| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/07881/И |
| Дугаар | 210/МА2025/00738 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00738
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2025/00738 |
*******, ********, *******,
******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01594 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ********, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,******* 15 гудамж, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******** дугаар гэрчилгээтэй, 480.61 м.кв талбай бүхий газрыг 2004 оноос гэр бүлийн 5 хүний нэр дээр өмчилж, өнөөдрийг хүртэл амьдарч байна.
2007 оны 06 дугаар сард хариуцагч нь манай хашаанд бууж, түрээс төлнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Газрыг чөлөөлж өгөхийг шаардахад түрээс төлнө, удахгүй чөлөөлнө гэдэг боловч түрээсийн төлбөр нэг ч төлөөгүй, сүүлдээ танай хашааг нас барсан нөхрөөс чинь худалдаж авсан гэж илтэд худал хэлж, 30,000,000 төгрөг өгвөл нүүнэ гэж бидний газар өмчлөх эрхэд халдаж байна. Иймд хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарын дагуу ******* холбогдож 800,000 төгрөгөөр хашааны талыг худалдаж авахаар болж маргааш нь нүүж очсон. Тухайн үед ******* нь эхнэр *******, бага хүү ********, бэр н.Лхагвадулам, охин ******* нарын хамт амьдарч байсан.
Нэрээ шилжүүлсний дараа төлбөрийг төлье гэхэд ******* нь хүнээс автомашин авсан, хүн нь мөнгөө нэхээд өдөр шөнөгүй ирээд байгаа гэсний дагуу тухайн өдөр бэлэн 700,000 төгрөг өгч, 2 хоногийн дараа ********гийн хамт Төв аймгийн Аргалант сум руу явж 2 эр хонь авч өгсөн.
Нэр шилжүүлэх асуудлын хувьд ******* нь бичиг баримтаа хаячихсан, удахгүй захиалж аваад нэрээ шилжүүлье гэсээр 2-3 жил болсон. 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талийгаач ******* нь газрыг бэлэглэсэн гэх агуулгатай өргөдөл бичиж, барьцаа болгож эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******, ********, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч нар газрын хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн ч хариуцагчийн нотлох баримтгүй тайлбар татгалзлыг үнэн зөв гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 08:30 минутад ******** нэхэмжлэлтэй, ******* холбогдох иргэний хэргийн шүүх хуралтай байсан бөгөөд хуралд оролцохоор очиход тов өөрчлөгдөж, 10:30 минутын 3 дахь хурал болсон. Тэр даруй шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөн боловч үндэслэлгүйгээр татгалзаж эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж мэтгэлцэх зарчмыг хангаагүй.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж хууль зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Уг хашааг манайх *******аас худалдаж авсан, харин гэр бүлийн бусад гишүүдтэй тохиролцсон зүйлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлоос нотлох баримтын үнэлгээнд холбогдох хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ********, *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,******* 15 гудамж, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, 480.61 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь уг газрын тал хэсгийг 2005 оны 10 дугаар сард *******аас 800,000 төгрөг, 2 хониор худалдан авсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын хуваарилалтыг буруу хийж, маргаанд холбогдох хуулийг хэрэглэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,******* 15 гудамж, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, 480.61 м.кв талбай бүхий газрыг ******* нь өөрийн гэр бүлийн гишүүд болох *******, ********, *******, ******* нарын хамт 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өмчилсөн байх бөгөөд энэ улсын бүртгэл өөрчлөгдөөгүй /хх 12, 33/.
******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан /хх 11/.
3.1. Хариуцагч ******* нь 2005 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх газрыг эзэмшиж, гэр бүлийн хамт амьдарч буй. /хх 28-32/.
3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг заасан.
Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж буй болохоо нотлох үүрэгтэй.
4.1. Маргааны зүйл болж буй газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ******* болон түүний гэр бүлийн гишүүд болох *******, ********, *******, ******* нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан.
Хариуцагч нь уг газрын тал хэсгийг талийгаач *******аас худалдан авсан гэж байгаа боловч ийнхүү харилцан тохиролцохдоо Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүд болох *******, ********, ******* нараас зөвшөөрөл авсан үйл баримт тогтоогдоогүй.
Иймд талийгаач ******* хариуцагчийн байгуулсан гэх газар худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус.
Нэгэнт хариуцагч *******ийн ******* байгуулсан гэрээ нь хууль зөрчиж буюу гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан тул *******ын энэ талаарх нөхцөл байдлыг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаар 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулж тодорхойлсон баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй.
4.2. Мөн хариуцагч нь ******* харилцан тохиролцсоны дагуу 800,000 төгрөг, 2 хонийг *******ын өмчлөлд хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Энэ нотолгооны хуваарилалтыг анхан шатны шүүх нэхэмжлэгч талд ногдуулсан нь үндэслэлгүй.
4.3. Түүнчлэн анхан шатны шүүх талийгаач ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүйгээр энэ үйл баримтад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна.
Учир нь хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг хууль ёсоор эзэмшиж буй эсэх маргааныг шийдвэрлэхэд дээрх үйл баримтын талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгч байж эзэмшил хууль бус эсэхийг тогтооно.
Өөрөөр хэлбэл, энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр зохигчийн хооронд маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.
4.4. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцэж байна.
5. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөр шүүх хуралдаан давхацсаны улмаас анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдлаа шүүхийн өмнө нотлоогүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотолгооны хуваарилалт хийх, эрх зүйн дүгнэлт өгөхдөө гаргасан алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,******* 15 гудамж, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******** дугаартай, 480.61 м.кв талбай бүхий газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ