Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01627

 

З.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1811 дүгээр магадлалтай,

           З.Нын нэхэмжлэлтэй

           М.Бд холбогдох

           11.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Б, нарийн бичгийн даргад Б.Дүүрэнжаргал  нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014-04-26-ны өдөр М.Бтай харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулж, 7 сая төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Гэвч М.Б нь 7 сая төгрөгийг хүү 1 120 000 төгрөгийн хамт төлөөгүй. Гэрээний 3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан, 2014-12-26 хойш алдангийг 3,5 сая төгрөгөөр тооцно. Иймд үндсэн зээл 7 сая төгрөг, 8 сарын хүү 1,120 сая төгрөг, алданги 3,5 сая төгрөг нийт 11.620.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Би З.Нтай зээлийн гэрээ байгуулаагүй, энэ нь  дүр үзүүлэн хийсэн гэрээ. Би 2014-03-25-ны өдөр “Гурвалжин 2” барилгын материалын захад Б-58 дугаартай лангууг ажиллуулах гэж байсан. Гэтэл З.Н нь 7сая төгрөгөөр худалдаж авъя гээд бид хоёр худалдах-худалдан авах гэрээ хийе гэж ярилцсан.Гэвч З.Н лангуу зарсан гэдгийг “Гурвалжин 2” барилгын материалын захын захиргаа мэдвэл миний нэр лүү шилжүүлж өгөхгүй, тиймээс зээлийн гэрээ хийе, дараа нь би олон юм ярьж асуудал гаргахгүй гэхээр нь зээлийн гэрээ байгуулж лангуугаа худалдсан. Тухайн үед 2014-12-21-ны өдөр шинэчилсэн гэрээ байгуулахаар З.Нын нэр дээр шилжүүлж өгөх ёстой байсан. З.Н надаас лангуу авсны дараа илүү их мөнгө олох зорилгоор н.Жамьянсүрэнд давхар түрээсэлсэн байсан. Ингэж давхар түрээс хийж болохгүйг З.Н мэдэж байсан боловч н.Жамьянсүрэнтэй маргаан үүсгэж лангуугаа хураалгасан үйл явдал болсон. Би 7сая төгрөг З.Наас зээлээгүй, лангууны түрээслэх эрхээ худалдсан. Уг зээлийн гэрээг “Ийли” ХХК-ийн Б-58 дугаартай лангууг түрээслэх эрхийг худалдах-худалдан aвах зорилгоор байгуулсан бөгөөд уг гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх  М.Бгаас 7сая төгрөгийг гаргуулан З.Нд олгож, нэхэмжлэлээс 4 620 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 190 төгрөгөөс илүү төлсөн 3 320 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 200 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Бгаас 126 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 14-ний өдрийн 1811 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07 -ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Бгаас 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 620 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Хариуцагч М.Б хяналтын гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014-06-03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт болон гэрч Д. Амаржаргалын мэдүүлгээр зохигчид дээрх зээлийн гэрээг “ИИЛИ” ХХК-ний Б-58 дугаар лангууны түрээсийн эрхийг худалдах-худалдан авах зорилгоор байгуулсан болох нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Харин би захыг ашиглалтанд орохоос өмнө лангууныг түрээсийг урьдчилан төлж байсан, даатгал төлсөн. Ашиглалтанд орсны дараа түрээсийн төлбөрүүд төлсөн гэх мэт надаас маш их зардал гарсан. Уг лангууг З.Нт худалдан авч 1 жил гаруй түрээслэн орлого ашиг олчхоод, дахин 1 жил гаран огт чимээгүй байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. 7 сая төгрөгийг буцааж З.Нд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. З.Нт нь Б-58 дугаар лангууг түрээслэн ажиллуулж ашиг орлого олсон, анх  өөрөө худалдаж авъя гэж ирсэнээс дүгнэхэд би үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Иймд  магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       З.Н 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.000.000 төгрөг, 8 сарын хүү 1.120.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг нийт 11.620.000 төгрөг М.Бгаас шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө зээлээгүй, харин лангуу түрээслэх эрхээ 7.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсан ...лангуугаа ашиглаж байгаад түрээслүүлэгчид хураалгаад мөнгөө буцааж шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ.

       Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.

       З.Н зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх 1/ бөгөөд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо  зээлийн гэрээний үүрэг шаардах итгэмжлэлийг Б.Батмөнхөд олгосон /хх 106-107/ байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлээр Б.Батмөнх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зээлийн гэрээтэй холбоотой тайлбар, шаардлага гаргах эрхтэй байна.       

       Б.Батмөнх З.Ныг бүрэн төлөөлөх эрхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс түрээсийн гэрээтэй холбоотой тайлбар /хх142-145/ авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-г зөрчжээ.

        Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдсон талаар  давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байна.

       Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 7.000.000 төгрөг гаргуулсан нь баримтад үндэслэгдээгүй байна. 

       Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгов.

        Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа З.Н Ийли ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байсан үйл баримт буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01341 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1811 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 126.950 төгрөгийг М.Бд захирамжаар буцаан олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ