Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

Д.Төлеу нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, хохирогч К.Ховдбай, ялтан Т.Аманжол, Д.Төлеу тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой Д.Төлеу нарт холбогдох эрүүгийн 201721000060 дугаартай хэргийг ялтан түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, Найман ах овогт Тилеуханы Аманжол,

Монгол улсын иргэн, 1968 Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Ботахара нура овогт Долайгийн Төлеу,  Д.Төлеу, Т.Аманжол нар нь шууд санаатай шунахай сэдэлтээр бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Хулстай гэх газраас тус багийн иргэн К.Ховдбайгийн цавьдар хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлж, 650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ”Шүүгдэгч Найман ах овогт Тилеуханы Аманжол, Ботахара нура овогт Долайгийн Төлеу нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Аманжол, Д.Төлеу нарт эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Т.Аманжол, Д.Төлеу нарт оногдуулсан 03 /гурав/ сар 10/ арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч К.Ховдбай нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны адууны үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгч Т.Аманжол, Д.Төлеу нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож” шийдвэрлэжээ.

Ялтан нар болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлээгүй, хэргийн бодит байдал шүүгдэгч нарын гэм буруугийн байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын эрх ашгийг хохироосон шударга биш шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр нууцаар авдаг бол алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших үйлдэл нь гэм буруутай этгээд мал эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь хэн болохыг мэдэхгүй, мал эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас гарсан, хаягдаж орхигдсон, мал нь ижил сүргээсээ тасарсан, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт очсон байдгаараа хэргийн бүрэлдэхүүн ялгаатай байдаг. Д.Төлеу, Т.Аманжол нарын үйлдэлд хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа ойлгож, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж өгнө үү гэв.

Хохирогч К.Ховдбай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би морио алдсан нь үнэн. Шүүгдэгчийн гараар морь орсоныг мэдээд хэлсэн. Ингээд хуулийн байгууллагад хандсан. Би хохиролгүй болгож өг гэхэд буруугаа хүлээгээд хохирлоо төлсөн. Би гомдол санал байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                             

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:   Т.Аманжол, Д.Төлеу нар нь бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Хулстай гэх газраас тус багийн иргэн К.Ховдбайгийн цавьдар хүрэн зүсмийн нэг морийг хулгайлж, 650000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж  прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна. Анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шинжлэн хэлэлцэхдээ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зэргийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийлгүйгээр Т.Аманжол, Т.Төлеу нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал  Х.Хуандыхын адуун дотор эзэн нь мэдэгдэхгүй цавьдар зүсмийн морь ирж нийлсэн байхыг Т.Аманжол нь урьд нь мэдэж байсан бөгөөд Т.Төлеу нь идэшний нэг адуу хэрэгтэй байна гэж хэлэхэд Т.Аманжол нь Х.Хуандыхын адуунд нэг эзэн нь мэдэгдэхгүй адуу байна гэж  хэлж байсан нь Т.Аманжол, Т.Төлеу нарын мөрдөн байцаалтад анх сэжигтнээр байцаагдахдаа тодорхой мэдүүлсэн байх тул Т.Аманжол, Т.Төлеу нарыг бусдын алдуул малыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт үйлдэлдээ хандахдаа бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг /морийг/ биш харин эзнийхээ эзэмшлээс гараад удаж байгаа, хэний эд хөрөнгө болох нь тодорхойгүй, алдуул мал авч ашиглаж байна гэсэн сэтгэлзүйгээр хандсан байна. Иймд шүүгдэгч Т.Аманжол, Т.Төлеу нарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 болгон зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.Аманжол, Т.Төлеу нарын бусдын алдуул мал завшсан хөнгөн ангиллын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх  учир  эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Аманжол, Т.Төлеу нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж байна.

            Т.Аманжол, Т.Төлеу нарт холбогдох хэргийн талаарх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд: 1.Тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “шүүгдэгч найман ах овогт Тилеуханы Аманжол, Ботахара нура овогт Долайгийн Төлеу нарыг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн, 

Тогтоох хэсэгт: А.“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар прокуророос Т.Аманжол, Д.Төлеу нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  151 дүгээр зүйлийн 151.1 болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт,

            Б. Т.Аманжол, Д.Төлеу нарын  үйлдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт  хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д зааснаар Т.Аманжол, Д.Төлеу нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй “ гэсэн нэмэлт,

В. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар цагдан хоригдож байгаа Т.Аманжол, Д.Төлеу нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай “ гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн” 2,3,6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын  бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                          ШҮҮГЧИД                                         Д.МӨНХӨӨ

                                                                                                    Б.ДАМБА