| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0064/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Д.Х
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Дэжидбалын Хт холбогдох эрүүгийн 1929000940048 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн Суугийн 2-10 тоотод иргэн М.Адъяадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Отгонбаяр мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Гэрч Ч.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Ж.Баттүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
М.Адъяадоржийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12х, 22-23-р хуудас/
Гэрч Э.Хоролсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч М.Төртүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай биш гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий ч гэм буруугийн шүүх хуралдаанд хэлцэгдсэн нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутай тооцож хариуцлага хүлээлгэх боломжгүй байна гэж үзэв.
Мөн хэргийн бодит байдлыг тогтоох талаар тухайн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч, прокурор нар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судалсан
-2019 оны 03 сарын 15-ны өдрийн “ Зөрчлийн талаар холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл”-д Мөнхтөрийн Адьяадоржийн гаргасан “…манай ах Амартүвшингийн эхнэр Х манай гэрт ирээд ээж Баттүвшинтэй зодолдоод байна” гэх зөрчлийн талаар өөрийн биеэр гаргасан болохыг тэмдэглэв/ ХХ-ийн 7-р хуудас/
-2019 оны 03 сарын 21-ний өдөр мөн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд: “… Би 2019 оны 03 сарын 15-нд өөрийн гэртээ ээж нагац ах нарын хамт байхад Амартүвшин ахын эхнэр Х орж ирэн ах Амартүвшинтэй муудалцан хөл рүү өшиглөн зодсон юм. Би салгах гээд очиход төмөр хамгаалалтай гутлаар нүүр лүү өшиглөн миний хамрыг мурийлган 2 шүд гэмтээсэн юм. / ХХ-ийн 8-9-р хуудас/
-2019 оны 04 сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналд “…Х манай гэрт ирээд ээж Баттүвшинтэй зодолдоод байна гэх гомдол мэдээллийг хүлээн авч шалгахад М.Адьяадоржийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагын №179 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул …прокурорын газарт хүргүүлэв./ ХХ-ийн 11-р хуудас/
-2019 оны 04 сарын 03-ны өдрийн №179 дугаартай Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд”…Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 30% -р алдагдуулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /ХХ-ийн 32-р хуудас/ дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Хийг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна гэж үзэв.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөн байцаагч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй нь шүүхийн хэлэлцүүлэгт явагдсан мэтгэлцээн болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 1929000940048 дугаартай хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4, 5-т дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Д.Хт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1929000940048 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Олохнууд овогт Дэжидбалын Хийг цагаатгаж, хэргийг сум дундын прокурорын газар буцаасугай.
2. Шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эд мөрийн баримтаар хураагдсан хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь
хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА