| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/03873/И |
| Дугаар | 210/МА2025/00649 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00649
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01124 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ******* ХХК-ийн хувьцааны ******* буюу 50 хувийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь ******* газрыг эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ зоорьтой 13 давхар барилга барихаар болж 2016 оны 01 сарын 26-ны өдөр *******, ******* нартай 01 тоот Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулж, барилгын борлуулалтын орлогоос ашиг хуваарилах нөхцөлөөр тохиролцсон. Энэ гэрээгээр ******* ХХК-ийн хувьцааны 1465 ширхэг хувьцааг хариуцагч нарт шилжүүлэн хамтран ажиллах гэрээний баталгаа болгож 2016 оны 01 сарын 05-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх, Эрх шилжүүлэх гэрээгээр *******, ******* нар тус бүрт 25 хувь буюу 732.5 ширхэг хувьцааг шилжүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
******* 2022 оны 08 сарын 18-ны өдөр ******* ХХК-д хандаж тус компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг гуравдагч этгээдэд 100 сая төгрөгөөр шилжүүлэх саналтай тул ажлын 5 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. ******* ХХК-аас гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй тухай хариу хүргүүлсэн. *******, ******* нар нь газар дээр хөрөнгө оруулалт хийгээгүй тул ******* ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардсан. Гэрээг талууд цуцлаагүй бөгөөд хариуцагч нар хөрөнгө оруулалт хийгээгүй тул гэрээ дуусгавар болсон.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй боловч дээрх хамтран ажиллах гэрээний үүргийг хангахаар ******* ХХК-ийн хувьцааны 50 хувийг *******, ******* нарт бэлэглэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд тухайн хэлцлээр шилжүүлсэн эд зүйлийг харилцан буцааж өгөх үүргийг оролцогч талууд хүлээдэг. ******* 2022 оны 04 сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчийн хувьд *******ын эзэмшиж байсан ******* ХХК-ийн хувьцааны 50 хувийг өвлөн авч, мөн компанийн хувьцаа эзэмшигчээр 2022 оны 05 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Иймд *******, *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******, ******* нарт шилжүүлсэн ******* ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг гаргуулан *******д буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай талаас тухайн газартай холбоотой гаргасан зардлыг төлбөл 25 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан. Тухайн үед гарсан зардлын талаар яг нарийн зүйлийг нөгөө хариуцагч ******* мэдэж байгаа. 400,000,000 орчим төгрөгийн зардал гарсан гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,790 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хуулийг буруу хэрэглэсэн тухай: Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, хариу тайлбар, нотлох баримт өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь мөн хуулийн 72.3-т заасан хууль зүйн үр дагаварт хүргэсэн бөгөөд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэг, дүгнэлтийн үед энэ талаар шүүгчид мэдэгдэж, тухайн нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргахыг тайлбарласан. Гэвч шүүх зохигчийн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, хууль зүйн үйл баримтыг үл харгалзан процессын хуулийг буруу хэрэглэсэн буюу илэрхий хууль зөрчиж шийдвэр гаргасан.
Хариуцагч ******* мөн хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ "...гэрээг хэрэгжүүлэхийн тулд барилгын ажилд гарсан зардлыг нэхэмжлэгч буцаан төлбөл нэхэмжлэлийг зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй" гэснээс өөр тайлбар хэлдэггүй, шүүхэд нэг ч зардлын баримт өгөөгүй буюу татгалзлаа баримтаар нотолж чаддаггүй. Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхээр заасан талбайд барилга баригдах нь бүү хэл газрыг нь хөндсөн ямар ч ажил хийгдээгүйг шүүх харгалзан шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.
5.2. Нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хамтран ажиллах гэрээг ******* ХХК, *******. ******* нар байгуулан "уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд *******ын 100 хувийн эзэмшлийн ******* ХХК-ийн хувьцааны 50 хувийг *******, ******* нар бэлэглэлийн гэрээгээр эзэмших"-ээр тус гэрээнд заасан. ******* нь дээрх заалтыг хэрэгжүүлэн хоёр хариуцагчид компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлсэн. ******* ХХК нь өөрийн хувьцааг эзэмшдэггүй, хувьцаагаа халааслаагүй тул хувьцаа эзэмшигч ******* өөрийн эзэмшлийн 50 хувийг тэдгээрт шилжүүлсэн тул бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний бэлэглэгч тал нь ******* юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээнүүд нь ******* ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэж нотлох баримтыг илтэд буруу үнэлж шийдвэр гаргасан.
Мөн шийдвэрт "...Үүний дараа 2016 оны 01 сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу 2016 оны 01 сарын 26-ны өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулагдаж" гэж, мөн "Дээрх гэрээнд үндэслэж талуудын хооронд 2016 оны 01 сарын 05-ны өдөр ******* ХХК, *******, ******* нарын хооронд компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж тус бүр 25 хувийн хувьцааг эзэмшихээр болсон байна" гэсэн нь алдаатай болсон. Энэ нь *******, *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг ******* ХХК, *******. ******* нар байгуулсан гэж бэлэглэгч талыг буруу дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, шүүх эрх шилжүүлэгч, бэлэглэгч талыг буруу дүгнэснээр хувьцааг буцаан шаардах эрхтэй этгээд нь ******* ХХК тул иргэн ******* нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл болсон.
******* ХХК нь өөрийнхөө хувьцааг өөрөө эзэмшдэггүй, хувьцааг нь ******* эзэмшдэг, ******* хууль ёсны өвлөгч нь ******* тул тэрээр өвлөгчийн хувьд шаардлага гаргах эрхтэй байхад шүүхийн шийдвэрийн 8.1-т "...хуульд зааснаар өвлөн авсан боловч ... иргэний хувиар буцаан шаардах эрхгүй" гэсэн нь Компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ нь ******* ХХК, *******, ******* нарын хооронд байгуулсан гэсэн буруу дүгнэлтээ дахин эш татаж үндэслэл болгосон.
Нэхэмжлэгчийн хувьд Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүргийн хүрээнд хоёр хариуцагчтай байгуулагдсан. Хувьцааг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, дээрх гэрээний хариу үүрэгт шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул мөн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хувьцааг өөрт буцаан шилжүүлэн авах үндсэн шаардлага хэвээр байна. ******* ХХК нь Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээний оролцогч биш бөгөөд ******* нь тухайн гэрээний оролцогч буюу бэлэглэгч тал учир түүний өвлөгч ******* өвлөн авах, шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Хэрэв уг гэрээ байгуулагдаагүй бол компанийн хувьцааг ******* нь 100 хувь өвлөж авах байсан нь логикийн хувьд тодорхой юм.
Түүнчлэн Хамтран ажиллах гэрээний 3.4-т "...гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах бөгөөд *******, ******* тус бүр 25 хувь эзэмшиж байхаар хувьцаа шилжүүлэх ба төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар хувьцааг *******ад буцаан шилжүүлнэ" гэснийг шүүх анхаараагүй. Компанийн эзэмшлийн бус *******ын эзэмшлийн хувьцааны 50 хувийг шилжүүлж авсан тул *******ад буцааж шилжүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Гэрээний 6.1-т "Б тал ... барилгын үйл ажиллагааны явцад ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх" 9.1-т "Гэрээний хугацаа 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ" гэж заасан ба гэрээний хугацаанд хоёр тал хөрөнгө оруулаагүйгээс барилга баригдаагүй, гэрээний хугацаа дууссан, цаашид гэрээний зорилго хэрэгжихгүй тул хувьцааг буцаан шилжүүлэх нь ойлгомжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Түүнчлэн шүүх хуралдаан оролцоогүй, хариу тайлбар гаргаагүй нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн үндэслэл болохгүй. Би ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд 2022 онд компанийг буцааж шилжүүлж өгөхдөө олон баримт хамт өгсөн. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******ийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д буруу ойлгогдохоор дурдагдсан агуулга байдаг. Энэ нь давж заалдах гомдолд дурдагдсан. Уг агуулга нь эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэх гэрээг компани болон хоёр иргэний хооронд байгуулсан гэх агуулга өнгөцхөн харвал уншигддаг. Гэхдээ урд талд нь компани болон хоёр иргэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Үүний үндсэнд бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж бичигдсэн. Хэргийн баримтаас харахад эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэх гэрээ нь ******* ******* ******* гэх гурван иргэний хооронд байгуулагдсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай гэж үзвэл шүүхийн шийдвэр буцах эрсдэл үүсэх учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны адил шүүхийн шийдвэрийн 6.1-т эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг компани болон хоёр иргэн байгуулсан мэтээр уншигдаж байгааг тодруулах залруулах бүрэн боломжтой.
Түүнээс анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай хууль зүйн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ёстой гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Хүчин төгөлдөр бус гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэл хоёр нь ялгаатай. Талууд хүсэл зоригоо илэрхийлээд хувьцааг шилжүүлсэн учраас үүнд хуульд зөрчсөн зүйл байхгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК-ийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцааг хариуцагч нарт хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тухайн хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, тухайн газартай холбоотой гарсан зардлыг төлбөл 25 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхэд татгалзах гэж тайлбарлан маргасан бол хариуцагч ******* шүүхэд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймээс нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, хариуцагч нараас ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцааг дараах үндэслэлээр гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
4. Бэлэглэгч *******, бэлэг хүлээн авагч *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 05-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүд тус бүр байгуулагдаж, уг гэрээгээр бэлэглэгч нь ******* ХХК-ийн нийт энгийн хувьцааны ******* буюу 25 хувийн 732,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэг хүлээн авагч нарт тус бүр үнэ төлбөргүйгээр бэлэглэжээ.
Хувьцаа бэлэглэх гэрээний 3.1-т *******дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх ******* ХХК-ийн нэр дээр байгаа ******* талбай дээр ******* айлын үйлчилгээтэй, орон сууцны барилгыг барих төслийг хамтран хэрэгжүүлэх хугацаанд бэлэглэж байгаа гэж хувьцаа бэлэглэх зориулалтыг заасан байна.
Улмаар ******* ХХК болон *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 26-ны өдөр 01 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.2, 3.1-т зааснаар ******* ХХК нь өөрийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх ******* газраар хөрөнгө оруулж, *******, ******* нар уг газар дээр орон сууцны зориулалттай, зоорьтой 13 давхар барилгыг барих санхүүжилтийг гарган хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Мөн хариуцагч нар нь гэрээний 6-д заасны дагуу хамтын үйл ажиллагаа, барилгын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү хамтран ажиллах гэрээний 3.4 (i) хэсэгт Талууд хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх газрын 100 хувийн эзэмшигч ******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан *******т 25 хувь, *******т 25 хувь эзэмшиж байхаар хувьцааг шилжүүлэх ба уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар энэхүү шилжүүлсэн хувьцааг *******ад буцаан шилжүүлэх болно гэж тохиролцжээ.
5. ******* нь 2022 оны 04 сарын 17-ны өдөр нас барах үедээ ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Мөн дээрх хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон ч хариуцагч нарт шилжүүлсэн ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцаагаа буцаан шаардаагүй байхдаа нас баржээ.
Хүү ******* нь 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 0010 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр *******ын өмчлөлд байсан ******* ХХК-ийн ******* буюу 50 хувийг өвлөснийг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 01 дугаар шийдвэр, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр баталгаажуулж, *******ыг ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэжээ.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд хувьцаа нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч этгээддээ ашиг өгөх, шаардах эрхийг бий болгох эрх юм. Нэхэмжлэгч нь *******ын ******* ХХК дахь 50 хувийн энгийн хувьцааг ийнхүү өвлөн авснаар мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасны дагуу *******, *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, мөн ******* ХХК болон *******, ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үр дагаврыг шаардах эрх үүссэн байна.
6. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж зааснаар компани нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан бие даасан хуулийн этгээд юм. Компанийг шинээр болон бусад байдлаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэгтэй ба уг хувьцааг иргэн, хуулийн этгээд худалдан авах болон бусад байдлаар эзэмшиж болохоор Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 32.3 дахь хэсэгт заажээ. Иймээс Монгол Улсын хуулиар компанийн эргэлтэд гаргасан хувьцаа тухайн компанийн мэдэлд байдаггүй, хэлцлийн нэг тал болдоггүй байна.
Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2016 оны дүрэмд зааснаар тус компани нэг бүр нь ******* төгрөгийн нэрлэсэн үнэтэй ******* энгийн хувьцаатай байхаар дүрэмдээ тусгаснаас дээрх хувьцаа бэлэглэх хэлцлийн дагуу ******* ******* буюу 25 хувь, ******* ******* буюу 50 хувийг тус бүр эзэмшиж, хувьцаа эзэмшигч ******* ******* буюу 50 хувийн хувьцаагаа хадгалж үлджээ.
Өөрөөр хэлбэл компанийн дүрмээр тогтоож зарласан бүх хувьцаагаа хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу эргэлтэд гаргасан байх тул ******* ХХК-д халаасны хувьцаагүй, мөн шинээр хувьцаа гаргаагүй байх бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч ******* өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг хариуцагч нарт бэлэглэлийн журмаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож чадаагүй, нэхэмжлэгчийг хувьцаа бэлэглэх гэрээний нэг тал биш гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Хуульд заасан болон дээрх гэрээнүүдийн агуулгаас үзвэл ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьж ашиг олох зорилгоор ******* ХХК, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Энэхүү хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх баталгаа болгон ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд ******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг хариуцагч *******, ******* нарт бэлэглэлийн журмаар шилжүүлсэн гэрээний бэлэглэгч тал нь ******* ХХК бус тус компанийн хувьцаа эзэмшигч ******* байна.
7. Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ-ний 3.4 (iii) хэсэгт зааснаар талууд ******* айлын орон сууцны барилга барих төслийн үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн хэдий ч төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүйд зохигч маргаагүй байна. Иймээс хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-т заасан буюу гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болжээ.
Хариуцагч нарын хувьд дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэх баталгаа болгож өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан ******* ХХК-ийн ******* энгийн хувьцаагаа төсөл амжилттай хэрэгжсэний дараа нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэх нөхцөл биелэгдэх боломжгүй болсон байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* уг хувьцааг буцаан шилжүүлэх нөхцөл хэрэгжих боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг үндэслэл болгон гэрээнээс татгалзсаны нэгэн адил хариуцагч *******, ******* нараас ******* ХХК-ийн ******* энгийн хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй тул давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
Хариуцагч нар төслийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой 400 орчим сая төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгч төлсөн нөхцөлд хувьцааг шилжүүлнэ гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан, мөн энэ агуулгаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тайлбар гарган оролцсон. Анхан шатны шүүх хариуцагч *******т 2024 оны 08 сарын 23-ны өдөр, *******т 2024 оны 10 сарын 14-ний өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий ч хариуцагч нар мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай тайлбараа шүүхэд бичгээр болон татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, мөн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ шүүхэд илэрхийлээгүй байна.
Хариуцагч *******ийн хувьд шүүх хуралдаанд оролцож тайлбараа амаар илэрхийлсэн бол хариуцагч ******* шүүх хуралдаанд оролцоогүй байх тул хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэнэ.
Иймээс хариуцагч нарын хувьд хувьцааг гэрээнд заасан нөхцөлөөр буцаах үндэслэл бий болоогүй тул хуульд заасан дээрх журмын дагуу нэхэмжлэгчид хувьцааг нь буцаах үүргийг хүлээнэ.
8. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцааг хариуцагч нарт шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бие даасан шаардлага гэж дүгнэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас ******* ХХК-ийн энгийн хувьцааны 732.5 ширхэг буюу 25 хувийн хувьцааг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх үр дагавартай байх, мөн Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа нь тоо /ширхэг/-гоор илэрхийлэгдэх тул ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгана.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас ******* ХХК-ийн энгийн хувьцааны ******* буюу 50 хувийн хувьцааг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг хувьцааг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж хариуцагч *******, ******* нараас 178,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ