| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0068/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлнө/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Алтанцэцэгийн Н холбогдох 1929000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2019 оны 06 дугаар сарын 09-нөөс 2019 оны 06 дугаар сарын 10-нд шилжих шөнө БНХАУ-аас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н нь мэдүүлэхдээ: “...Өгнө гээд, Би хятад улсад 12 сард ирээд эхнэрээсээ салаад архи ууж байгаад бичиг баримтаа барьцаанд тавьсан учир бичиг баримтгүй хилээр гарч ирэх боломжгүй болсон. Тиймээс архи ууж байгаад ийм зүйл хийсэн гэв.
Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 3-р хуудас/
Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт, хилийн зөрчлийн карт /хх-ийн 5х, 9-10-р хуудас/
Хил зөрчигчийн ул мөр хүлээлцсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/
ISM программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32-р хуудас/
А.Нын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/
Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
Гэрч О.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг / хх-н 48-50-р хуудас/
Монгол Улсын Хилийн тухай хуулийн холбогдох заалт /хх-ийн 51-р хуудас/,
А.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-60-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч А.Н нь 2019 оны 06 дугаар сарын 09-нөөс 2019 оны 06 дугаар сарын 10-нд шилжих шөнө БНХАУ-аас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
- Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 3-р хуудас/
- Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт, хилийн зөрчлийн карт /хх-ийн 5х, 9-10-р хуудас/
- ISM программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32-р хуудас/
- А.Нын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би урд Хятад хүмүүстэй маргаад, намайг ална, хүний машины эд анги алдчихсан гээд мөнгөө нэхээд паспортгүй байсан болохоор яаж ийгээд Монголруу явъя гэж бодсон. Би Хятадын “Ганц мод” боомтыг баруун талаар нь тойроод Монгол руу алхчихсан ... Би нийт 3 тор давсан. Эхний торыг давсан, 2 дахийг нь ярж байгаад дундуур нь гарсан, 3 дахь торон дээгүүр нь давсан...” мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/,
Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг: “....2019 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед ”Баялаг говь” хүнсний дэлгүүрээ нээгээд байж байхад нэг залуу орж ирээд ”урдаас хил даваад ороод ирлээ, хүний нутагт шоронд орж байхаар нутагтаа шоронд оръё” гэж хэлсэн. Урд Өвөр-Монгол хүнтэй маргалдсан юм шиг ярьсан. Тэгэхээр нь би ”чи Монголын хилийг хэрхэн давсан юм бэ” гэхэд ”хажуугаар нь тойроод гараад ирэхгүй юу” гэж хэлээд, гараад хот явах 76-56 УНЗ дугаартай машинд суугаад явсан. Тэгээд би шууд Гашуун Сухайт боомтын дарга, хошууч Нямсүрэнд утсаар хэлсэн...”мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч О.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг: “...А.Н нь Хилийн 703 дугаар тэмдгийн баруун талаар 500-550 метр орчим газраар улсын хилийн торон саадыг даван хууль бусаар хил нэвтэрсэн байсныг тогтоосон…” мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1-т заасан “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн” гэх заалтыг зөрчсөн /хх-ийн 51-р хуудас/,
Яллагдагч А.Нын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-60-р хуудас/,
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 73,500 төгрөг гарсан, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Ныг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.Н нь тэнсэгдсэн 6 /зургаан/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 73.500 төгрөг гаргуулж Гашуун сухайт боомтын хилийн тагнуулын албанд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА