| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0432/З |
| Дугаар | 001/ХТ2025/0005 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/0005
“Э э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн
Татварын хяналт шалгалтын тасгийн
татварын улсын байцаагч Ж.С,
Б.О нарт холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0712 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0706 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ж.С, Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Я.А нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2025/0003 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хянахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Э э м” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Э э м” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх удирдамж, томилолтоор шалгалтыг хийж 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч О.Т нь компанийн хувьцааг иргэн Ө.Б-с 100 хувь шилжүүлэн авч, эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхдээ татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж 75,000,000 төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 төгрөгийн торгууль, 15,000,000 төгрөгийн алданги, нийт 112,500,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар тогтоолоор маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Тухайн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Б-с 250,000,000 төгрөгөөр нийт 100 хувийн хувьцаагаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр О.Т-т шилжүүлж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад татварын байцаагч нар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2-т заасан эрхийг зөрчсөн. 250,000,000 төгрөгөөр хувьцаагаа шилжүүлж байгаа тохиолдолд компанийн зүгээс эрх борлуулалт үйлдсэний орлогод 30 хувиар татвар ногдоно, үүнийг төлөөгүй гэж үүнд холбогдох торгууль, алданги, нийт 112,500,000 төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нь үндэслэлгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвараа тайлагнах үүрэг нь компанийн хувьцаа худалдан борлуулсан иргэнд хамаарахаар байна. Мөн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг нь баталж хүчингүй болгосон. Ө.Б ямар нэгэн орлого олоогүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч О.Т нь компанийн хувьцааг Ө.Б-с 100 хувь шилжүүлэн авч, эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар 250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхдээ татвар төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, 8.2.2, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчсөн тул хариуцлага ногдуулсан. Татварын ерөнхий хуулиар орлого хүлээн зөвшөөрнө гэдэг нь гэрээ хэрэгжсэнээр орлогыг хүлээн зөвшөөрдөг. Гэрээ хэрэгжиж улсын бүртгэлд бүртгэлүүд нь бүрэн хийгдсэн байдаг. Төлбөрийн нөхцөлийг тухайн үед О.Т нь Ө.Б-д бүрэн өгч барагдуулсан талаар ярилцлагын тэмдэглэлд тайлбарласан. Ө.Б-ийг орлого олоогүй гэх үндэслэл байхгүй. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтад бус зөвхөн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ хяналт шалгалт хийгдээгүй бол худалдах, худалдан авах гэрээ цуцлагдахгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0712 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, Б.О нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Маргаан бүхий акт нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00363 дугаар захирамжаар Ө.Б-ийн нэхэмжлэлтэй, О.Т-т холбогдох “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, “Э э м” ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд дээрх шүүгчийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон гэрээ хэрэгжиж, Ө.Б-ийг орлого олсон гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий актыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
5.2.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2-т зааснаас үзвэл олсон орлогод татвар ногдуулах нь татвар ногдуулах үйл ажиллагаанд баримтлах шударга байх зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, “Э э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б нь тус компанийн хувьцааг О.Т-т 100 хувь шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олох гэсэн боловч үр дүнд хүрээгүй буюу орлого олоогүй болохыг шүүгчийн захирамжаар тогтоож, “Э э м” ХХК-ийн хувьцааг буцаан олгосон байх тул түүнийг эрх борлуулж орлого олсон гэж үзэж, түүний олоогүй орлогод 30 хувиар татвар ногдуулах үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0706 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 8 дугаар зүйлийн 8.2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Маргаан бүхий акт хуульд нийцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 363 дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, “Э э м” ХХК-ийн 2019 оны зөрчилд холбогдуулан нөхөн ногдуулалтын акт тогтоосон байх атал цаг хугацааны хувьд үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах” 01 дүгээр гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа бий болсон нөхцөл байдлыг үндэслэн өмнө нь гаргасан зөрчлийг үгүйсгэж, эрх бүхий албан тушаалтны гаргасан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй байх, шударга байх зарчимд нийцэхгүй.
6.2.Уг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн асуудал нь энэхүү захиргааны хэргийн хувьд маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахгүй ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцээгүй байна” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
7.1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “албан татвар” гэж, хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг; ойлгохоор заажээ. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00363 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Ө.Б-ийн нэхэмжлэлтэй, О.Т-т холбогдох “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, “Э э м” ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан.
7.2.Тодруулбал, гэрээнээс татгалзсанаар хүлээн авсан гэрээний гүйцэтгэлийг буцаан олгох буюу компанийн хувьцааны эзэмшигч статусын хувьд хэн аль нь гэрээ байгуулахаас өмнөх анхны байдалд очно. Энэ тохиолдолд Ө.Б, О.Т-ээс компанийн хувьцааг буцаан авч эрх зүйн байдлын хувьд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөхтэй ижил болсон тул дээрх хуулийн “... бусдад шилжүүлэх замаар ...”, “... эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар” гэсэн үйлдлүүд хийгдээгүй, “... олсон орлого ...” гэж байхгүй тул түүнд татвар ногдуулсан нь үндэслэлгүй болсон бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга байх” зарчимд нийцэхгүй. Хэрэв хариуцагч нарын шийдлээр тогтоовол иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэн компанийн хувьцааг буцаан шилжүүлэх үед дахин татвар төлөх бөгөөд энэ тохиолдолд компанийн хувьцаа анх байсан эзэмшигчийн өмчлөлд эргэн орохдоо 60 (30+30) хувийн татвар төлөх нөхцөл байдал үүсэхээр байна.
7.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсэгт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуульд байхгүй 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг баримталсан. Үүнээс гадна нөхөн ногдуулалтын актад Зөрчлийн тухай хуульд байхгүй 11.19 дүгээр зүйлийн 19.1.1.1 болон маргаанд хамааралгүй Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 (татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн)-д заасныг үндэслэсэн тул хууль бус болно. Түүнчлэн, нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэснийг зөрчиж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзвэл түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх буюу торгууль, алдангийг ногдуулах ба дээр дурдсаны дагуу татвар төлөх үндэслэлгүй, нөхөн татвар нь шийтгэл биш тул зөрчлийн хариуцлагад хамааруулахгүй болохыг давж заалдах шатны шүүхээс зааглаагүй шийдвэрлэсэн.
7.4.Мөн магадлалын Хянавал хэсгийн 3.3-т “нэхэмжлэгч хяналт шалгалтын үед тус гэрээний биелэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр” гэж гэрээний үүргийг биелүүлсэн тухайд дүгнэсэн нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
7.5.Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмнө нь уг хэрэгтэй адил төстэй маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шийдвэрлэсэн байгааг харгалзан үзнэ үү” гэсэн үндэслэлийг нэмж гаргав.
8.Хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авав.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
11.Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Э э м” ХХК нь “ашигт малтмалын ашиглалт эрхлэх” үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцааг 250,000,000 төгрөгөөр иргэн О.Т-т худалдсан, үүнтэй холбоотойгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, нэхэмжлэгч нь орлогын албан татвар төлөөгүй, мөн татвар суутган төлөөгүй болох нь тогтоогджээ.
12.Хариуцагч нар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн 2019-2021 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, улмаар тус компанийг “250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:” гээд 8.1.2-т “эрх борлуулсны орлого” гэж, 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна:” гээд 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:” гээд 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн ... 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн (2017 оны) 11.19 дүгээр зүйлийн 1.2,[1] Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 75,000,000 төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 төгрөгийн торгууль, 15,000,000 төгрөгийн алданги, нийт 112,500,000 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
13.Энэхүү актын хууль зүйн үндэслэлийн талаар нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолд “Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэсэнд нийцсэн тул хууль ёсны байна” гэж дүгнэсэн байдаг.
14.Түүнчлэн, нэхэмжлэгчийг эрх борлуулсны орлого олсон гэж үзэж буй компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан; 2019 оны Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул хяналтын шатны шүүхээс маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болох 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэрхэн ойлгох, хоёр шатны шүүх хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгнө.
15.Хариуцагч нар нэхэмжлэгчийг татвар “суутган төлөх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан бол хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг “татвар суутган төлөгч биш, харин эрх борлуулсны орлого олсон тул татвар төлөгч юм” гэсэн зөрүүтэй тайлбар өгөв.
16.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэснээс үзвэл аж ахуйн нэгж орлого олсон бол татвар төлөх буюу “татвар төлөгч” болох, харин орлого олоогүй ч хуульд заасан тохиолдолд “суутган төлөгч” байхаар заасан. 7 дугаар зүйлийн 7.3-т “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:” гээд 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.3.2-т “хөрөнгийн орлого”, 7.3.3-т “хөрөнгө борлуулсны орлого” гэж, 8-10 дугаар зүйлд эдгээр орлогын төрлийг тухайлан зохицуулсан бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан “эрх борлуулсны орлого” нь албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод хамаарахаар, 8.2-т эрх борлуулсны орлогод ямар орлого хамаарахыг заасан байна.
17.Дээрх хуулийн зүйл, заалтын зорилго, системчлэлээр тайлбарлавал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан “эрх борлуулсны орлого”-ыг тухайн аж ахуйн нэгж өөрөө олсон тохиолдолд, тодруулбал 8.2-т зааснаар өөрийн эзэмшлийн эрхийг бусдад шилжүүлснээс орлого олсон, эсхүл хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар ... эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ тухайн татварыг 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн ... 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ”, 21.7-д “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэсний дагуу татвар төлөгч өөрөө биш харин “суутган төлөгч” буюу эрх/тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр байна.
18.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд”-ийг хэлнэ. Энэхүү хуулийн урьдчилсан нөхцөлийн дагуу суутгагч нь аж ахуйн нэгжид “орлого олгосон” буюу шилжүүлсэн байх, ингэснээр тухайн аж ахуйн нэгж нь “албан татвар төлөгч” болсон тохиолдолд түүний төлөх ёстой татварыг өмнөөс нь суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хувьд эхэлж татвар төлөх үүрэг үүсэж байж өөр хэн нэгэн (хуульд заасан) этгээдэд тухайн татварыг суутган авах/төлөх үүрэг үүснэ.
19.Гэтэл энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгч “Э э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б өөрийн хувьцааг О.Т-т 250,000,000 төгрөгөөр худалдсанаар (хувь хүний) орлого олсон, харин нэхэмжлэгч аж ахуйн нэгж эрх борлуулсны орлого олоогүй, өөрөөр хэлбэл “Э э м” ХХК нь тус компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш, харин тухайн “гэрээний зүйл” болсон байх тул “татвар төлөгч” болохгүй юм. Иймд энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
20.Нэгэнт нэхэмжлэгчид татвар төлөх үүрэг үүсээгүй тул түүний өмнөөс татвар суутган төлөх үүрэг өөр хэн нэгэн этгээдэд үүсэх боломжгүй. Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч (Ө.Б) нь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад (О.Т-т) худалдсан энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хувь хүний олсон орлогоос татвар суутган авч, төсөвт төлөх үүргийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хүлээгээгүй байна. Учир нь, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “суутгагч” байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй, тодруулбал нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь бусад этгээдэд орлого олгоогүй буюу 250,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн тухайн орлогыг олсон хувь хүн (Ө.Б) нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч биш байна. Иймд нэхэмжлэгчийг “суутгагч”-ийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нөхөн татвар ногдуулсан нь хууль бус юм.
21.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч буюу нэхэмжлэгч “Э э м” ХХК нь эрх борлуулсны орлогыг суутган төлөх үүрэг хүлээж байгаа боловч энэ тохиолдолд орлого олсон этгээд нь аж ахуйн нэгж биш, харин хувь хүн байгаа тул уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
22.Учир нь, “татвар тодорхой байх” буюу аливаа этгээдийн татвар төлөх үүрэг нь тодорхой байх нь эрх зүйт төрийн “хууль дээдлэх зарчим”-ын шаардлага юм. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулах, шилжүүлэхтэй холбоотой татварын харилцааг тусгайлан зохицуулаагүй, тухайлбал энэ замаар тодорхой эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн орлогод тооцох тухай тодорхой зохицуулалт байгаагүй[2] тул 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгийг “аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах” хуулийн зорилго болон “суутгагч”-ийн талаарх зохицуулалтын агуулга, системчлэлд нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй.
23.Гэтэл хоёр шатны шүүх маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн энэхүү хэргийн үйл баримт, хууль хэрэглээтэй адил төстэй хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолоос өөрөөр хэрэглэсэн үндэслэл тогтоогдсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
24.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч, “... нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00363 дугаар захирамжаар Ө.Б-ийн нэхэмжлэлтэй, О.Т-т холбогдох “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, “Э э м” ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон ... дээрх шүүгчийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон гэрээ хэрэгжиж, Ө.Б-ийг орлого олсон гэж үзэх боломжгүй, ... “Э э м” ХХК-ийн хувьцааг буцаан олгосон байх тул түүнийг эрх борлуулж орлого олсон гэж үзэж, татвар ногдуулах үндэслэлгүй ...” гэх зэргээр энэ хэргийн шийдвэрлэлтэд хамаарахгүй дүгнэлт хийсэн нь буруу байна.
25.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2024/0706 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0712 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2 дах ...” гэснийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.5, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь ...” гэж, “... НА-3524000001 ...” гэснийг “... НА-35240000001 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ
[1] Маргаан бүхий актад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1” гэж алдаатай бичсэнийг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 18 дугаар тогтоолоор “11.19 дүгээр зүйлийн 1.2.” гэж залруулсан байна.
[2]Харин 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд энэ талаар тодорхой заасан байна.