мэт доромжлолыг тэвчихгүй, Г.Лхамсүрэн нь гэртээ хүүхдээ аваад ирсэн. Эхээс нь учрыг асуухад танай хүүхэд өөрөө явсан. Ахин гэртээ оруулахгүй гэсэн. Харин М.Энхтүвшин нь чи манайд ирж надтай амьдарна гэвэл 1.Ээжээс уучлалт гуй, 2.Би ажлаас ирээд чамтай дуугарахгүй байсан ч болно, 3.Чи миний утсыг барьж ч болохгүй, 4.Цалингаа ээждээ өгнө. Чамд нэг ч төгрөг өгөхгүй, 5.Хүүхдээ 2 нас хүртэл ажил хийхгүй, сургалт дамжаанд ч явахгүй, 6.Гэр цэвэрлэж, байнгын хоол хийх, 7.Машинаа над өг ингэж тохирвол манайд бай гэж хэлсэн. Гэртээ ирснээс хойш нялх биетэй байхад нь байнга мессэжээр дарамтлан, доромжлох, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байсан. Мөн  янз янзын эмэгтэй хүнээр доромжилсон мессэж, утсаар яриулах гэх мэт үйлдэл хийдэг байсан. Энэ бүх үйлдлээс дүгнэлт хийхэд М.Энхтүвшин нь ёс зүйн өндөр доголдолтой, бүүр мэдрэлийн өөрчлөлттэй байж магад. Бас ээж, аавдаа хүүхдээ өргүүлээд эх нь 50 насандаа тэтгэвэрт гарах санаархалтай юм болов уу гэх сэрдлэг төрсөн. Миний охин Г.Лхамсүрэн нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй учир хоёр хүүхэд тэжээх боломжгүй байсан. Мөн хүүхэддээ хайргүйдээ биш, энэ хүнийг хүүхдээ хараад өнчрүүлэхгүй байх гэж найдсандаа охиноо аваачиж өгсөн.

М.Энхтүвшин нь охиноо өөрийнхөө асрамжинд авч, гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа бөгөөд Г.Лхамсүрэн нь нэг охинтой энэ хүнтэй гэр бүл болсон ба тодорхой эрхэлсэн ажилгүй орлого байхгүй. Иймд охин Э.Үүлэнсолонгыг М.Энхтүвшингийн асрамжинд өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ охинтойгоо өөрийн хүссэн цагтаа уулзаж учирч байхыг хүсч байна. Мөн хүүхдийн эрх ашгийг зөрчихгүй байхыг М.Энхтүвшинд сануулах, өсч том болохоор нь охиндоо ээж Г.Лхамсүрэнг зөвөөр ойлгуулахыг хүсэж байна” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтүвшин гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Г.Лхамсүрэн хүлээн зөвшөөрчээ.

Зохигч болох М.Энхтүвшин,  Г.Лхамсүрэн нар 2012 оны 06 дугаар сарын 26-нд гэр бүл болсныг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1110000138 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дэх тал/, тэдний  дундаас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Үүлэн-Солонго /Регистрийн дугаар УА15301307/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 10 дахь тал/, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Тэгш саруул” өрхийн эрүүл мэндийн төвийн  2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт / хавтаст хэргийн 5 дахь тал/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

 

 

Г.Лхамсүрэнгийн охин Б.Намуун нь М.Энхтүвшингийн төрсөн хүүхэд биш болохыг зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болоход Б.Намуун нь гэрлэгчидтэй хамт амьдарч байсан байх тул гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар нэхэмжлэгч М.Энхтүвшин охин Б.Намуун нарын хооронд эцэг, хүүхдийн харилцаа, эрх, үүрэг үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Э.Үүлэн-Солонгыг төрсөн эцэг М.Энхтүвшингийн асрамжид, охин  Б.Намууныг төрсөн эх Г.Лхамсүрэнгийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжилж тогтоолгох шаардлагагүй гэж зохигчид харилцан тохиролцсон тул эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Охин Э.Үүлэн-Солонгыг төрсөн эцгийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эцэг М.Энхтүвшин нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг, эх /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эх Г.Лхамсүрэнд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Алаг адуут овогт Мөнхбаярын Энхтүвшин /Регистрийн дугаар УХ90062190/, Боржигин овогт Гүйцэтгэгчийн Лхамсүрэн /Регистрийн дугаар НЭ90020221/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Үүлэн-Солонго /Регистрийн дугаар УА15301307/-ыг төрсөн эцэг М.Энхтүвшингийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч М.Энхтүвшин хариуцагч Г.Лхамсүрэнг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лхамсүрэнгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Энхтүвшинд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР