| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/05007/И |
| Дугаар | 210/МА2025/00634 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00634
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01471 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох
Гэм хорын хохирол 460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* тоотын гэх айлаас халуун усны шугам /тоолуур/ гэмтэж их хэмжээгээр ус алдаж, ******* өмчлөлийн орон сууцны цахилгааны монтаж гэмтэх, хана таазны шохой замаск норж хуулран, хана таазны ихэнх нь шарлаж загалтсан.
1.2. Улмаар ******* дуудлага өгч ус алдалтыг зогсоосон бөгөөд тус байгууллагын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн актаар******* тоот айлын хэрэглээг тоолдог халуун усны тоолуураас ус алдсан нь тогтоогдож, айлд нь тоолуур захиж, тоолуурыг сольсон.
1.3. Иймд дээрх ус алдалтаас үүссэн хохирол 300,000 төгрөг, мөн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ус алдсаны улмаас үүдэн гарсан хохирол 160,000 төгрөг нийт 460,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн ******* гэсэн байрны дээд давхарт *******,*******,*******,, тоот гэсэн 6-7 байрууд байдаг бөгөөд******* тоот байрны дотроос тухайн өдөр ус алдаагүй. Тоолуур нь айл дотроо биш каналд байрладаг, канал нь айлаас зайтай лифтний хажууд давхартаа байдаг болох нь актаар нотлогдож байгаа, нь цоож зүүж түлхүүрийг нь хадгалж, тоолуурын заалт авах болон сангийн үйлчилгээ хийдэг. Иймд тоолуураас ус алдах асуудлыг хариуцдаг нь ойлгомжтой байна.
2.2. тогтоосон актад 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр******* тоот байран дотроос ус алдаагүй, харин тус байрны гадна байрлах усны тоолуурын хэсгээс ус алдсаныг тэмдэглэсэн байна. Уг тоолуурын эзэмшигч нь******* тоот боловч цоожтой хаалганы цаана ус алдаж байгааг таашгүй.
2.3. Мөн нэхэмжлэлд хавсаргасан гэмтлийн болон засварт гарсан зардлыг харуулсан баримтууд нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч баримтууд болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 8,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хэрэг үүсгэх процесст ноцтой алдаа гаргасан. Учир нь нэхэмжлэгчийн ирүүлсэн гэм хорыг арилгуулах хүсэлт, нотлох баримтууд хэрэг үүсгэх үндэслэл багатай байтал шүүх хуралдааныг даргалагч шүүгч зориуд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл бүхий хэрэг нээх шийдвэрүүдийг 2 удаа гаргаж, Ерөнхий шүүгчээрээ өөрөө энэ хэргээ шийдвэрлэхээр бүрэлдэхүүн томилуулах шийдвэрт мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн захирамжийг гаргасан нь шүүхийн шударга, үнэн зөв ажиллах зарчмуудыг ноцтой зөрчин, ёс зүйн болон процессын том алдаа гаргасан нь илт байна.
4.2. Хариуцагчийн******* тоот дотроос ус алдаагүй. Магадгүй тус******* тоотын айлаас 8м-т зайтай орших давхрын бүх айлуудын усны хэрэглээг тооцдог, тусдаа хаалга цоожтой байдаг жижиг өрөөнд болсон байж болох. Гэхдээ тоолуурын өрөөг орон сууцны конторын үүрэг гүйцэтгэгч мэдэлд ашиглалтад орсон цагаас цоожтой, айлуудаас зайтай байдаг талаар тус байрны ******* албан бичгээр тодорхойлолт ирүүлснийг хэргийн материалд өгсөн.
Ус алдалтыг тоолууруудтай өрөөг дангаараа цоожлон ашиглаж, эзэмшдэг актаар тооцож байгаа нь ноцтой зөрчил бөгөөд ус тэндээс алдсан бол торгууль, хариуцлагаа бүрэн хариуцах ёстой. Иймд эргэлзээ бүхий ойлгомжгүй, өөрөө өөрийн үйл ажиллагааны алдаа дутагдлыг бусдад тохох гэсэн ийм актыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг үндэслэн гэм хорын шийдвэр гаргах нь ч эргэлзээтэй юм.
4.3. Нэхэмжлэгчийн ирүүлсэн хохирлын фото зураг нь байрных мөн эсэх нь тодорхойгүй, тухайн цаг хугацаа нь тэмдэглэгдээгүй, засвар хийсэн гэх гэрээ дүгнэсэн мөнгө төлсөн баримтууд нь нэг өдөр нэг гараар хийсэн, мөнгө шилжүүлсэн нь дансны баримт, НӨАТ-ын баримтгүй, ийм эргэлзээтэй материалууд хавтас хэрэгт орсон. Энэ талаар шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ хуурамч материалууд байгаа нь төлбөрийн баримтын шаардлага хангах боломжгүйг хэлсэн. Иймд тухайн засварыг хийсэн эсэх, ус алдсан эсэх нь эргэлзээтэй.
4.4. Нэхэмжлэгч хуурамч материал бүрдүүлэн нэхэмжлэл гаргаж, түүнийг нь зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгч хэрэг нээж, хуулийн заалтыг нягтлан үзэлгүй, гэм хорын төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан нь шүүгч нэг талыг барьсан байж болох, мөн олон эргэлзээтэй баримтуудад үндэслэн шийдвэр гарсан байгаа тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг цуцалж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад******* тоот айлаас ус алдсан талаар талууд маргаагүй. Тоолуур гэмтэлтэй байсан учраас ус алдсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. нь айл өрхийн усны тоолуурыг гадны хүн гэмтээх, хулгайд алдагдахаас урьдчилан сэргийлэн каналын хаалганд кодтой цоож хийлгэсэн. Айл тус бүрт кодыг нь хэлж мэдэгдсэн.
5.2. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр төлбөрийн баримт шаардлага хангагдахгүй байгаа үнийн дүнд итгэж болох эсэх нь эргэлзээтэй гэсэн. Шүүхийн шийдвэрийн 3 дугаар талд тусгагдсан. Хуурамч байх, нотлох баримтын шаардлага хангахгүй байх нь хоорондоо ялгаатай. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ус алдсаны улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ус алдсаны улмаас учирсан хохиролд 160,000 төгрөг нийт 460,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээ олгожээ. /хх-ийн 8 дугаар тал/
3.2. ******* 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт-д ..., дүгээр байрны цэвэр усны канал дотор******* тоотын хэрэглээг тоолдог халуун усны тоолуураас ус алдсан ба айлд нь тоолуур захиж халуун усны тоолуур солив, ...******* тоотын хойд өрөөний таазны шохой норж хуурсан хананы шохой норсон байдалтай байна. гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/
3.3. Хариуцагч нь ******* тоот орон сууцны өмчлөгч мөн эсэх асуудлаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн эсэх асуудал болжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
4.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, 15.1.12-т өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч нь дээрх хуульд зааснаар өөрийн эзэмшилд байгаа усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас тус тоног төхөөрөмжөөс ус алдаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн усны ашиглалт, хэрэглээг тооцох тоног төхөөрөмж болох тоолуурыг хаана суурилуулснаас үл хамааран хэрэглэгч нь тухайн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хариуцах үүргийг хуулиар хүлээнэ.
4.2. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг уг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ус алдалтын улмаас нэхэмжлэгч нь байрны таазанд учирсан эвдрэл, гэмтлийг засварлуулж, 250,000 төгрөгийн зардал гаргасан талаарх нотлох баримтыг /хх-ийн 11 дүгээр тал/ хариуцагч нь хуурамч баримт гэж маргасан боловч уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй, холбогдох тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлоогүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан дээрх баримтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 250,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар 210,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...эзэмшигч хариуцах ёстой бол нэхэмжлэлийн дүнгийн 2024 оны 3 сард холбогдох хэсгийг хариуцах ёстой байх... гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлт нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн гэж шүүхийн шийдвэрт тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргаж буй эрх зүйн актад талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцааг зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА