Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00722

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* *******-д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, *******-ийн үүсгэн байгуулагч, 3 хувьцаа эзэмшигчийн нэг бөгөөд компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34 хувийн хувьцааг эзэмшдэг ба өнөөдрийн байдлаар манай компани *******, *******, ******* нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Миний бие орчин үеийн шийдэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүрэл цутгуурын урлан, үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр болон төсөлд шаардлагатай үйлдвэрийн барилга барих зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭХШ-24/01 дугаартай шийдвэрийг гаргуулж, улмаар компанийн бусад хувьцаа эзэмшигч нартай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг байгуулсан. Би, компанийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн газар дээр үйлдвэрлэлийн барилга барихаар төлөвлөж, дээрх гэрээний дагуу бусад хувьцаа эзэмшигч нартай харилцан тохиролцож урьдчилгаа төлбөр болох тус бүр 250,000,000 төгрөгийг шилжүүлж барилгын ажил хийгдэх баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж ажилласан. Гэтэл төслийн компанийн газар дээр барилга барих боломжгүй талаарх эрх бүхий байгууллага болох ******* , -иас тус тус албан тоотууд ирсэн.

Дээрх эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан тоот, шийдвэр, дүгнэлттэй холбоотойгоор төслийн компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч миний бие төсөл цаашид хэрэгжих боломжгүй, гэрээний удиртгал хэсэгт заасан зорилтууд биелэгдэх бодит боломжгүй болсон гэж үзэж компанийн бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцааг дээрх гэрээний нөхцөлөөр худалдан авах боломжгүй талаарх мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр компанид хүргүүлж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлүүлэх зорилгоор Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д заасны дагуу хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг гаргасан боловч компанийн гүйцэтгэх захирлын зүгээс татгалзсан хариуг надад ирүүлсэн. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж заасан байх ба компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, гарц, гаргалгаа, шийдлийг олох, урьд нь гарсан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох, хувьцааг худалдах, эгүүлэн худалдан авах асуудал нь компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаардаг болно.

Иймд, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д заасныг үндэслэн Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлаж хуралдуулахыг компанийн гүйцэтгэх захиралд даалгах гомдлын шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн санал, шаардлага нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулахад тавигдах шаардлагыг хангаагүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3 дахь хэсэгт заасан санал шаардлагыг бичгээр гаргах бөгөөд тухайн өөрчлөлт хийх төсөл, санал нь байхгүй. Манай татгалзлын гол үндэслэл нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан.

Гэрээ нь *******, *******, ******* гэсэн 3 иргэний хооронд байгуулагдсан гэрээ тул гэрээтэй холбоотой асуудлыг гэрээгээр зохицуулна гээд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тодорхой заачихсан.

Миний гаргаж өгсөн санхүүгийн баримтын дагуу ******* гэж хүн компанийн бус өөрийнхөө данснаас 500,000,000 төгрөг гаргаад 250,000,000 төгрөгийг *******од, 250,000,000 төгрөгийг *******д өгсөн. Одоо энэ мөнгөө өгөхөө больё гэж байгаа учир гэрээг цуцлах асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэхгүй, гэрээний оролцогчдын шийдэх асуудал.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг заагаад өгчихсөн. Компанийн хуулиар хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал шийднэ гэсэн зохицуулалт байхгүй, ******* *******-ийн дүрэмд бас ийм зохицуулалт байхгүй.

Харин талууд асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гээд гэрээндээ заачихсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын цаад санаа нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж тогтоол гаргуулаад, тухайн асуудлын талаар дахиж маргаад хувьцааныхаа үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байх гэсэн худалдан авагчийн санаа байна гэж харж байгаа.

Гэрээнээс татгалзсан учраас урьдчилгаа төлбөрөө авъя гээд шүүхэд энэ асуудлаараа нэхэмжлэлээ гаргах ёстой болохоос биш хувьцаа эзэмшигчдийн хуралд хандах ямар ч боломжгүй, компанитай ямар ч хамааралгүй асуудал буюу 3 иргэний эзэмшиж байгаа хувьцааг худалдан авахтай холбоотой маргаан байгаа болохоос компанийн дотоод асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхтэй холбоотой асуудал тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч н хариуцагч ******* *******-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж, мөн хуулийн 59.3 Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. гэж, мөн хуулийн 59.4 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. гэж тус тус хуульчилсан. Дээрх хуулийн зүйл, заалт агуулгын хувьд компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, компани санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хурлаа хийх ёстойг үүрэг болгосон заалт юм. Гэтэл хариуцагч ******* ******* нь 2025 он гарснаас хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлаа зарлан хуралдуулахгүй байх, үүссэн асуудлаа компанийн эрх барих дээд байгууллагаараа шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн.

2. Компанийн хувьцаа эзэмшигч нар нь 2024 онд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэж Хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байдаг. Уг гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой нөхцөл байдал үүссэн, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарсан, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний агуулга нь нэг хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг худалдах-худалдан авах болон их хэмжээний хэлцэл батлах агуулга бүхий байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх болон их хэмжээний хэлцэл батлах эрх заавал компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх зохих асуудал биш гэж дүгнэлт өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан үнэлэлт дүгнэлтийг өгсөн гэж үзэж байна. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг түр зогсоох, царцаах, үргэлжлүүлэх эсхүл асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх боломжтой юм.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Шүүх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар бол Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт бичгээр гаргах санал асуулгад ямар зүйлийг тусган гэдгийг нэрлэн заасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хуралдаанд би өмгөөлөгчөөс танайх энэ хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж байгаа вэ, хэлэлцээд гарах шийдвэрийн төсөл нь юу байгаа вэ гэхээр ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй, хурлаас гаргах шийдвэрийн төсөл нь тодорхойгүй бөгөөд хэдүүлээ уулзаж ярилцаад болох ёстой асуудал гэж тайлбарладаг. Гэтэл хуульд ийм боломж байхгүй, санал шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангаж, тодорхой хэлэлцэх асуудлаа нэрлэн зааж, үүнээс гарах шийдвэрийн төслөө урьдчилан илгээснээр гүйцэтгэх захирал хүлээн авснаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй. Хэлэлцэх асуудал нь Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн аль асуудалд хамаарах бэ гэж би анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой асуусан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нийт 16 асуудал заасан байдаг. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16 энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал гэж заасан. Уг асуудал нь хууль болон манай компанийн дүрмээр ямар асуудалд хамаарах вэ гэж асуухад анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасан энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх гэх өөр асуудлыг ярьсан. ...Иймд, манай компанийн гүйцэтгэх захирлын гаргасан татгалзал буюу компанийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудал, санал шаардлага нь хуульд тавигдсан шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч хэлэлцэх асуудлыг шүүхэд гэрээ хэлцэл гэж тайлбарладаг. Гэтэл гэрээ нь аль хэдийн хэрэгжээд хоёр хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч *******д газар, тоног төхөөрөмж, үйлдвэрийг бүгдгийг нь хүлээлгэж өгсөн бөгөөд 20 гаруй дутуу урласан бурхдыг алтаар шарж гүйцэт хийж хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч манай хоёр хувьцаа эзэмшигчдэд хувьцааны урьдчилгаа төлбөрт 500,000,000 төгрөгийн өгсөн. Түүнчлэн хувьцааны үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн хэрэг нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн тойргийн шүүхэд иргэний хэрэг үүсээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* *******-д холбогдуулан гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар ******* *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр тус компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч *******, 33 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа 34 хувийн хувьцаа эзэмшигч *******д худалдахаар тогтож, /х.х-ийн 10/

 

Улмаар дээрх шийдвэрийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *******, ******* нарын 66 хувьтай тэнцэх хэмжээний 726 ширхэг энгийн хувьцааг тус бүрийн 850,000,000 төгрөг, нийт 1,700,000,000 төгрөгөөр үнэлж, нь хувьцаа худалдан авах баталгаа болгож 500,000,000 төгрөгийн урьдчилгааг гэрээнд гарын үсэг зурсан өдөр, үлдэгдэл 1,200,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 15/

 

4. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь дээрх хуульд зааснаар компанийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийнхээ хүрээнд ******* *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарын тус бүрийн 33 хувийн хувьцааг ийнхүү худалдаж авахаар тохирсон гэж үзэхээр байх тул зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдаан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар талуудыг компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй гэж маргасан боловч гийн зүгээс *******, ******* нарт тус бүрт нь 250,000,000 төгрөгийг төлсөн, хэдийгээр нэхэмжлэгч нь улсын бүртгэлд энэхүү компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байгаа боловч тэдгээрийн хооронд үүргийн хэлцэл байгуулагдсан байна. /х.х-ийн 57-58, 68-72/

 

5. Хэрэгт авагдсан баримтаар ******* болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ -аас ******* *******-д Улаанбаатар хотын ус хангамжийн Мах комбинатын эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрлаж байгаа, мөн тухайн газрын доогуур ТЭЦ-2-оос явсан 3 шугам огтлолцож байгаа гэх үндэслэлээр компанийн эзэмшлийн газар дээр барилга барих боломжгүй гэх хариуг ирүүлжээ. /х.х-ийн 18, 21/

 

Нэхэмжлэгч нь эдгээр албан бичгийг үндэслэн компанийн газар дээр барих төсөл хэрэгжих боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хариуцагч *******, ******* нартай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа тэдгээрт мэдэгдэж, улмаар гэрээнд өөрчлөлт оруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг ******* *******-д гаргажээ. /х.х-ийн 25/

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гээд 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ******* *******-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх захиралд гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана гэж заасан шаардлагыг хангасан байх учиртай.

 

6. Гэвч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ гээд 61.5.2-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй гэж заасан.

 

******* *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэр, мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд *******, ******* нарыг хувьцаа эзэмшигчээс хасагдах бүртгэл хийгдэх хүртэлх хугацаанд компанийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирсан тохиолдолд цаашид компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдэх гийн саналаар уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх талаар тухайлан тохироогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, , *******, ******* нарын хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах цаг хугацаанд талуудын төсөөлөөгүй буюу тооцоолоогүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаанд саад учирсан нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл байж болох ч энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэнд хамааралтай асуудал биш юм.

 

7. ******* *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ХЭХШ-24/01 тоот шийдвэрийг шийдвэрийн үйлчлэл нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хооронд гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1-д тус тус зааснаар компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь гагцхүү компанитай холбоотой асуудлыг шийдвэрлэх бөгөөд харин хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн талаар хэлэлцэхгүй.

 

Тодруулбал, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нь үндэслэлтэй эсэх тухай маргаан хувьцаа эзэмшигчдийн хоорондын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээгээр зохицуулагдах ба компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар уг асуудлыг хэлэлцэх нь гэрээний талуудын эрх тэгш, бие даасан байх, гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхэнд нийцэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Тийм учир анхан шатны шүүхийн хариуцагч ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах боломжгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ. /х.х-ийн 31/

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах өөрчлөлт оруулна. Үүнд:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 болон Компанийн тухай тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна.

 

Харин Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар заасан байх тул уг заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь зүйтэй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01859 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2 гэснийг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР