Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их наран хаягт байрлах, “Алтан тариа” ХХК /РД:2075083/

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол амины орон сууц 5-1 тоотод оршин суух, 1962 онд төрсөн 55 настай, Тэргүүн овогт Дэжидийн Энхтөр /РД:ФД62092538/

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 20 дугаар хороо “Хээр адуу” ХХК /РД:2829452/

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 7-б байр 25 тоотод оршин суух, 1973 онд төрсөн 42 настай, Гал овогт Ганболдын Ганзориг /РД:ЧЛ73081478/

            Гэрээний үүрэгт 291.832.500 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг  2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Алтан тариа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, П.Цэрэн-Очир, хариуцагч Н.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, гуравдагч этгээд “Хээр Адуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, гуравдагч этгээд Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Алтан тариа ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Алтан тариа ХХК нь 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БХХ-96/09 дугаартай худалдах худалдан авах арилжааны гэрээ байгуулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, төлбөр төлөх нөхцлийг тохиролцсон. Худалдагч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд худалдан авагч талд нийт 194.555.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин иргэн Д.Энхтөр нь гэрээний нөхцөл ёсоор төлбөрийн дүн 179.916.000 төрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай 116 мкв талбай бүхий орон сууц оролцуулан төлбөр төлж, үлдэх мөнгийг бэлнээр шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан байсан. Гэтэл хариуцагч Д.Энхтөр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс шалтгаалан компани өнөөдрийг хүртэл биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах эрхээ эдэлж чадаагүй. Учир нь Д.Энхтөр гэрээний нөхцөл ёсоор төлбөрийн дүнд 179.916.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байр оролцуулан төлсөн гэж тухайн үедээ тохиролцож байсан боловч төлбөрт өгсөн байрны  өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр шилжүүлэлгүй өөр иргэний нэр дээр шилжүүлсэн болохыг байраа өмчлөлдөө авахыг шаардах явцдаа мэдсэн. Гэрээний дагуу гурилыг Д.Энхтөр авч ашиглаагүй, Хээр адуу ХХК авч ашигласан, орон сууцны барилгыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээг хариуцагч Д.Энхтөр Алтан тариа ХХК-тай байгуулсан. Гэрээг Д.Энхтөр байгуулж гурилыг Хээр адуу ХХК болон хариуцагч авсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна. Гэрээнд Г.Ганзоригийн нэр байгаа. Гэрээг төсөл байхаас нь эхлээд Г.Ганзориг удирдан ажиллаж, гурилыг гаргасан. Нэхэмжлэгч тал гурил худалдсан талаар нотлох баримтгүй болох гээд байсан учир гэрээнд н.Мөнхсайхан гарын үсэг зурсан нөхцөл үүссэн. Г.Ганзоригийн тайлбарласнаар П.Цэнгүүн захирал чи ав гээд байрны түлхүүр өгсөн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй.  Хариуцагч нь Г.Ганзоригт байрыг шилжүүлсэн нь гэрээний үүргийг шударгаар биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Г.Ганзориг энэ гэрээг байгуулахаас авхуулж өмчлөх эрх шилжүүлэх бүх ажиллагааг хийсэн. П.Цэнгүүн захирал тухайн байрны гэрчилгээ яагаад гараагүй, хир хугацааны дараа гарах вэ гэж асуухад байнга тайлбар хэлэн удахгүй гарна гэсээр өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хаяад явсан. Ажлыг нь хүлээлцэх бичиг баримт шалгах явцад маршал хотхон дахь 116 мкв байрны гэрчилгээ гарсан. Энэ үед Д.Энхтөртэй байгуулсан гэрээ хэрэгжээгүй, орон сууцны өмчлөх эрх Алтан тариа ХХК-ийн нэр дээр шилжээгүйг мэдсэн. Иймд гэрээний дагуу төлбөрт 116 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлээгүй, худалдах худалдан авах арилжааны гэрээний үүргийг биелүүлээгүй Д.Энхтөрөөс 179.916.000 төгрөгийг, алдангийн хамт нийт 291.832.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Энхтөр би 2009 онд Хээр адуу ХХК-нд ажиллаж байсан. Тухайн үед тус Хээр адуу ХХК-иас Д.Энхтөр миний нэр дээр орон сууцны байрны гэрээг хийж байлгаж байсан. Хээр адуу ХХК нь Алтан тариа ХХК-ны захирал Г.Ганзоригт тус байрыг шилжүүлж байрны үнэд бараа авч Хээр адуу ХХК авсан. Алтан тариа ХХК-ийн надаас нэхэмжилсэн байрны өмчлөл Г.Ганзоригийн нэр дээр шилжсэн болно. Надад энэ асуудал ямар ч хамаагүй. Асууж лавлах зүйл гарвал Хээр адуу ХХК болон Алтан тариа ХХК-ийн захирал Г.Ганзориг нар мэднэ гэжээ.

 

Хариуцагч Д.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Алтан тариа ХХК, Д.Энхтөр нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулах болсон шалтгаан нь 2 дугаар зэргийн гурилыг 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл жагсаалтаар удаа дараа худалдан авах гэрээ байгуулсан. Гурилыг худалдан авах зорилго нь Хээр адуу ХХК-ийн үйл ажиллагаанд нийлүүлэх байсан. Гэрээний үнийн дүнгийн 179.916.000 төгрөгт дүйцүүлэн 116 мкв талбай бүхий орон сууц тооцож өгөх ёстой байсан ба Д.Энхтөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимп гудамж маршал хотхоны 113 дугаар байрны 11 тоот 116 мкв талбай бүхий орон сууцны түлхүүрийг 2009 оны 12 дугаар сарын эхээр тухайн үед Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригт хүлээлгэн өгч гэрээний үлдэгдэл төлбөр болох 16.284.000 төгрөгийг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Төлбөрт тооцуулсан орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй, орон сууц өмчлөлийн гэрчилгээ гараагүй байсан тул Д.Энхтөр нь Эко констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээг өөрөөр хэлбэл 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээг Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригт шилжүүлэн өгч бичиг баримт үйлдсэн боловч Эко констракшн ХХК нь үйл ажиллагааны явцад уг бичиг баримт устсан гэдэг шалтгаанаар нотлох  баримтаар гаргаж өгөөгүй.  Хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн учраас Алтан тариа ХХК нь Д.Энхтөрөөс нэг ч удаа орон сууц хүлээлгэн өгөх талаар болон гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Алтан тариа ХХК шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь Алтан тариа ХХК нь орон сууцыг хүлээн аваагүй бол өнгөрсөн хугацаанд Д.Энхтөрөөс гэрээний үүргийг шаардсан байх ёстой. Гэтэл ямар ч шаардлага хүргүүлээгүй, гэрээ дууссанаас хойш бүтэн 5 жил 1 сарын дараа шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон энэ хооронд шаардаж байсан баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээнээс тооцсон алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэв.

 

Гуравдагч этгээд Г.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хээр Адуу ХХК, Алтан Тариа ХХК нь миний мэдэхийн 14 удаагийн хэлцэлээр худалдан авалт хийсэн. Намайг Алтан Тариа ХХК-д ажиллаж байх үед Хээр адуу ХХК нь 10 удаа худалдан авалт хийсэн. 2009 онд Алтан Тариа ХХК-ийн складанд он сар, хугацаа нь дууссан 2 дугаар зэргийн гурил маш их байсан. Тэр гурилыг Хээр Адуу ХХК-д худалдан аваач гэсэн хүсэлт тавьсаны дагуу Хээр Адуу ХХК татан авалт хийсэн. Гэрээ байгуулахаасаа өмнө нийт гурилын 95 хувийг  татан авсан бөгөөд энэ гурилыг шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан О.Мөнхсайхан /Алтан Тариа ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч/ ачсан. Гурилаа татан авч дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээг нөхөн хийсэн. Энэ гэрээнд  116 мкв талбай бүхий хэмжээтэй орон сууц төлбөрт өгөөд зөрүү 16.000.000 төгрөгийг бэлэн өгнө гэж Хээр Адуу ХХК-тай тохирсон. Д.Энхтөр бол Хээр Адуу ХХК-ийн үйлдвэрийн дарга ажилтай байсанг бид сүүлд мэдсэн. Ингээд гурил нийлүүлсэнээс хойш 2 сар орчимын дараа гэрээ байгулсан. Гэрээний дагуу байрны түлхүүрийг Хээр Адуу ХХК надад хүлээлгэн өгсөн. 16.000.000 төгрөгийг Алтан Тариа ХХК-ийн кассанд бэлнээр тушаасан. Ингээд гэрээ дууссан. Би “Маршал Таун” хотхоны 4 өрөө орон сууцны түлхүүрийг Алтан Тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүнд өөрийн биеэр гардуулж өгсөн. П.Цэнгүүн захирал байрны түлхүүрийг өөртөө сар гаран хадгалж байсан. Энэ байрандаа өөрийн том охин Ц.Юнаг амьдаруулна гэж байсан боловч дараа нь надад Алтан Тариа ХХК-д үр бүтээлтэй ажилласан гэж өгсөн. Би Алтан Тариа ХХК-д 5 том обьектыг худалдан авах гэрээг байгуулж, Алтан Тариа ХХК 22 тэрбум төгрөгний ашиг оруулсан тул надад уг байрны түлхүүрийг 2009 онд чиний хувь гэж өгсөн. Би Алтан Тариа ХХК-д нийт 22 жил буюу энэ үйлдвэрийг анх байгуулагдсанаас хойш өөрийн үйлдвэр мэт зүтгэж ажилласан. Түүний үр шим, чиний хувь гэж П.Цэнгүүн захирал надад хэлсэн. Түүнээс биш би энэ байрыг надад өгөөч гэж Алтан Тариа ХХК-д  хүсэлт өгч байгаагүй. Энэ наймаанаас хойш Хээр Адуу ХХК-тай хамтран ажиллаж байсан.  2013 онд П.Цэнгүүн захирал бид хоёр үл ялих зүйлээс болж маргасан. Үүнээс болоод би 3 өдөр ажилдаа  очоогүй. Гэтэл намайг байр машинаа хүлээлгэж өг гэсэн мессеж явуулсан байсан. Түүнээс биш би энэ захиралын ажлаас чөлөөлөх тушаалд дурьдсан шиг ажлаа хаяж яваагүй юм. Үүнийг тухайн үед хүний нөөцийн ажилтан Н.Энхцэцэг мэдэж байгаа. Энэ худалдаанаас хойш Хээр Адуу ХХК-тай Алтан Тариа ХХК 5 удаа худалдаа хийсэн. П.Цэнгүүн захиралын охин Ц.Юнагийн унаж байгаа 83-38 Ауди-100, Ланд-200, ачааны машинаар тооцоогоо хийгээд явж байсан.  П.Цэнгүүн захирал надад байрыг өгсөнөөс хойш “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа надад байрыг үл хөдлөх руу шилжүүлсэн баримтыг өгсөн. “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа нь П.Цэнгүүн захиралын охинтой гэрлэсэн тул надад гаргаж өгсөн баримтыг шүүхэд өгөхгүй байна. Тиймээс би “Эко Констракшн” ХХК-ийн захирал н.Нямдаваа эдгээр баримт бичгийг устгасан байх магадлалтай гэж хардаж байна гэв.

 

Гуравдагч этгээд “Хээр Адуу“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Алтан тариа ХХК-тай харилцаатай байгаа. Манай компани 2009 онд гурил худалдан авсан нь үнэн. Бид гэрээний дагуу Алтан тариа ХХК-д байр болон үлдэгдэл мөнгийг хүлээлгэн өгсөн. Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдан авалт хийгээд харьцаж мөнгө тушааж байхад дээрх гэрээний худалдан авалтын мөнгийг яагаад нэхэмжлээгүй юм бэ. Чив чимээгүй явж байгаад бүтэн 5 жил 1 сарын дараа 2009 оны гэрээний асуудлын талаар нэхэмжлэл гаргаж байгаад би гайхаж хувийн ашиг сонирхол байна гэж үзэж байна.  Яагаад заавал Г.Ганзоригийг ажлаас гарахаар нь байрны асуудлыг гаргаж ирж байгаа юм. П.Цэнгүүн захирал өөрөө шүүхэд ирж энэ бүгдээ тайлбарлаж оролцмоор юм. Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь хариуцагч Д.Энхтөрд холбогдох гэрээний үүрэгт 291.832.500 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь хариуцагч Д.Энхтөртэй стандартын шаардлага хангасан БГ-115/25 /2 дугаар гурил/ 17.440 шуудай буюу 196.200.000 төгрөгний гурилыг нийлүүлэх, худалдан авагч Д.Энхтөр нь худалдагчийн нийлүүлсэн 196.200.000 төгрөгийн төлбөрт Монгол улсад мөрдөгдөж буй барилгын стандартын шаардлага хангасан 116 мкв хэмжээтэй, 1 мкв-ын үнэ 1100 ам доллар ба нийт 127.600 ам доллар буюу 179.916.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нийлүүлэх, худалдан авагч Д.Энхтөр нь арилжиж буй барааны үнийн зөрүү болох 16.284.000 төгрөгийг худалдагч талд бэлнээр болон шилжүүлгээр төлөх, гэрээний хугацаа 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохиролцож Худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулсан болох нь №БХХ-96/09 дугаартай гэрээ, гэрээний дагуу хариуцагчийн худалдан авсан барааны жагсаалт, зохигч, гуравдагч этгээд нарын тайлбараар тус тус тогтоогджээ.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зохигч 2009 оны 07 дугаар сарын 28-наас 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд БГ-115/25 2 дугаар зэргийн гурилыг хүлээлцэж энэ явцдаа 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 сарын хугацаатай гэрээг нөхөж хийсэн талаар болон гэрээний хувьд  маргаангүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “хариуцагч Д.Энхтөр гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй. Г.Ганзориг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаас гарахад орон сууц компанийн нэр дээр шилжиж ирээгүйг мэдсэн тул энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо маршал хотхоны 113 дугаар байр 11 тоот 116 мкв талбай бүхий орон сууцын түлхүүрийг 2009 оны гэрээний хугацаанд Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Ганзоригт хүлээлгэн өгч, үлдэгдэл төлбөр 16.284.000 төгрөгийг бэлнээр төлж гэрээний үүргийг биелүүлсэн” гэж тайлбарлан тус тус маргажээ.

2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр худалдагч Алтан тариа ХХК нь 2 дугаар зэргийн 17.440 шуудай буюу 196.200.000 төгрөгийн үнэ бүхий гурилыг, худалдан авагч Д.Энхтөр 116 мкв хэмжээтэй 179.916.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг харилцан өмчлөлд шилжүүлж, Д.Энхтөр арилжиж буй барааны үнийн зөрүү 16.284.000 төгрөгийг худалдагч талд бэлнээр болон шилжүүлгээр төлөхөөр тохиролцон худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, худалдагч нь 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2009 оны 09 дүгээр сарын 14-ний хүртэлх хугацаанд гурилыг шилжүүлж, худалдан авагч барааны үнийн зөрүү 16.284.000 төгрөгийг төлж, “Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Маршал хотхоны 113 дугаар байр 11 тоот 116 мкв талбай бүхий орон сууцын түлхүүрийг Алтан тариа ХХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Ганзоригт хүлээлгэн өгсөн үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, гуравдагч этгээд Г.Ганзоригийн “гэрээнд заасан 116 мкв талбай бүхий орон сууцны түлхүүрийг Хээр адуу ХХК надад хүлээлгэн өгч, зөрүү 16.000.000 төгрөгийг Алтан тариа ХХК-ийн кассанд бэлнээр тушааж гэрээ дуусгавар болсон. 4 өрөө орон сууцны түлхүүрийг Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүнд өөрийн биеэр гардуулж, П.Цэнгүүн түлхүүрийг өөртөө 1 сар гаран хадгалж охиноо амьдруулна гэж байснаа дараа нь компанид үр бүтээлтэй ажилласан гэж надад өгсөн. П.Цэнгүүн захирал байрыг надад өгснөөс хойш түүний хүргэн Эко констракшн ХХК-ийн захирал Ц.Нямдаваа орон сууцыг үл хөдлөх рүү шилжүүлсэн баримтыг өгсөн”, гуравдагч этгээд Хээр адуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай компани 2009 онд Алтан тариа ХХК-иас гурил худалдан авч гэрээнд заасан байр, мөнгийг шилжүүлж өгсөн. Бүтэн 5 жил 1 сарын хугацаанд биднээс гэрээний үүргийг огт шаардаагүй”, гэрч О.Мөнхсайханы “Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээж авах эрхийг итгэмжлэлээр Г.Ганзоригт шилжүүлсэн. Гэрээг Г.Ганзориг дүгнэж, гэрээний төлбөрийг шаардах эрхтэй. Гэрээний дагуу бараа олгогдох гээд гарын үсэг яаралтай зур гэсэн учир би гарын үсэг өмнөөс нь зурсан Г.Ганзоригт байрны түлхүүрийг амьдарч бай гэсэн үүднээс  өгсөн байх гэж ойлгосон. П.Цэнгүүн захирал зөвшөөрсөн  учир амьдарч байсан байх. Бартараар орон сууц шилжиж ирсэн гэдгийг мэдэж байсан. Г.Ганзоригийг ажлаас халагдсан үеэс байрны түлхүүрийг хүлээлгэж өг гэх шаардлагыг санхүүгийн албаны дарга нар тавьсан” гэсэн мэдүүлгээр гэрээний дагуу гурилын зөрүү үнэ төлөгдөж гэрээнд заагдсан 116 мкв орон сууцыг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 116 мкв орон сууцны түлхүүрийг Д.Энхтөр 2009 онд Г.Ганзоригт хүлээлгэн өгсөн, Г.Ганзориг өмчлөх эрхийг шилжүүлэх ажлыг хөөцөлдөж, энэ үйл ажиллагааг П.Цэнгүүн захирал амаар шаардаж байсан болон Г.Ганзориг үл хөдлөх хөрөнгийн нэр шилжиж байгааг тайлбарлаж байсан үйл баримтыг тайлбарласан тул гэрээний үүргийг хариуцагч Д.Энхтөр биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Д.Энхтөр, гуравдагч этгээд Хээр адуу ХХК-наас иргэн Г.Ганзоригийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлээгүй болох нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон байна.

Хэдийгээр гэрээний 4.1-т худалдан авагч нь орон сууцыг дагалдах падаан бичиг баримтын хамт худалдагч талын няравт хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч худалдагч 5.1, 5.2-т зааснаар орон сууцыг шалгаж түлхүүр хүлээлцсэн, орон сууцтай холбоотой асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул гэрээ биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Алтан тариа ХХК-ийн нэр дээр шилжээгүйг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн гэж тайлбарлан энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэсэн боловч Алтан тариа ХХК, Д.Энхтөр нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-нөөс 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болж, зохигчийн хооронд уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхээ хэрэгжүүлсэн баримтгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Ганзоригийн нэр дээр гарсныг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн тул энэ өдрөөс тоологдоно гэсэн тайлбар нь Д.Энхтөртэй байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй юм.

Иймд хариуцагч Д.Энхтөрд холбогдох гэрээний үүрэгт 291.832.500 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй. 

Хариуцагч Д.Энхтөр гэрээний үүрэгт шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо маршал хотхоны 113 дугаар байр 11 тоот 116 мкв 4 өрөө орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эко констракшн ХХК-тай байгуулж, Эко констракшн ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр Г.Ганзоригийг захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг олгож өгөх тухай албан бичиг нотлох баримтаар авагдсан боловч гуравдагч этгээд Г.Ганзоригийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн болох баримтууд архивт байхгүй олдоогүй талаар Эко констракшн ХХК-аас албан бичиг ирүүлж, компанийн менежер И.Бямбасүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон тул дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, өөрчилсөн шаардлагатай холбоотой шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн боловч нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагаас татгалзсан тул дүгнэлт өгөх шаардлагагүй, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс Алтан тариа ХХК-ийн 2009-2014 он хүртэлх жилийн эцсийн тайлангууд, Улсын төсвийн орлого хяналтын газраас ирүүлсэн Алтан тариа ХХК-ийн 2009-2014 он дуусталх жилийн эцсийн татварын тайланг баримтаар авсан боловч эдгээр баримтад талууд мэтгэлцээгүй тул дурьдав.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Энхтөрд холбогдох гэрээний үүрэгт 291.832.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.617.113 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА