Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 602

 

 

   2019        06          19                                   2019/ШЦТ/602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын техникч, "Тэнгэр инвест" ХХК-д индүүний оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт  , ял шийтгэлгүй, З.Л,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч З.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвар замд "Тоёота приус-20" маркийн, 85-78 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хүүгийн хөлний яс зөрүүтэй эдгэж байгаа. Тархи нь хөдөлсний улмаас тархи, толгой нь байнга өвдөж байгаа. Хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг аваагүй. Өдрийн 2000 төгрөгийн үнэтэй шарлага хийлгэж байгаа. Миний хүү сургалтад сууж байсан. Одоо энэ сургалтандаа явж чадахгүй байгаа учраас сургалтын төлбөрөө нэхэмжилнэ. Мөн хүү маань сэтгэл санааны гутралд орсон” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед 32-ын тойргийн уулзварын явган хүний гарцаар гарах гээд гарцны гэрлэн дохио ногоон асаж байхаар нь гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн, жолооч надад анхааруулж дуут дохио өгөөгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Ч.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед шинэ замаас 32-ын тойрог хүртэл машинтай явж байсан. 100 айлаас 32-ын тойрог руу эргэх уулзвараар орж байтал хажуу талын туслах замын явган хүний гарц дээр зам гарч явсан явган зорчигчийг “Тоёота приус-20” маркийн автомашин мөргөсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “...Б.Энх-Амгалангийн биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, 2 тохойн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх 4528 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Чингэлтэйн өргөн чөлөө, 32-ын уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 80 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Жолооч З.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн, явган зорчигч Б.Энх-Амгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй" гэх 190 дугаартай магадлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-48 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /хх-ийн 26-27, 62-63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч З.Л-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  З.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвар замд "Тоёота приус-20" маркийн, 85-78 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч З.Л-ийн гэмт үйлдлийг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бямбасүрэн нь насанд хүрээгүй хохирогч П.Энхманлайн эмчилгээний зардалд нийт 244.600 төгрөг /хх-ийн 26, 62, 64-69 дугаар хуудас/ нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч З.Л нь 213.400 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл хохирлын төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн 40.538 төгрөгийг гаргуулж хохирогч П.Энхманлайд олгож, хохирогч П.Энхманлай нь эмчилгээний зардалд 750.000 төгрөг, сургалтын төлбөрт 720.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

             ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З.Л-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Лхагва-Эрдэнийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  З.Л-г шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Л-эс 40.538 /дөчин мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Энхманлайд олгож, хохирогч сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сургалтын төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шүүгдэгч З.Л-н 1105181 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.  

            8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ