Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00632

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,118,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь *******-тай байгуулсан 19 жилийн хугацаатай, ипотекийн зээлийн гэрээгээр , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авсан. Энэ гэрээний үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар оролцсон.

1.2. -иар зуучлуулан *******-тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4ASSR20221222550 дугаартай ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэрээнд зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас юм.

1.3. Даатгуулагч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр осгож нас барсан. Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаанд зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100 хувь буюу зээлийн үлдэгдэл 40,605,102 төгрөгөөр төлөхөөр тусгасан. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 61 хувь буюу 23,486,609.35 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт төлсөн. Энэ асуудлаар гомдол гаргахад Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчсөн эс үйлдэхүй болон мэргэжлийн алдаа гаргасан болохыг тогтоож, даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,118,493 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Даатгуулагч *******, ******* нар *******-иар зуучлуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4ASSR20221222550 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр осгож нас барсан. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд даатгагчаас уг тохиолдолд нь гэрээнд заасан эрсдэл учир нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаж, даатгалын нөхөн төлбөрийг олгосон.

2.2. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5, энэ журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг үндэслэн зээлдэгч буюу ******* нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцахаар бөглөж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамтран зээлдэгч *******оор гарын үсэг зуруулсан хуудсыг даатгагчид ирүүлсэн нь даатгалын тохиолдол гарсны дараа төлбөрийн хариуцах хувийг тогтоож, мэдүүлгийн хуудсыг нөхөн бөглүүлж, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.3. Дээрх хуурамчаар бүрдүүлсэн баримтыг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй байсан тул банкнаас ирүүлсэн анх зээл олгох үеийн буюу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлдэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажсан цалингийн дундаж болох 856,152 төгрөг, хамтран зээлдэгчийн лавлагаагаар баталгаажсан 561,793 төгрөгийн тэтгэвэр нийт 1,417,945 төгрөгийн өрхийн орлогод зээлдэгч тус бүрийн эзлэх хувийг тооцоолоход үндсэн зээлдэгч ******* нь 61 хувийг хариуцахаар орлоготой байсан тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.8-д заасны дагуу нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс үндсэн зээлдэгчийн хариуцах 61 хувьд буюу 23,486,609 төгрөгөөр тооцож нөхөн төлбөр олгосон.

2.4. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.2-т ...Орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр хариуцах хувиар даатгалын үнэлгээг гэрээнд тусгасан байна гэж, мөн 4.5-д ...Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан үүргийг зуучлагч буюу ******* биелүүлээгүй болох нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9/2938 тоот шийдвэрээр нотлогдож байх тул *******-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.5. Хэд, хэдэн удаагийн зээл шилжих явцад -тай ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулсан ба уг гэрээгээр зээлийн төлбөрийг ******* 50 хувь, ******* 50 хувь хариуцахаар байсан нь хариуцагчийн нөхөн төлбөр тооцоолж олгосноос багаар тооцоологдох үндэслэлтэй байсан нь нотлогддог.

Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч *******-иас 17,118,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 243,542 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа буюу амь насны даатгалын гэрээг байгуулжээ. Тус гэрээгээр даатгалын үнэлгээг 40,605,102 төгрөгөөр тооцож, мөн *******ыг үндсэн зээлдэгчээр буюу 100 хувь зээлийг хариуцах байдлаар тэмдэглэсэн байна гэж, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь үндсэн зээлдэгчээр Э.Энхболд байхаар, зээлийн төлбөрийг хариуцах хувийг ******* 100 хувь хариуцахаар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг бөглөсөн байх боловч талуудын анх байгуулсан гэрээнээс талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх боломжтой байна гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4ASSR20231228614 дугаар ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээг байгуулахдаа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д заасан үүргээ зуучлагч, даатгуулагч нар биелүүлээгүй бөгөөд Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас-ыг үндсэн зээлдэгч буюу ******* нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцах мэтээр худал бөглөж, даатгагч нь зуучлагч болон даатгуулагчаас мэдүүлгийн маягтыг шаардахад 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барж даатгалын тохиолдол үүссэнээс хойш 2 сарын дараа зуучлагч нь хамтран зээлдэгч *******оор гарын үсэг зуруулан даатгагчид ирүүлсэн ба даатгалын тохиолдол гарсны дараа зээлийн төлбөр хариуцах хувийг тогтоож, мэдүүлгийн хуудсыг нөхөн бөглүүлж, хуурамч баримт бүрдүүлсэн буюу аливаа тооцоолол баримтгүйгээр нас барсан зээлдэгчийн зээлийг 100 хувь хариуцах мэтээр нас барсны дараа хамтран зээлдэгчээр бөглүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байхад шүүх дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т Талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээний 7.6-д Даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно гэж заасан байх ба гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлд заасан тохиолдлууд нь бусад нөхцөлөөр нас барах болон хөдөлмөрийн чадвараа алдах үеийн зохицуулалт байх тул гэрээний энэ заалтаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх нөхөн төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан /хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдсан/ тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд уг гэрээ нь хамтран зээлдэгчтэй тул, хариуцагчийн зүгээс нас барсан зээлдэгчийн зээлийг хариуцах хувиар тооцоолон нөхөн төлбөр олгосон байхад шүүх хамтран зээлдэгчтэй зээлийн зохицуулалтыг хэрэглээгүй нь тус шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлд заасан тохиолдлууд нь бусад нөхцөлөөр нас барах болон хөдөлмөрийн чадвараа алдах үеийн зохицуулалт байх тул гэрээний энэ заалтаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх, нөхөн төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна гэж дүгнэхэд нөлөөлсөн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний эрсдэлийг буруу тайлбарлан дүгнэсэн байна. Уг гэрээгээр даатгагч зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд даатгасан бөгөөд гэнэтийн ослоос өөр аливаа нөхцөлөөр нас барах эрсдэлийг даатгаагүй, мөн зээлийн үлдэгдлийг аливаа нэг зээлдэгч нас барахад бүрэн хариуцах нөхцөл биш юм.

4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т Нэхэмжлэгч нь Орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг байгуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь хэргийн маргаанд хамааралтай бус, маргаанд хамааралтай харилцаа үүсэхээс өмнөх үеийн харилцаа байх тул эдгээр баримтуудыг дүгнэх шаардлагагүй гэж үзэв гэж дүгнэсэн ба хариуцагчийн хариу тайлбар татгалзахаа нотлохоор шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудад шүүх дүгнэлт өгөөгүй.

Хариуцагчийн зүгээс нөхөн төлбөр хянах шатанд Худалдаа хөгжлийн банкнаас үндсэн зээлдэгч *******ыг тухайн зээлийн хариуцах хувийг 100 хувь хариуцахыг нотолсон баримт болон зээлийн судалгаа, орлогын баримт зэргийг ирүүлэхийг шаардсан боловч тийм баримтуудыг ирүүлээгүй, байхгүй гэсэн хариуг өгсөн тул анх зээл авах үеийн зээлдэгч нарын орлого болон даатгалын тохиолдол гарах үеийн зээлдэгч нарын орлогыг судалсан байдаг.

Даатгалын тохиолдол болон үеийн зээлдэгч нарын орлогыг нийгмийн даатгалын лавлагаагаар тооцоолон үзвэл ******* нь 2021 оны 12 сараас хойш аливаа эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эсрэгээр хамтран зээлдэгч ******* нь 2021 оноос хойш сар бүр дунджаар 2,800,000 төгрөгийн цалин авч орлого олдог болох нь тогтоогдож байсан тул хариуцагчийн зүгээс анх зээл авах үеийн орлогоор тооцоолол хийн нас барсан зээлдэгчийг зээлийн 61 хувийг хариуцахаар тооцоолж нөхөн төлбөр олгосон байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд нотлох баримтаа гарган өгч, хариуцагчийн хариу тайлбар татгалзлыг үгүйсгэх нотлох баримт буюу нас барсан зээлдэгч *******ыг зээлийн төлбөрийн 100 хувь хариуцах хэмжээний орлоготой байсан талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй байдаг.

Банк эрх бүхий хуулиин этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д тус тус заасны дагуу хамтран зээлдэгч тус зээлд үндсэн зээлдэгчийн адил зээлийн төлбөрийг хариуцан төлөх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч өөрийн хариуцах зээлийг хариуцагчаар үндэслэлгүй төлүүлснээр барьцааны зүйлээс хэсэгчлэн өмчлөх шаардах эрх үүсэх эсэх, цаашид үүсэх өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өвлөгч нараас шаардах, хууль ёсны өвлөгч нар болон хамтран зээлдэгч нарын хооронд үүсэх өвийн маргааныг өвлөх эрхийн гэрчилгээгүй, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан шаардах эрх өвлөгдсөн эсэх нь тодорхойгүй үед шүүх урьдчилан шийдвэрлэх үндэслэлгүй.

4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т Иргэний хуулийн 443.8-д Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй гэж заасан тул хамтран зээлдэгч *******ын эцэг ******* нь тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж шүүх дүгнэв гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Уг дүгнэлтээс үзэхэд даатгуулагч *******ын шаардах эрх түүнтэй хамтран амьдран суугаа гэр бүлийн гишүүдэд хамаатай байхад түүний зөвшөөрөлгүй буюу өвийн гэрчилгээ байхгүй үед ******* шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Зээлийн барьцаа хөрөнгө болох ,,, хаягт байрлах улсын бзртгэлийн дугаартай орон сууцыг ******* нь дангаар өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог бөгөөд ******* өмч биш, өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй, хэн өвлөсөн, хэдэн өвлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байхад нас барагчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.8-д заасны дагуу *******ын өмчлөлийн орон сууцны зээлийг хамтран зээлдэгч ******* түүний зөвшөөрөлгүй шаардах эрхгүй, өвийн гэрчилгээ хэрэгт байхгүй, мөн үндсэн зээлдэгчтэй хамтран амьдардаггүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр даатгалын гэрээ байгуулсан бөгөөд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэхийг *******-иас шаардаж, энэ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Өв залгамжлалын асуудал нь даатгалын эрх зүйн харилцаанд яригдахгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үүргийг *******-иас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5.2. Даатгалын гэрээний 7.6-д даатгагч даатгуулагчийг гэнэтийн ослоос нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно гэж заасан. ******* осгож нас барсан нь гэнэтийн осол мөн. Үүнд анхан шатын шүүхэд хариуцагч талаас гэнэтийн осол биш гэх байдлаар маргаагүй учраас 100 хувь хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна.

5.3. Хариуцагчийн зүгээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын 7.8-д заасныг үндэслэж тайлбарладаг. Уг заалт нь энэхүү харилцаанд хамааралгүй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн олговор 17,118,493 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй, зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсны улмаас үйл баримтыг буруу дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх байдлаар залруулах боломжтой байна.

3.1. *******, ******* нар нь -тай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г 20 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрх 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ОСЗГНГ2305/200512/1/ дугаартай гэрээгээр -д, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2623001028 дугаартай гэрээгээр *******-д тус тус шилжсэн байх ба дээрх зээлийн гэрээг үндэслэн ******* нь *******, ******* нартай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг тус тус байгуулсан, даатгуулагч ******* 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нас барж, даатгалын тохиолдол бий болсон, улмаар даатгалын нөхөн төлбөрт 23,486,609 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 6-8, 112-115, 125-132 дугаар тал/

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний асуудал нь талуудын маргааны зүйл болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсэгт даатгагч нь Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг хуулийн дагуу эцэг *******од шилжихээс гадна нэхэмжлэгч нь даатгалын гэрээний нэг тал болсон байх тул тэрээр даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Иймд шаардах эрх өвлөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэм хорын хохирлын талаар гуравдагч этгээдэд шаардлага гаргах зохицуулалтаар тайлбарласан нь алдаатай болсон. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

3.3. Талуудын байгуулсан гэрээний 7.6-д Даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно, 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно гэжээ.

Харин зээлдэгч нарын зээлийн төлбөрт эзлэх хувийг хэрхэн тогтоох талаар гэрээний 3.3-т үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн төлбөр хариуцах хувийг банк даатгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр Мэдүүлгийн маягт дээр даатгуулагчийн бичсэн хувиар тогтоох ба хэрэв даатгуулагч Мэдүүлгийн маягтыг бөглөөгүй бол банк бие даан тогтоож, ипотекийн даатгалын гэрээнд тусгана гэж зохицуулжээ. Ийнхүү тохирсон ёсоор даатгуулагч нараар Мэдүүлгийн маягт бөглүүлж, баталгаажуулаагүй боловч талууд гэрээгээр зээлдэгч нарын зээлийн төлбөрт эзлэх хувийг үндсэн зээлдэгч ******* зээлийн төлбөрийг 100 хувь хариуцах-аар тогтоосон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

Үүнээс гадна 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж заасан. Энэхүү журмаар Мэдүүлгийн маягтыг бөглүүлж, баталгаажуулах нь даатгагч, даатгалын зуучлагчийн үүрэг байх тул уг маягтыг бөглөөгүйд даатгуулагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх маягтыг даатгалын тохиолдол бий болсны дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр *******оор бөглүүлж, зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувийг 100 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, мэдүүлгийн маягтыг хэзээ бөглөснөөс үл хамааран талууд гэрээгээр зээлийн үлдэгдэл дүнгээс үндсэн зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

3.4. *******, нар нь -тай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-гээр орон сууцны зээлийн зориулалтаар 83,115,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 1,3 жилийн хугацаагаар зээлж, зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн, уг гэрээг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ болгон өөрчилж, зээлийн төлбөрийг зээлдэгч *******, ******* нар төлөх үүрэг хүлээж, хамтран үүрэг гүйцэтгэгч солигдсон нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцнэ. /хх-ийн 121-132 дугаар тал/

Улмаар дампуурсантай холбогдон дээрх гэрээний зээлдүүлэгчийн эрх -д шилжиж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу *******, ******* нар нь -тай 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба тухайн гэрээгээр зээлийн төлбөр хариуцах хувийг үндсэн зээлдэгч ******* 50 хувь, хамтран зээлдэгч ******* 50 хувь гэж тогтоож, зээлийн үлдэгдэл дүнгээс дээрх хувиар тооцож, даатгалын нөхөн төлбөр олгохоор тохирчээ. /хх-ийн 112, 145-147 дугаар тал/

Аливаа гэрээний эрх, үүрэг нь тухайн гэрээний талуудын хооронд үүсэх тул -тай байгуулсан гэрээний тохиролцоо нь хариуцагч байгууллагын хувьд даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд зааснаас багаар тооцох үндэслэл болохгүй.

4. Иймд хариуцагч байгууллага нь даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл дүнг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

4.1. Хэрэгт авагдсан *******-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 7-472/163 дугаартай албан бичгээр /хх-ийн 135/ даатгалын тохиолдол бий болох үеийн зээлийн үлдэгдэл дүнг 40,805,105 төгрөг гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх даатгалын үнэлгээг зээлийн гэрээ байгуулах үеийн үлдэгдэл дүн болох 40,605,102 төгрөгөөр тогтоож, даатгалын нөхөн төлбөрийг уг дүнгээр тооцож, үүнээс хариуцагч байгууллагын олгосон 23,486,609 төгрөгийг хасаж, үлдсэн 17,118,493 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

5.1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2623001028 дугаартай зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас, хэдий хэмжээгээр шаардах нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч *******-ийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан. Иймд банк үндсэн зээлдэгч ******* зээлийн төлбөрийг 100 хувь төлөх боломжтой байсныг судалсан эсэх, зээлийн судалгаа хийсэн эсэх нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд зааснаас өөрөөр тооцох үндэслэл болохгүй тул зээлдэгч нарын орлогыг тооцоолж, 61 хувиар даатгалын нөхөн төлбөрийг олгосон нь үндэслэлтэй байсан гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА