Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5981

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75 дугаар байр, 19 тоотод оршин суух Адуучин овогт Батчулууны Одонтунгалаг /Регистрийн дугаар УК91010920/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75 дугаар байр, 19 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жардин хотхон, 404 тоот хаягт оршин суух Ширнэн овогт Алтангэрэлийн Зулхүү /Регистрийн дугаар ЛЮ89121676/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одонтунгалаг, хариуцагч А.Зулхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Одонтунгалаг миний бие нь 2011 онд А.Зулхүүтэй танилцаад, улмаар 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 9110000836 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү З.Ууганжаргал мэндэлсэн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 3 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байна. Хүү З.Ууганжаргал маань миний асрамжинд амьдарч байна. Хүү З.Ууганжаргалыг миний асрамжинд  хэвээр үлдээж, эцэг А.Зулхүүгээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 75 дугаар байрны 19 тоотод байрлах 2 өрөө байрнаас надад болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: “Бид хоёрын дундын өмчлөлийн байр нь 49,612,000 төгрөгийн лизингтэй байр байгаа. Энэ лизингийг хаалгах хүсэлтэй байна. Би 20 жил энэ байрны лизингийг ганцаараа төлж, хариуцаж авахыг хүсэхгүй байна. Уг лизинг хаалгаж байж, шүүхээр шийдвэрлэгдсэн өөрт болон хүүдээ ногдох хувийг авахыг хүсэж байна. Гэр бүлээ цуцлуулахыг хүсэж байна. Энэ хүний дарамтаас хол байхыг хүсэж байна. Эрүүл, согтуудаа байнга залгаж намайг дарамталдаг. Гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамждаа авч, А.Зулхүүг хүүхэдтэй уулзахыг нь багасгах хүсэлтэй байна. Надад гар хүрч байсан удаатай. Гэр бүлээ цуцлуулаад амар тайван амьдрахыг хүсэж байна” гэв.

 

Хариуцагч А.Зулхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Алтангэрэл овогтой Зулхүү нэхэмжлэгч Б.Одонтунгалаг бид нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 75 дугаар байрны 19 тоотод байрлах 2 өрөө байрыг нэхэмжлэгч Б.Одонтунгалаг болон хүү З.Ууганжаргалд үлдээх хүсэлтэй байна. Миний бие хүү З.Ууганжаргалтай тогтмол уулзаж байх хугацааг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.

Хариуцагч А.Зулхүү шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б.Одонтунгалаг бид ханилаад 5 жил болж байна. Нэг сайхан хүүтэй болсон. Энэ амьдралын төлөө их зүтгэсэн, хичээсэн. Би чиний хүслийг биелүүлдэг, эрхлүүлдэг байсан. Би Замын-Үүдийн тостой жолоочоос Засгийн газрын ордон хүртэл хичээсэн. Б.Одонтунгалаг нэг ном уншаад, нэг кино үзээд л хүсэл мөрөөдлөө өөрчилдөг байсан. Би шүүхээс хүүхэдтэй уулзах хугацааг албан ёсоор тогтоолгохыг хүсэж байна. Б.Одонтунгалаг 03 дугаар сарын 19-ний өдөр гараад явсан, үүнээс хойш хоол хүнс, хүүгийнхээ хэрэглээний зүйлсийг би авч өгдөг байсан. Бидний байр 49,612,000 төгрөгийн лизингийн үлдэгдэл байгаа нь үнэн. Цаашид тэр төлбөрийг төлөхгүй. Байрнаас өөрт ногдох хэсгийг авахгүй. Хамт амьдрах 5 жилийн амьдралдаа архи дарсанд донтож, авгай хүүхэнтэй самуурч явсангүй. Дарамтлуулдаг гэх балай үгийг битий хэлээсэй. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын хувьд юунд гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан. Эвлэрүүлэн зуучлал ингэж гэр бүлийг салгадаг бол хэцүү юм байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Хүүхдэд тэтгэмж авахыг хүссэн байсан. Би хүүхэдтэйгээ байнга уулзахыг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүүхдийн тэтгэлгийг хүүхдийнхээ дансанд хийж байхыг хүсэж байна, Б.Одонтунгалагт өгөхийг хүсэхгүй байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч А.Зулхүү хүлээн зөвшөөрчээ.

Зохигч болох Б.Одонтунгалаг,  А.Зулхүү нар 2011 оны 04 дүгээр сарын 01-нд гэр бүл болсныг 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1110000836 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-9 дэх тал/, тэдний  дундаас 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү З.Ууганжаргал /Регистрийн дугаар УК12233055/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-7 дахь тал/, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Хасагт эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн  2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-5 дахь тал/, Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /хх-4 дэх тал/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2016 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох З.Ууганжаргалыг төрсөн эх Б.Одонтунгалагийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг А.Зулхүүгээр хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Хүү З.Ууганжаргалыг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Б.Одонтунгалаг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг А.Зулхүүд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 75 дугаар байрны 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдэд ногдох хувийг авахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, орон сууцны өөрт ногдох хэсгээс татгалзаж тус орон сууцыг нэхэмжлэгч Б.Одонтунгалаг, хүү З.Ууганжаргал нарт  өгөх санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, зохигчид өөр эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Адуучин овогт Батчулууны Одонтунгалаг /Регистрийн дугаар УК91010920/, Ширнэн овогт Алтангэрэлийн Зулхүү /Регистрийн дугаар ЛЮ89121676/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү З.Ууганжаргалыг төрсөн эх Б.Одонтунгалагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Ширнэн овогт Алтангэрэлийн Зулхүү /Регистрийн дугаар ЛЮ89121676/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү З.Ууганжаргал /Регистрийн дугаар УК12233055/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, 75 дугаар байрны 19 тоот, улсын бүртгэлийн Ү-2204042275 дугаартай, 41,25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Одонтунгалаг, хүү З.Ууганжаргал нарын өмчлөлд үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Одонтунгалаг хариуцагч А.Зулхүүг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 54,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Зулхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 54,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Одонтунгалагт олгох, хариуцагч А.Зулхүүгээс хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,003 гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР