Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00656

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01412 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

29,929,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хүү ******* 2023 оны 7 дугаар сард зуурдаар нас барсан. ******* нь *******тэй 2022 оны 10 дугаар сараас танилцаж, ойр дотно харьцаанд орж 2023 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд *******ий амьдардаг орон сууцанд ирж очдог байсан.

1.2. *******ий ******* болон ******* данснуудын гүйлгээний хуулгыг авч үзэхэд ******* нь болон дугаартай данснуудаар 2022.09.20-ны өдөр 700,000 төгрөг, 2022.10.04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.10.09-ний өдөр 810,000 төгрөг, 2022.10.31-ний өдөр 100,000 төгрөг, 2022.11.03-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 200,000 төгрөг, 2022.11.05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 150,000 төгрөг, 2022.11.06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөг, 2022.11.13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.11.18-ны өдөр 55,000 төгрөг, 2022.11.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022.12.29-ний өдөр 100,000 төгрөг, 2022.12.21-ний өдөр 45,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2023.04.21-ний өдөр 9,500,000 төгрөг, 2023.01.08-аас 2023.01.31-ний өдрүүдэд 9 удаагийн гүйлгээгээр 284,700 төгрөг, 2023.02.09-ний өдөр 200,000 төгрөг, 2023.02.13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023.02.26-ны өдөр 10,000 төгрөг, 2023.02.28-ны өдөр 700,000 төгрөг, 2023.03.08-ны өдөр 50,000 төгрөг, 2023.03.27-ны өдөр 15,000 төгрөг, 2023.04.12-ны өдөр 80,000 төгрөг, 2023.04.14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023.06.11-ний өдөр 30,000 төгрөг гэх мэтээр олон удаагийн шилжүүлгээр нийт 29,929,700 төгрөг хүлээн авсан байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч *******ээс 29,929,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 29,929,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 10,845,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,084,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 188,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талийгаач *******ийг 2023 оны 7 дугаар сарын 15-нд амь эрсэдсэн хойно Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд ******* Монгол Улсын хилийг орхин гарсныг шүүхэд нэхэмжлэл гаргах үед мэдсэн. Шүүх хариуцагч болох этгээд Монгол Улсын хилийг орхин гарсан тул ******* нэхэмжлэлийг түдгэлзүүлж хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүгчийн захирамж гарсан. ******* нь 2024 оны 10 дугаар сард Монгол Улсын хилээр орж ирсэн тул шүүгчийн захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. ******* нь нэхэмжлэлийг гардаж авсан байдаг боловч шүүхэд ирж шүүх хуралдаанд оролцоогүй, шүүх хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй тул шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй гэсэн цагдаагийн тодорхойлолт ирсэн учир хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.2. ******* нь хариуцагч ******* удаа дараа мөнгө зээлж байсан байдаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 9,500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Хариуцагчийн зүгээс дээрх мөнгийг зээлж авахдаа “ахын бие муу яаралтай хагалгаанд орох гээд байна” гэж хэлж зээлж авсан талаар талийгаач ээж хэлж байсан. Нэхэмжлэгч нийт зээлж авсан мөнгө 22,500,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,429,700 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагчийн зүгээс дээрх мөнгийг ямар шалтгаан нөхцөлтэйгөөр зээлж, шилжүүлж авч байсан талаарх хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өөрийн оршин суугаа газраа өөрчилж оргон зайлж алга болсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага болох 29,929,700 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* холбогдуулан 29,929,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд: 

3.1. ******* нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг иргэний бүртгэлийн байгууллага бүртгэж, гэрчилгээ олгосон. /хх-ийн 30 дугаар тал/

3.2. Нэхэмжлэгч нь нас барагч *******ий төрсөн эх бөгөөд “*******” , ******* *******ий эзэмшлийн данснаас ******* шилжүүлсэн 29,900,000 төгрөгийг шаардах эрхийг өвлөн авах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нотариатын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0067 дугаарт бүртгэсэн. /хх-ийн 30-31 дүгээр тал/

3.3. “*******” , ******* *******ий эзэмшлийн , тоот  данснаас “*******” дахь , тоот дансанд 29,929,700 төгрөг шилжүүлсэн. /хх-ийн 7-8, 17-28, 100-115 дугаар тал/   

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

4.1. ******* 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барснаар өв нээгдэж, нэхэмжлэгч нь “*******” , ******* *******ий эзэмшлийн данснаас ******* шилжүүлсэн гэх 29,900,000 төгрөгийн шаардах эрхийг буюу өвийг хүлээн авах хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нотариатчид гаргаснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт тус тус нийцжээ. 

4.2. Хэрэгт авагдсан дансны хуулгаар /хх-7-8, 17-28, 75, 100-115/ *******өөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчид 29,929,700 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч энэхүү шилжүүлгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. 

Учир нь, зээлийн гэрээ нь хоёр талын харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгөн хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй болон хүүгүйгээр буцаан төлөх үүрэг тус тус хүлээдэг. Хэргийн баримтаар хүсэл зоригийн ийм илэрхийлэл тогтоогдоогүй тул 29,929,700 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Харин хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг олж авсан үндэслэлийн талаар тайлбар гаргаагүй, хоёр талын харилцан үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

4.3. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгыг үндэслэн зарлагын гүйлгээний утгыг харгалзан, хариуцагчаас 10,845,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

Мөн дээрх дансны хуулгаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг “ donation, amjilt zaicev” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тодорхойлогдохгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Харин бусад мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээний утгаас үзэхэд хүсэл зоригийн хувьд буцаан авах агуулга илэрхийлэгдсэн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.    

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд мэтгэлцэх зарчим нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа нотлох журмаар хэрэгжинэ.

Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэй танилцсан, мөн өдөр “29,929,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Ийнхүү хариуцагч нь ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус нөхцөлд нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг *******өөс хүлээн авсан үйл баримтад маргаагүй гэж үзнэ. 

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 20,845,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 20,845,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,084,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...188,470” гэснийг “262,175” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 253,373 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

                                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Т.ГАНДИЙМАА