Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 603

 

 

 

  2019        06         19                                   2019/ШЦТ/603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

            Шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт  , урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Х.О,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна хохирогч П.Энхманлайгийн түрийвчтэй бэлэн 475.000 төгрөг, карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 501.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

-2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901-6 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг хохирогч Е.Оюунчимэгийн Хүнсний дэлгүүрийн төмөр хаалтыг төмрийн хөрөөгөөр эвдэж, улмаар вакум цонхоор нэвтэрч, орлогын мөнгө болох бэлэн 214.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, хохирогчид 214.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

-2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-391 тоотод оршин суух хохирогч П.Гомбодоржийн гээгдүүлсэн гэрийн түлхүүрийг олж, улмаар нэвтэрч, “Асер” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, түүнд 390.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж бусдад нийт 1.105.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч П.Энхманлайгийн эд зүйлийг хулгайлсан гэх нотлох баримтуудаас:

               

  Хохирогч П.Энхманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 хороо Ахмадын хотхоны гадаа ирээд машинаа зогсоолд тавьчихаад буусан чинь манай хажуу талын байранд байдаг “Дидо” гэдэг залуу гарч ирээд “танд тусалъя” гээд машинаас миний тэргийг авч өгөөд намайг суулгаад гэр рүү оруулж өгсөн. Тэгээд гэртээ ороод миний цүнх онгорхой болохоор нь цүнхээ аваад түрүүвчээ үзтэл байхгүй болохоор сандраад доошоо буугаад машиндаа очоод үзтэл байхгүй байхаар нь гайхаад байж байтал нөгөө намайг хүргэж өгсөн Дидо гэдэг залуу ...намайг хараад “та унтахгүй юу хийж байгаа юм бэ” гэхээр нь миний түрийвч байхгүй байна, ахын дүү авсан бол өгчихөө гэхэд бултганаад “би аваагүй” гэж хэлээд хамт байсан хүүхдээ явуулчихаад ирье гэж хэлээд зугтаад алга болсон. Түрийвч виза карт бэлнээр 475.000 төгрөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар түрийвч, картыг 26.800 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Хохирогч Е.Оюунчимэгийн Хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн мөнгө хулгайлсан хэргийн нотлох баримтаас:

Хохирогч Е.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 40 минутад дэлгүүрээ хаасан. Тэгээд маргааш нь 08 цаг 15 минутад орж ирэхэд манай дэлгүүрийн вакум цонхны хамгаалалт төмрийг хөрөөдөж хулгай орсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Бүрэлдэхүүн ирээд шалгахад лангуун доор байсан орлогын 214.000 төгрөг алдагдсан байсан. Өчигдөр орой манай энэ хавиар 19 цагийн орчим манай дэлгүүрээс юм зээлсэн Дидо гэх хүүхдийг сэжиглэж байна, би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө дэлгүүрээ онгойлгож орчихоод цонхоо онгойлгох гэхэд дэлгүүрийн цонх онгорхой байхаар нь гүйцэт нээж харсан чинь цонхны төмөр хамгаалалтыг таслаад нугалсан байхаар нь ...кассан дахь мөнгөө харахад нэг ч төгрөг байхгүй байхаар нь цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/377 тоот шинжээчийн "...Шинжилгээнд тэнцсэн №1, №2 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь ММ0000СБД01728 гэсэн дугаараар бүртгэгдсэн Х.О-н баруун гарын хурууны дардастай тохирч байна" гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Гомбодоржийн орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн нотлох баримтаас:

 

Хохирогч Б.Гомбодоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз Х.О, Билгүүн хоёрыг сэжиглэж байна. Учир нь Х.О над руу “чиний зөөврийн компьютерыг чинь, Билгүүний иргэний үнэмлэхээр бид хоёр ломбардад тавьсан, Билгүүнээс 48.600 төгрөг авсан” гэсэн чат фейсбүүкээр бичсэн. Ээж минь ах Эрхэмбаяр бид хоёрт худалдаж авч өгсөн юм. Би 2018 оны 11 дүгээр сард сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад гэрийнхээ түлхүүрийг хаячихсан юм. Тэр түлхүүрийг тэр хоёрын нэг нь авсан байх. Би хэн гэрт орж “Асер” брендийн зөөврийн компьютер хулгайлсныг мэдэхгүй байна, дараа нь Х.О надад "гэрийн чинь түлхүүрийг олоод гэрт чинь орж цонхны тавцан дээрээс “Асер” зөөврийн компьютер хулгайлан авсан, Баттулга энэ хэрэгт хамааралгүй” гэж хэлж байсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээгээр нийт 390.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хохирогч нар  эд зүйлсээ хулгайд алдсаныг мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна хохирогч П.Энхманлайгийн түрийвчтэй бэлэн 475.000 төгрөг, карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 501.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

-2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901-6 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг хохирогч Е.Оюунчимэгийн Хүнсний дэлгүүрийн төмөр хаалтыг төмрийн хөрөөгөөр эвдэж, улмаар вакум цонхоор нэвтэрч, орлогын мөнгө болох бэлэн 214.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 214.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

-2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-391 тоотод оршин суух хохирогч П.Гомбодоржийн гээгдүүлсэн гэрийн түлхүүрийг олж, улмаар гэрт нь нэвтэрч, “Асер” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчээс хохирогч нарын орон гэр, дэлгүүр, байранд нэвтэрч эд зүйлийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, гэрч хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, хохирогч нарт хохирол учирсаныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.О-аас төлөгдөөгүй хохирол болох нийт 689.000 /зургаан зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Е.Оюунчимэгт 214.000 төгрөг, хохирогч П.Энхманлайд 475.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв. Хохирогч Б.Гомбодорж “Асер” маркийн зөөврийн компьютерыг шүүгдэгч Х.О-аас буцаан авсан байх тул /хх-ийн 63/ хохирогч Б.Гомбодоржид төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Х.О-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.О Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан төмрийн хөрөө 2 ширхэгийг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн нийт 64 /жаран дөрвөн/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.О-т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар нийт эдлэх ялыг тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.О-ын 4 /дөрвөн/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Х.О-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 64 /жаран дөрвөн/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Х.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.О-аас нийт 689.000 /зургаан зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Е.Оюунчимэгт 214.000 /хоёр зуун арван дөрвөн мянган/ төгрөг, хохирогч П.Энхманлайд 475.000 /дөрвөн зуун далан таван мянган/ төгрөг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмрийн хөрөө 2 ширхэгийг устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ