Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 29

 

                 Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                 хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох

 “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг цалингийн суутгасан үнийн дүнд нийцүүлэн нөхөн төлүүлэх” шаардлагатай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Батчимэг, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Дорждулам  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Би Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 6/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Надад ажил үүргийн дагуу байгууллагаас хариуцуулсан эд хөрөнгө болох компьютер нь 02 дугаар сарын 18-ны өдөр маш их вирустэй болж ажил хийх боломжгүй, гацах зэргээр ажил хийхэд хүндрэлтэй болсон. Би тус компьютерийг хэн дуртай нь хамаагүй ашиглаж байсан учир би хариуцсан эд хөрөнгийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжинд заасны дагуу бүрэн бүтэн байдалд нь анхаарал тавьж паспортыг нь сольсон. Компьютер дээр ажиллах шаардлагатай ангиудын багш нар өөр өөрийн хариуцсан компьютертэй байдаг. Гэтэл 02 дугаар сарын 18-ны өдөр туслах багш Орхонсүрэн нь миний хариуцсан компьютерийн кодыг асуухаар нь би өгөөгүй. Учир нь Баянзул багштай бага бүлгийн туслах багш Орхонсүрэн нь тус бүлэгт хариуцуулан

өгсөн компьютер дээр ажиллах ёстой байдаг. Гэтэл туслах багш Орхонсүрэн нь миний хариуцсан компьютер дээр ажиллана гэж уурлаад намайг цэцэрлэгийн коридорт ажлаа хийгээд явж байхад чи энд ажиллах ёсгүй, хулгайч, түмний хүүхдийн нэрийг бузарласан, хоногийн хоол гуйдаг, чамайг зодох нь битгий хэл яасан ч яадаг юм гэж шүд амаа зууж, хуруугаараа заналхийлж, чичлээд ар нуруу руу цохиход нь хананд гараа цохиж тохой шалбарсан. Тухайн үед цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, хүүхдүүд, эрхлэгч нар байсан. Миний бие туслах багш Орхонсүрэнтэй нэг ч удаа хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй, хариу үйлдэл хийгээгүй, тэр хүнээс айснаасаа болоод ажлаа орхиод гараад явсан. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/06 тушаалын хамтран ажиллагчийнхаа ажиллахад нь санаатайгаар 2-3 өдөр саад учруулсан гэж бичсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Т.Дэлгэрмаа би ажил хийхэд нь нэг ч хоног саад болоогүй. Хамт ажилладаг ажилчныхаа ажил үүргээ гүйцэтгэх явцад нь ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл байхгүй. Миний бие хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж надад сахилгын арга хэмжээ авсан тушаалыг авах гэтэл цэцэрлэгийн эрхлэгч П.Батчимэг надад тушаалыг уншиж танилцуулсан бөгөөд тушаалыг бичгийн хэлбэрээр авах гэтэл надад өгөөгүй учир өөрийн гар утсан дээрээ тушаалын зургийг авч нэхэмжлэлд хавсаргасан.

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхонсүрэн багш надаас компьютерийн код асуусан. Тэр өдөр компьютер маань вирустчихсэн гацаад байхаар нь компьютерийн код сольсон. Ахлагч тогооч Пүрвээд код сольчихсон шүү гэж хэлсэн. Намайг хогоо асгаад шатан дээр явж байхад Орхонсүрэн багш надаас код асуухад нь би мэдэхгүй гээд код хэлж өгөөгүй. Гал тогооныхон эрт тараад явсан байсныг нь мэдээгүй. Та Пүрвээгээс асуу гээд явуулсан. Намайг шатаар гарч амжаагүй байтал араас гараад ирсэн. Үүнээс болж асуудал үүссэн. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

2. Т.Дэлгэрмаа миний 2016 оны 02 сарын цалингаас эхлэн 3 сарын хугацаанд үндсэн цалингаас 20 хувиар бууруулан суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах,

3. Миний 2016 оны 02 сараас гурван сарын хугацаанд 20 хувиар суутгаж авсан цалингийн үнийн дүнд нийцүүлж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжпэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч П.Батчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч хэдий түр орон тоон дээр ажиллаж байсан ч гэсэн өөрийнх нь хүсэлтийнх дагуу туслах багшаар ажиллуулсан. Туслах багшийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Энэ маргаан болохоос өмнө манай хамт олон харьцангүй тайван тус тусынхаа үйл ажиллагааг сэтгэл тайван явуулж байсан. Энэ маргаан болсноос хойш таагүй байдал үүссэн. Байгууллага хамт олны нэр хүндэд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулах зөв юм гэж үзсэн. Энэ байдал нь тухайн ажилтан албан хаагч дээр зөрчил гаргасан тухайд нь арга хэмжээ авч хариуцлага тооцох нь зөв юм гэсэн зарчмыг баримталж ажилласан. Энэ тухай ажилчдынхаа хурал дээр бүх ажилчиддаа давхар сануулж анхааруулсан байгаа. Энэ 2 багшийн ёс зүйн зөрчил гаргасан хариуцлага тооцох нь зүйтэй юм гэж хамт олны хурал дээр хэлж багш ажилчдын саналыг авч тухайн арга хэмжээг авсан. Тийм учраас өөрийнхөө энэ гаргасан шийдвэрийг багшийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.3 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас тухайн ажилтанд хариуцлага тооцох нь зөв юм. Миний гаргасан шийдвэр үндэслэлтэй ... гэжээ.

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Тавдугаар цэцэрлэгээс 328.596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дэлгэрмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Т.Дэлгэрмаагийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн, даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Тавдугаар цэцэрлэгт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Тавдугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.508 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.     

Хариуцагч Хархорин сумын Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Батчимэг давж заалдах гомдолдоо:

Сум дундын Шүүхийн 2016.08.19-ны өдрийн 236 дугаар шийдвэр нь "Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ингэж дүгнэж байгаа үндэслэл нь Сум дундын шүүхийн дээрх шийдвэрт "нэхэмжлэгч Түдэвдоржийн Дэлгэрмаа нь дээрх сахилгын шийтгэл ногдуулах тушаалд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч дээрх тушаалынхаа үндэслэлийг нотолсон талаархи баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй" гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх ийм дүгнэлт хийхдээ хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлгүй үлдээж зөвхөн нэхэмжлэгчийн хэрэг учралын талаар буруу мэдээлэл өгсөн тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчийн төлөөлөгч эрхлэгч П.Батчимэг би хэргийн нотлох баримт 2016 оны 05 сарын 17-нд хариу тайлбар, 2016 оны 02 сарын 22-ны өдрийн эрхлэгчийн дэргэдэх удирдлагын зөвлөлийн болон ажилчдын хурлын тэмдэглэл, байгууллагынхаа Хөдөлмөрийн дотоод журам /19 нүүр/, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм /4 хуудас/ хавсарган өгсөн.

2016 оны 05 сарын 25-нд тус шүүхэд гэрч асуулгах хүсэлт гаргаж гэрч асуулгасан. Нэхэмжлэгч  Т.Дэлгэрмаагийн гаргасан ёс зүйн зөрчлөөс шалтгаалж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд дараах хохирол учирсан. Үүнд:

1. Эрхлэгч П.Батчимэг би тухайн өдөр тайван байдал алдагдснаас хийж байсан бичиг хэргийн ажлаа шөнийн 01 цаг хүртэл сууж хийсэн.

2. Ажлын байран дээр багш ажилчид, үйлчлүүлэгчдийн өмнө хэрүүл маргаан хийснээс шалтгаалж манайхаар үйлчлүүлж буй эцэг эхчүүдийн итгэл буурсан. Тухайлбал: Эцэг эхийн зөвлөл, заах аргын нэгдлийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт ажлуудад эцэг эхийн оролцоо суларсан.

Үүнд:  2015.10.25 "Будааны ашиг тус" хоолны амталгаанд-  120  эцэг эх,

            2015.11.01 Гар бөмбөгийн тэмцээнд 120

            2016.03.18 “Дөрвөн бэрх” тэмцээнд 26

            2016.04.22 Гадаа талбайн баяжилт, машины зогсоол хийх 42

            2016.05.20 “АХА” тэмцээн

2016.05.26 "Бүтээлчээр сэтгэж, уралцгаая" уралдаан 28 "Номын далайд дусал нэмэрлэе" уралдаанд 28 эцэг эх, асран хамгаалагч тус тус оролцсон.

3.  Хийсэн ажил, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх, удирдлага болон хамт олны хурлын шийдвэрийг хүндэтгэн үзэх, удирдах удирдуулах, хүндэтгэх харилцаа хандлагад буруу үлгэр үзүүлж, хамт олны төлөвшилд нөлөөлж байна.

Жнь: Тухайн цэцэрлэгийн эд хөрөнгө бол нийт ажилтны дундын хэрэглээний зүйл байдаг. 04 кодтой компьютерийн бүрэн бүтэн байдлыг нь /тогооч нарт/ тодорхой хүнд хариуцуулдаг боловч ашиглалтын хувьд цэцэрлэгийн нэр бүхий 3 ажилтны ажил үүргээ хэвийн явуулахад зориулагдсан байдаг. Гэтэл Т.Дэлгэрмаа нь хамтран ашигладаг ажилтанд ашиглах боломж олгохгүй, компьютер дээр ажиллах боломжтой цаг бүрт компьютер дээр ажиллаж, ажиллаагүй үедээ паспортжуулж хамт ашигладаг ажилтан паспортыг асуухад хэлэхгүй, хэрэгтэй мэдээллүүдээ плашинд хуулаад өгөөч гэж гуйхад хуулж өгөөгүй бөгөөд тухайн ажилтны компьютерт хадгалагдаж байсан бичиг хэргийг устгасан байсан.

4.  2016.08.19-ны анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч Энх-Амгаланг “Хэргийн материалуудаас шинжлэн судлуулах ямар бичгэн баримт байна вэ?” гэж асуухад Хариуцагч П.Батчимэг би БСШУЯ-ны сайдын тушаал Багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын заалтууд, гэрчүүдийн
мэдүүлгүүд зэргийг шинжлэн судлуулах хүсэлт тавьж шинжлэн судлуулсаар байхад хариуцагч талын гаргаж өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэгийг үнэлэлгүй үлдээж зөвхөн нэхэмжлэгчийн хэрэг учралын талаар буруу мэдээлэл өгсөн тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийлгүйгээр шийдвэр
гаргасан гэж үзэж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Т.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

            Хариуцагч нь Анхан шатны шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” гараагүй байна гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдын эрх үүргийг хуульд заасны дагуу ямар нэгэн ялгаварлалгүйгээр эрх тэгш хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, мөн 25.2.2, 38.1-д заасны дагуу хэргийн оролцогчдын зүгээс хангалттай эотлох баримт гаргаж өгөх, маргах хугацааг шүүх олгосон. Харин хариуцагчийн магаж буй үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдоогүй. Мөн хариуцагч нь Давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд нэг ч удаа хэлж, ярьж байгаагүй үндэслэлийг шинээр дурдаж, эдгээр үндэслэлээ нотлогдсон мэт бичсэн боловч уг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдоогүй, мөн нотолсон баримтыг ч шүүхэд гаргаж өгөөгүй. Миний бие Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдэлж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэтэл хариуцагчийн давж заалдах гомдолд хийсэн ажил хэлсэн ажилынхаа төлөө хариуцлага хүлээх удирдлага болон хамт олны хурлын шийдвэрийг хүндэтгэн үзэх, удирах удирдуулах хүндэтгэх харилцаа хандлагад буруу үлгэр үзүүлж хамт олны төлөвшилд нөлөөлж байна гэсэн нь миний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хуулиас давсан шаардлага надад тавьж байна гэж үзэж байна. Харин энэхүү хамт олныг зөв удирдан зохион байгуулах нь удирдлагын менежерийн ур чадвартай холбоотой. Цаашилбал хариуцагчийн гомдолд нэхэмжлэгчийн хэрэг учралын талаар буруу мэдээлэл өгсөн тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан ... гэжээ. Миний бие шүүхэд тайлбар гаргаж өгөхдөө хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үнэн зөв тайлбар өгсөн. Энэ тайлбараа ч давж заалдах шатны шүүхэд бүрэн дэмжиж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Миний бие ганц бие өрх толгойлсон эх бөгөөд удирдлагын үндэслэлгүй цалин мөнгөнд халдан гаргасан удаа дараагийн шийдвэрийн улмаас ар гэр үр хүүхэдтэйгээ хамтдаа хохирч оюутны төлбөр, цалингийн зээлээ ч төлж чадахгүй, өр зээлэнд дарагдаж ажил амьдралын орчиноо ч сэтгэл санааны гүн дарамтанд байсаар байна. Мөн миний бие ар гэрийн санхүүгийн гачигдал зардал мөнгөний бололцоогүй байдлаас шалтгаалж энэхүү хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.      

           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан 2016 оны б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2016 оны 02 сарын цалингаас эхлэн 3 сарын хугацаанд үндсэн цалингаас 20-н хувиар бууруулан суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, суутгаж авсан цалингийн үнийн дүнд нийцүүлж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж үнэлнэ. Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа явдал юм.

Гэтэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй тул давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээн, гомдлыг хангаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа нь маргаж байгаа үйл явдал болох үед буюу 2016 оны 2 сарын 18-ны өдөр Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж, тухайн албан тушаалын цалин хөлсийг авч байсан нь Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн б/34 тоот тушаал /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, цалингийн тооцооны хүснэгт /хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар туслах багшийн ажлыг түр хугацаагаар хийж байхад ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасныг зөрчсөн тул надад туслах багшийн хувьд үүрэг хүлээлгэж сахилгын арга хэмжээ авах боломжгүй” гэжээ /хавтаст хэргийн 182 дугаар хуудас/.

Ажил олгогч нь Т.Дэлгэрмааг туслах багшийн ажлыг хийхийг шаардаагүй, ажилтан өөрийн хүсэлтээр уг ажлыг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/. Нэгэнт тухайн ажил үүргийг /өөрийн хүсэлтээр/ хийж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журам, “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрмаа нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь гэрч Т.Орхонсүрэн, Ц.Цэцэгмаа, Л.Должинсүрэн нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 98-105 дугаар хуудас/, ажилчдын хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тул хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин  сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтын “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг “...Түвдэндоржийн Дэлгэрмаагийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн цалингаас суутгал хийсэн мөнгийг буцаан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг цалингийн суутгасан үнийн дүнд нийцүүлэн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

  2 дахь заалт болгон “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Дэлгэрмаагаас 10508 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн шийдвэрийн  тогтоох хэсгийн 2,3,4 дэх заалтуудыг хасч, 5 дахь заалтыг 3 дахь заалт болгон хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Батчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Монгол улсын дээд шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ

                                                                                         Г.УЛАМБАЯР