| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0215/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/223 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/223
2019 07 29 2019/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Д.Хонгорзул,
Хохирогч Х.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Д.Б холбогдох эрүүгийн 1934004480244 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б, 1970 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 1а-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 000000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Бнийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай охин Одончимэг алдарт эхийн одон авах болоод би цэцгийн дэлгүүр хайж явж байгаад урд таксины зогсоол дээр байх дэлгүүр лүү орсон. Тэгээд буцаж гарч ирээд хөдлөх гээд зогсож байхад нэг хөгшин ирээд таксинд явах уу гэхээр нь би явахгүй гэсэн чинь пизда минь наанаасаа зайлаач, хөдлөөд өг зам тавьж өг гэхээр нь би уурлаад чи юу гээд байгаа юм гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгсэн намайг заамдаж авахаар нь би нэг удаа цохисон чинь газар унасан. Тэгээд манай охин одонгоо авах цаг нь болчихсон байсан болохоор би яараад яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй. Би тэр хүнийг харж байснаас өөр нарийн зүйл байхгүй. Намайг пизда минь гэж хэлээд зам тавиад өг зайл гэхээр нь уурлаад машинаасаа бууж ирэхэд заамдаад хавиргыг чинь хадна гэхээр нь уурлаад нэг удаа алгадсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ хүн надаас 1 сая төгрөг өгчих тэгвэл гомдолгүй гэж хэлнэ гэсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Д-ийн өгсөн: Би андууд захаас хүүхдэдээ гутал, өөртөө нүдний шил авах гээд явсан. Би он сарыг нь сайн санахгүй байна. 5 дугаар сар байсан. Д.Б такси явдаг зам дээр машинтайгаа согтуу зогсож байсан. Тэгээд би таксинд явах уу гэсэн чинь явахгүй гэхлээр нь би явахгүй юм бол замаа чөлөөлчих гэсэн намайг зам чөлөөлүүлдэг хэн юм бэ гээд цохисон. Би Д.Бийг цохиогүй. Миний цус тогтохгүй байсан. Хоёр хүүхэд ирээд цус тогтоогоод эмнэлэг орсон. Тэгээд эмч нар нь олдохгүй байсан. Сэхээний эмч ирээд дарж үзчихээд та зүгээр гэсэн. Миний эрүүл мэндийг Д.Б хохироосон. Миний хамрыг мурийлгасан, өөрөө согтуу байсан. Цагдаа 1 цагийн дараа ирсэн. Намайг дэслэгч Нямбаяр гэж цагдаа дуудаад хаана гомдол өгсөн юм гэсэн. Би даралт ихтэй. Би 75 нас хүрээд хамраа мурийлгасан. Энэ хүнд энэрэх сэтгэл ерөөсөө байхгүй. Миний хохирлыг барагдуулаагүй. Би цагдаа дээр ирээд буцахад 2000 төгрөгөөр явдаг. Миний даралт ихэсдэг болсон. Ямар хуулийн хариуцлага байна эцэст нь хүртэл миний гомдлыг барагдуулж өг. Би 3 настай хүүхэд хардаг. Байцаагч нь миний цус гарсан зургийг авсан хэрэгт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надаас маш их цус гарсан. Миний хохирлыг төлж чадахгүй гэж байсан. Намайг их доромжилж байна. Хуулийн хариуцлага дээд зэргээр шийтгэж өгмөөр байна. Би янз бүрийн юм болоод үхвэл яах юм. Д.Б хоригдохгүй, гадуур яваад л байсан. Байцаагч Батцэцэг нь таныг үхсэн байхад энэ хүнийг хорино, амьд байхад хорихгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №360 дугаартай дүгнэлт: 1.Х.Дийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд бус шарх, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 14/,
шүүгдэгч Д.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 22/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 23/, эмчлүүлэгчийн карт 2 хуудас /хх 26-27/, захиргааны зөрчил шийдвэрлэлтийн бүртгэл /хх 29-31/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б нь хууль зүйн хувьд хохирогч Х.Дтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х.Д-той үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын нуруунд бус шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Дийн мэдүүлэг, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №360 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь хохирлын баримт гаргаж өгөөгүй учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Х.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Ял шийтгэл нийгэмшүүлэх зорилготой учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934004480244 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934004480244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч Х.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ