| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07064/И |
| Дугаар | 210/МА2025/00721 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00721
******* *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* *******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
10,706,606,06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан 10,706,606,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 5,223,238.06 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 5,438,368 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг 5,955,400 төгрөгийн бараа дутааснаас 472,032 төгрөгийг төлж, 5,483,368 төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос 5,223,238.06 төгрөгийг дутаасан гэх үндэслэлээр хариуцагчаас нийт 10,706,606.06 төгрөгийг шаардсан бол, хариуцагч нь миний хариуцсан бараанаас 5,600,000 төгрөгийн бараа дутсан бөгөөд 9,800,000 төгрөгийн бараа илүү гарсан тул дутсан барааны үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/366 дугаартай тушаалаар борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр томилогдож, мөн өдрөө 06-GIF-XG-479 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 06-GIF-ED-479 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулжээ. /х.х-ийн 12-18/
Өөрөөр хэлбэл, зохигч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар дагалдах гэрээг байгуулсан байх тул энэ тохиолдолд ажилтан байгууллагын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөх эсэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж заажээ.
5. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******ыг тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд 5,955,400 төгрөгийн бараа материал дутаасан, үүнээс 472,032 төгрөгийг төлсөн, мөн 5,223,328 төгрөгийг өөрийн хэрэгцээнд ашигласан гэж буруутгасан байна. /х.х-ийн 2/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл тэрээр байгууллагын итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг байгууллагын тусын тулд захиран зарцуулах, хадгалах, хамгаалах, энэ талаар хожим тайлан гаргаж ажил олгогчид мэдэгдэх үүрэг бүхий ажилтан байна. /х.х-ийн 9-17/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гээд 131.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй гэж тус тус заасан.
Тодруулбал, дараа тайлан гаргах нөхцөлтэй хөрөнгө нь итгэмжлэлийн шинжтэй тул тухайн ажилтан итгэн хариуцуулсан хөрөнгийг санаатай аль эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр дутаасан, гэмтээсэн, хувийн хэрэгцээнд ашигласан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл болно.
6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ******* *******-д 5,223,238 төгрөгийн бараа материал дутаасан, үүнээс тодорхой хэсгийг буруу ойлголтын улмаас өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан учир буцааж төлнө гэдгээ хүлээн зөвшөөрчээ. /х.х-ийн 22/
Тиймээс давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг 5,223,238 төгрөгийн бараа материал дутаасан эсэх талаар нэмж дүгнэхгүй ба хариуцагч нь энэ талаар гомдол гаргаагүй.
Харин хариуцагч нь 5,955,400 төгрөгийн бараа материал дутаасан болох нь баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно. Ажил олгогч ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбараа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөхийг шаардах эрхтэй. Хэрэв ажилтан тайлбар өгөөгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ийнхүү хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь ажилтан хариуцуулсан эд хөрөнгийг гээсэн, дутаасан, эвдсэн, хувьдаа ашигласан буюу завшсан зэргийн аль нь болох, мөн үүнд ажилтны үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой болон ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг тогтооход тус тус ач холбогдолтой юм.
7. Гэвч хэрэгт авагдсан авлагын бүртгэлийн баримт болон бүтээгдэхүүний буцаалтын хуудас гэх баримтаас үзвэл хариуцагч нь анх хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээж авснаас хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан хүлээлгэн өгсөн, өгөх ёстой байсан болохыг тодорхойлох боломжгүй байна. /х.х-ийн 46-93/
Тодруулбал, авлагын бүртгэлийн баримтад дурдагдсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагч ******* нь хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, тэрээр гарын үсэг зураагүйгээс гадна бүтээгдэхүүний буцаалтын хуудас гэх баримтын буцаалт хүлээлгэн өгсөн хэсэгт *******, *******, *******, ******* зэрэг нэр бичигдсэн байх тул хариуцагчийн хүлээлгэж өгсөн бараа бүтээгдэхүүний төрөл хэмжээ, үнэ тодорхойгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 4, 5 дугаар бүлэгт заасан журмын дагуу холбогдох баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
8. Мөн хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт нь нэг талын буюу нэхэмжлэгчийн үйлдсэн баримт байх тул уг баримтад заасан тооцооллыг нэхэмжлэгч нь бусад баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 5,955,400 төгрөгийн бараа дутаасан, борлуулалтын орлогоос 5,223,238.06 төгрөгийг дутаасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд дээрх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтаас дутаасан барааны үнэ хэдэн төгрөг, борлуулалтын орлогоос дутаасан мөнгө нь хэдэн төрөг болох нь тодорхойгүй эргэлзээтэй баримт байна.
Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар хариуцагчийг 5,955,400 төгрөгийн бараа дутаасан гэх тайлбараа нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах өөрчлөлт оруулна. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь зохицуулалт нь ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсонтой холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хохирлыг нэхэмжилж байх тул энэ хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь заалтыг баримтлах нь илүү зохимжтой болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/02912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас ...131 дүгээр зүйлийн 131.1.2 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР