Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00013

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн С.Бат-Эрдэнэ

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох

            “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг,  нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга Г.Эрдэнэчулууний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтаншагай, хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сугирын Бат-Эрдэнэ миний бие 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болсон Орхон аймгийн Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хуралд оролцож Уурхайчин багийн Засаг даргад нэр дэвшсэн. Уг хуралд 269 иргэн оролцсон. Үүнээс Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалтад 249 иргэн санал өгсөн. Нэр дэвшигч Г.Гансүх  123 хүний санал, нэр дэвшигч миний бие 121 хүний санал, хүчингүй 5 саналын хуудас гарсан. Гэтэл Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын тогтоолд Г.Гансүхийн авсан санал дээр миний авсан саналыг нэмж тооцон хувь гаргасан байна. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа юм. Ийнхүү хууль зөрчиж гаргасан Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын тогтоолыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нь Г.Гансүхийг Уурхайчин багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус юм.

            Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг томилж батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 5. Ганбилэгийн Гансүхийг Уурхайчин багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэсгийг  тус тус хүчингүй болгуулах.” гэжээ. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Б.Давааням, Д.Пүрэвсайхан, Г.Цэцэгмаа, О.Батбилгүүн, Х.Долгорсүрэн гэсэн 5 хүн орсон. Эдгээр хүмүүсийг тухайн багт оршин суудаг талаар Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулахад тухайн иргэд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт оршин суудаггүй талаар баримт ирсэн. Тиймээс энэ 5 иргэн хуралд оролцсоноор С.Бат-Эрдэнийн эрх ашгийг нь хөндсөн байна. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ болон гуравдагч этгээд Г.Гансүх нарын авсан санал нь 2 хүний зөрүүтэй байгаа. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчиж хурлыг зохион байгуулсан гэж үзэж байна.” гэв.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.” гэж заасны дагуу С.Бат-Эрдэнэ нь багийн Засаг даргад нэр дэвшиж, гуравдагч этгээд Г.Гансүхтэй өрсөлдөж 2 хүний саналын зөрүүгээр ялагдсан байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасан. Нийт санал өгсөн оролцогчид нь 269 хүн байдаг. Үүнээс тоолсон санал нь 249 байдаг. Бусад саналын хуудас нь хаана байгаа нь мэдэхгүй. Харьяаллын бус 5 иргэн сонгуульд оролцож байгаа нь нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн Үндсэн хуулиар олгосон эрхийг хөндсөн гэж үзэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтад “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан заалтыг зөрчсөн. Иргэдийн нийтийн Хурал зохион байгуулж байгаа хүмүүс тухайн багт амьдарч байгаад өөр газарт шилжсэн байна уу? үгүй юу гэдэг дээр хяналт шалгалт хийх ёстой. Үүний дараа санал хураах үйл ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл шилжээд явсан хүмүүсийг санал өгүүлээд байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан заалтыг маш тодорхой зөрчиж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоолыг хүчингүй болгож,“Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Г.Гансүхийг Уурхайчин багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.” гэв.          

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга Г.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн баталсан болно. Хүчингүй саналын хуудсыг нийт ирцэд тооцох эсэх асуудлаар тусгайлан зохицуулаагүй тул 26.2-ийг баримтлах шаардлагагүй гэж үзсэн. 2. Тус хурлын нотлох баримт болох бичлэгийг тэргүүлэгчдэд танилцуулах зорилгоор нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс удаа дараа ирүүлэхийг хүссэн боловч өөрөө бичлэгээ өгөөгүй тул энэхүү асуудлаар дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. 3. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэдийн нийтийн Хурлын дүнг танилцуулах үед нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрсөн атлаа ийнхүү гомдол гаргаж буй нь улс төрийн зорилготой, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй тул энэхүү гомдлыг барагдуулах боломжгүй гэж үзсэн болно.“ гэжээ.

            Хариуцагч Г.Эрдэнэчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасан байгаа. Тухайн харьяаллын бус гээд байгаа 5 хүний саналыг саналд оруулан тооцно гэсэн журам, заалт байхгүй байгаа. Яагаад гэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заасны дагуу олонхийн саналаар буюу 50+1 гэсэн зүйлийг Г.Гансүх хангасан юм.” гэв.  

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт шүүхэд гаргасан тайлбартаа: “ ...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн Иргэдийн нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан.

            Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн нийтийн хурлаас тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон.

            2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10, Б/11 дугаартай захирамжууд нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өндөр сумын багуудын Иргэдийн нийтийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зарлагдсан. Тухайн хурлыг тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд хурлаа ямар шат дарааллаар явуулах, яаж явуулах нь тухайн хуралд оролцож байгаа иргэдийн өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Уурхайчин багийн хувьд 1500 гаруй өрхтэй. Үүнээс 75 иргэн ирсэн байхад тухайн хурал хуулийн хүчин төгөлдөр болж, хуралд оролцож байгаа 75 иргэнээс 50 буюу түүнээс дээш хүний санал авсан Засаг даргад нэр дэвшигч болон хурлын даргын саналыг хуулийн дагуу бүрэн авсан гэж үзэх юм бол батлах үндэслэлтэй байсан. Тиймээс Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоолыг үндэслэн “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг гаргаж, иргэн Г.Гансүхийг Уурхайчин багийн Засаг даргаар түр томилсон байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.” гэв.

            Гуравдагч этгээд Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн сонгууль хууль ёсны дагуу явагдаж гарсан байгаа. Нэхэмжлэгч өөрөө ч гэсэн ялагдлаа хүлээн зөвшөөрч ажлын амжилт хүсэж гар барьж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.“ гэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ  “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан. 

              2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаан болж, багийн иргэдийн Хурлын дарга, Засаг дарга томилуулах сонгууль явагдсан байна. Энэ хуралдаанаар багийн Засаг даргад иргэн Г.Гансүх, С.Бат-Эрдэнэ нар  нэрээ дэвшүүлсэн ба нийт 270 саналын хуудас тараагдаж санал хураахад саналын хайрцгаас 249 саналын хуудас гарснаас 5 хуудас хүчингүй болж 244 хүчинтэй хуудаснаас Г.Гансүх 123 буюу 50.4 хувийн санал, С.Бат-Эрдэнэ 121 буюу 49.6 хувийн санал тус тус авсан байна.

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас,  хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан байна.

            Гэтэл Уурхайчин багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд тус багт харьяалагддаггүй 5 иргэн санал өгсөн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1044 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэлээр тус тус нотлогдож байна.

            Уурхайчин багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн Г.Гансүх, С.Бат-Эрдэнэ нар нь 2 хүний саналын зөрүүтэйгээр санал хураагдсан ба дээрхи харьяаллын бус 5 хүний санал нь санал хураалтын дүнд  илт  нөлөөлж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтаншагай нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын тогтоол хүчин төгөлдөр байхад багийн Засаг даргыг томилуулахаар уламжилсан багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан ба Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.” гэж Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргахыг хуульчлан зохицуулсан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтаншагай нь шүүх хуралдаанд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн багийн нийтийн Хурлын хуралдааны явцыг бичсэн бичлэгийг шинжлэн судлуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул хүсэлтийг хангаж нотлох баримтаар ирсэн бичлэгийг нотлох баримтаас хассан болохыг, хэргийн оролцогчид Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны явцын талаар маргаангүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн Г.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

           

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд олгосугай.

 

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА