Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00584

 

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00274 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* ХХК-д тус тус холбогдох,

 828,858,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №0014 дугаартай Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ-г байгуулж 850,000,000 төгрөгт ногдох Барилгын норм ба дүрмийн дагуу чанарын стандартад нийцсэн ГОСТ-34028-2016 стандартыг хангасан, чанарын бичиг, сертификаттай, ОХУ-д үйлдвэрлэсэн А-500 марктай, ан цавгүй, зэвгүй арматур төмрийг 1 тонныг 1,700,000 төгрөгөөр 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн татан авалтаар нийт 500 тонн арматур төмрийг нийлүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4,887,500 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 80,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг бэлнээр, мөн өдөртөө 800,000 төгрөгийг дансаар, нийт 186,887,500 төгрөгийг ******* ХХК болон түүний захирал *******ын дансанд шилжүүлсэн. Мөн ******* ХХК өөрийн барьж буй ******* орон сууцны барилгаас төлбөрт тооцон ******* ХХК-ийн хүсэлтээр дараах иргэдтэй Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, орон сууцыг хүлээлгэж өгсөн. Үүнд:

1. 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20/11 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн *******той байгуулж ******* орон сууцны урд орцны 4 дүгээр давхрын 51.99 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 129,975,000 төгрөгөөр,

2. 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20/22 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн *******той байгуулж ******** орон сууцны урд орцны 4 дүгээр давхрын 79.6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 199,000,000 төгрөгөөр,

3. 2020 оны 09 дүгээр сарын сарын 18-ны өдөр 43 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн ********тай байгуулж ******* орон сууцны урд орцны 6 дугаар давхрын 79.6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 199,000,000 төгрөгөөр,

4. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20/59 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн ********тай байгуулж ******* орон сууцны 2 орцны 16 дугаар давхрын 74.76 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 187,500,000 төгрөгөөр,

5. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20/66 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн *******тэй байгуулж ******* орон сууцны 1 орцны 4 дүгээр давхарт 75.00 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 187,500,000 төгрөгөөр,

6. ******* ХХК-ийн захирал ******* миний бие гаалийн бичигтэй ******* арлын дугаартай, улсын гаалийн мэдүүлгийн 02-2091008-19-103163R дугаартай, Лексус RX450H маркийн, сувдан цагаан өнгөтэй, 2013 онд үйлдвэрлэгдсэн, авто машиныг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 58,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн.

Дээрх бартерт шилжүүлж өгсөн хөрөнгийн нийт үнэ 960,975,000 төгрөг болсон бөгөөд манай ******* ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний нийт төлбөрт 1,147,862,500 төгрөгийг төлсөн байдаг. Харин хариуцагч ******* ХХК-ийн зүгээс манай ******* ХХК-д 1 тонныг 1,700,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ф12 марктай 72,641,000 төгрөгийн 42.73 тонн, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ф18 марктай, 12.435.500 төгрөгийн 7.32 тонн, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ф12 марктай, 41,140,000 төгрөгийн 24.2 тонн, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ф12 марктай, 55,717,500 төгрөгийн 32.78 тонн, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ф14 марктай, 54,298,000 төгрөгийн 31.94 тонн, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ф20 марктай, 6,876,500 төгрөгийн 4.05 тонн, 2020 оны 06 дугаар сарын 17-ны ф18 марктай 7,947,500 төгрөгийн 4.68 тонн, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ф14 марктай 30,727,500 төгрөгийн 18.08 тонн, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ф20 марктай 15,232,000 төгрөгийн 8.96 тонн, 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ф13 марктай 44,412,500 төгрөгийн 26.13 тонн, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ф18 марктай 22,440,000 төгрөгийн 13.2 тонн, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ф12 марктай 19,629,900 төгрөгийн 11. 55 тонн, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ф12 марктай 68,484,500 төгрөгийн 40.29 тонн, 2020 оны 08 сарын 06-ны өдөр ф18 марктай 16,413,500 төгрөгийн 9.66 тонн, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ф12 марктай 45,211,500 төгрөгийн 26.6 тонн, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ф18 марктай 22,856,500 төгрөгийн 13.45 тонн, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,402,500 төгрөгийн 0.83 тонн, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ф12 марктай 40,664,000 төгрөгийн 23.92 тонн, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ф12 марктай 35,700,000 төгрөгийн 21.00 тонн буюу нийт 361 тонн, 614,230,400 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр нийлүүлсэн. 2020 оны 07 сард 116,500,000 төгрөгт тооцож авто машинуудыг шилжүүлэн өгсөн. Ингээд гэрээний дагуу нийт 730,730,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийн дүн болох 1,147,862,500 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт дүн 730,730,400 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч нь 417,132,100 төгрөгийн өр төлбөртэй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* байршилтай, 65 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******той харилцан тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 0146 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 409,250,000 төгрөгт тооцож, оффисын дотор тохижуулсан тавилгыг 13,000,000 төгрөгөөр тооцож, нийт 422,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиолцсон. Гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 88,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 105,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5,800,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 дугаар оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 460,800,000 төгрөгийг төлсөн ба хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөөс илүү төлсөн 38,300,000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 417,132,100 төгрөгөөс хасаж 378,830,100 төгрөг болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Нийлүүлэгч талын үйл ажиллагаанаас шалтгаалан барааг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг Захиалагч талд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй 378,830,100 төгрөг, алдангийг тооцоход 803,124,052 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар тооцож, нийт 568,248,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай дахин 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №2 тоот Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж БНХАУ-д үйлдвэрлэсэн А400 маркийн стандартын шаардлага хангасан 70.2 тонн барилгын арматур төмөр нийлүүлэхээр тохиролцож, 1 тонн арматурыг 2,350,000 төгрөгөөр тооцож 2021 оны 05 сард энэхүү арматур төмрийг нийлүүлэхээр тохиролцсон. Улмаар манай ******* ХХК-ийн зүгээс энэхүү гэрээний төлбөрт 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21/71 дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ-г иргэн *******тай байгуулж ******* орон сууцны 2 орцны 7 дугаар давхрын 75.0 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв- г 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 165,000,000 төгрөгөөр тохиролцож шилжүүлсэн. Гэвч хариуцагч ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Гэрээний 1.8-д заасны дагуу 0.5 хувийн алданги тооцож 82,500,000 төгрөг, нийт 247,500,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.

1.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай дахин 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №ХАГ-01/21 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 5,000 тонн арматур төмрийг 1 тонныг 2,650,000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохиролцсон.

Дээрх гэрээний дагуу манай ******* ХХК-ийн зүгээс хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 480,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 630,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс 1.0 тонн арматур төмөрийг 2,650,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 84,800,000 төгрөгийн 32.0 тонн, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 49,332,400 төгрөгийн 18.62 тонн, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 183,549,600 төгрөгийн 69.26 тонн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 55,334,650 төгрөгийн 20.88 тонн, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 77,655,600 төгрөгийн 29.30 тонн, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 49,417,200 төгрөгийн 18.65 тонн, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 31,800,000 төгрөгийн 12.0 тонныг тус тус нийлүүлсэн. Мөн хариуцагчаас гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан арматур төмөрийг хугацаанд нь нийлүүлээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг буцаан авсан. Ингээд дээрх гэрээний дагуу нийт 200.71 тонн арматур төмрийг 2021 оны 06 дугаар сарын 18-наас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хүлээн авсан түүний нийт үнийн дүн 531,889,450 төгрөг, дансаар буцаан авсан 85,000,000 төгрөг, нийт 616,889,450 төгрөгийг авсан. Иймд, талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ОХАГ-01/21 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу буцаан авах ёстой зөрүү төлбөр 13,110,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Иймд, ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №0014 дугаартай Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №2 тоот Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ХАГ-01/21 тоот Хамтран ажиллах гэрээ-нүүдийн дагуу хариуцагч нараас нийт 828,858,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний үүрэгт 828,858,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №0014 дугаартай Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ-г байгуулж 850,000,000 төгрөгт ногдох арматур төмрийг 1 тонныг 1,700,000 төгрөгөөр 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн татан авалтаар 500 тн арматур төмрийг нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна. Тус гэрээний төлбөр нь компанийн үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд хариуцагч ******* өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаагүй тул гэрээний үүргийг ******* ХХК-иас шаардана уу. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: 1 дэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдсан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* гэх хүнтэй гэрээ байгуулж 187,500,000 төгрөгийн орон сууц шилжүүлэн өгсөн гэх боловч манайхаас шилжүүлэн өг гэх зөвшөөрөл өгөөгүй, уг гэрээг огт мэдээгүй, манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал *******ын өмчлөлийн *******дугаартай, ******** байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 409,500,000 төгрөг, тавилга 13,000,000 төгрөг, нийт 422,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ******* ХХК 427,000,000 төгрөгийг төлж, илүү 4,500,000 төгрөгийн төлбөр төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид нийлүүлсэн арматур болон худалдан авсан үйлчилгээний зориулалттай оффис зэрэгт нийт 108,941,500 төгрөгийн илүү төлбөр төлсөн байна.

2 болон 3 дахь шаардлагын хүрээнд ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №2 тоот гэрээний дагуу Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн А400 маркийн стандартын шаардлага хангасан 70.2 тонн барилгын арматур төмөр нийлүүлэхээр тохиролцсон. Энэхүү гэрээний хугацаанд ковид 19 өвчний цар тахлын ид байсан тул улс даяар хэд хэдэн удаас хөл хорио тогтоосон, мөн хилийн боомтууд хаалттай байсан тул гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй ба энэ тухай талуудын хооронд ямар маргаан байхгүй, харилцан ойлголцож зөвшилцөөд явж байсан. Ийнхүү гэрээг дүгнэн талууд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №2 тоот гэрээний дагуу Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-г өөрчилж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг байгуулж тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ манай компани зохих ёсоор гүйцэтгэсэн. ******* ХХК нь 796,000,000 төгрөгийн арматурын төлбөрийг бэлэн болон бартераар шилжүүлсэн байдаг бол ******* ХХК нь 772,082,250 төгрөгийн арматурыг нийлүүлсэн буюу 23,917,750 төгрөгийн арматурыг дутуу нийлүүлсэн байна. Иймд, ******* ХХК-ийн нийлүүлсэн арматурын төлбөрийг үлдэгдэл болох 108,941,500 төгрөгөөс 2021 оны арматурын илүү төлөлт болох 23,917,750 төгрөгийн төлөлтийг хасаж, 85,023,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК нь төлөөгүй байна. Талуудын хооронд тооцоо нийлэхээр хэд хэдэн удаа талууд цахимаар тооцоогоо илгээж, мөн биечлэн хэд хэдэн удаа уулзсан боловч тооцоо нийлж чадахгүй маргаантай байсаар ирсэн. Бид аль болох эв зүйгээр, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч нэхэмжлэгч худал, үндэслэлгүйгээр манай компанийг их хэмжээгээр ******* ХХК-ийг хохироосон мэт нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 205,685,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 623,173,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,302,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1,186,377 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг даргалагчаас хэлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 205,685,500 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 232,699,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж зөрүүтэй байдлаар дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хооронд зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118. 1, 118.4, 118.5 дахь хэсгүүд болон Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн №29 дүгээр Шүүхийн шийдвэрийг боловсруулах журам аргачлалыг батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-тай тус тус нийцэхгүй байна.

Иймд, дээрх зөрүүтэй байдлыг арилгаж 232,699,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

7. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчаас 205,685,500 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг бодитоор харьцуулан үзэлгүйгээр, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй, талуудын нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу дүгнэсэн, хариуцагчийн татгалзлаа нотлох суурь эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх шийдвэртээ хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь *******т шилжүүлсэн орон сууцыг арилжаанд оруулан тооцоогүй болохоо, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан шийдвэр гаргасан гомдолтой байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нийлүүлсэн арматурын үнийг буруу тодорхойлсон, орон сууцны м.кв үнийг буруу тодорхойлсон, ******* гэх хүнд шилжүүлсэн орон сууцыг хариуцагчид хамааруулсныг зөвшөөрөхгүй, төлбөрт шилжүүлсэн бэлэн мөнгийг хасаагүй гэх байдлаар татгалзаа илэрхийлсэн.

Нэхэмжлэгч ******* болон түүний хамаарал бүхий ******* нарыг хуурч мэхлэн орон сууцнаас гаргаж өөрөө орон сууцаа авчихсан байгаа гэх зүйлийг ярьж ******* ХХК-тай байгуулсан гэрээний нүүр хэсгийг viber чатаар явуулсан. Энэ нь хэрэгт авагдсан ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24/30 дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-нд зааснаар ******* гэх хүнд 198,750,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна Нэхэмжлэгчийн зүгээс нэг орон сууцны үнийг үндэслэлгүйгээр давхар өөр этгээд буюу хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх уг асуудлыг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс энэхүү үнэн бодит нөхцөл байдлыг тогтоолгохоор тухайн ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-г гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээж авалгүйгээр зохигчийн суурь эрхийг зөрчиж шүүх хуралдааныг явуулсан.

Түүнчлэн ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1-т ******* ХХК нь бараа материал нийлүүлэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн байх тул энэхүү орон сууцны төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно. ******* ХХК-иин албан бичгийг ундэслэн энэхүү орон сууцыг Ганбаатар овогтой Ганцэцэгт шилжүүлэн захиалгын гэрээг хийв гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-аас *******т орон сууц худалдах гэрээг хийж өгнө үү гэсэн албан бичиг байхгүй болно. Гэтэл шүүхээс нотлох баримтыг үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болсон байхад, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хэт нэг талыг барьж, баримтад огт аваагүй, огт мэдэхгүй орон сууц, ******* гэх иргэнийг хамааруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай компанийн зүгээс үнэхээр бодитоор ******* гэх хүнд орон сууцыг өгөх тухай хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан бол бид хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан байхгүй, бусад үнэн бодит бүх зүйлээ хүлээн зөвшөөрөөд ирсэн байгаа.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д: Зохигч компанийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай Бүтээгдэхүүн Худалдах, Худалдан авах арилжааны гэрээ-ний дагуу 4.1.5-д Нийлүүлэгч талын үйл ажиллагаанаас шалтгаалан барааг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 02 хувийн алдангийг захиалагч талд өгөх үүрэгтэй, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай Барилгын арматур төмөр Худалдах, Худалдан авах гэрээ, гэрээний 1.8-д гэрээний заасан хугацаанд нийлүүлэлтээ хийхгүй бол худалдагч тал хоног тутамд 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ гэж Алдангийн хэмжээг арматур нийлүүлэх хамгийн сүүлийн хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 30, 2021 оны 05 сараас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 152,387,5007, /гурав дахь шаардлагад алданги тооцоогүй тул 4,117,7507-ийг хассан/ төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгч алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 76,193,750₮ гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай Бүтээгдэхүүн Худалдах, Худалдан авах Арилжааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 788,829,000₮-ний чанар стандартын шаардлага хангасан арматурыг нийлүүлж үндсэн үүргийн зөрчил байхгүй тул алданги төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-иас арматурын төлбөрт тооцон бэлэн болон бартераар 684,387,500 төгрөгийн төлбөрийг төлж зөрүү авлагыг дараагийн арматур нийлүүлэх захиалгаар хасахаар тохиролцож ирсэн боловч зөрүү төлбөрийг өгөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэж, тооцоо нийлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн нийт төлбөрийг алдаатай дүгнэсэн.

Иймд, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал *******тэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Хариуцагч тал хэргийн 40, 41 дүгээр талд авагдсан баримтыг хардаггүй. Хэргийн 41 дүгээр талд талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцтай холбоотой тооцоо нийлсэн гэрээний жагсаалтад иргэн ******* гээд 2/66 тоот орон сууц захиалгын гэрээг бичиж өгсөн бөгөөд тус гэрээний доор тухайн компанийн захирал ******* захирал гарын үсэг зурсан. Шүүхэд энэ талаар ярихаар хариуцагч тал тамга, тэмдэг дарагдаагүй гэж маргадаг. Хэргийн 40 дүгээр талд *******, ******* нарын хооронд автомашинуудыг ******* ХХК-аас ******* ХХК-д өгсөн жагсаалтад ******* гэж гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр нотолсон. Энэ баримтыг үгүйсгэх, татгалзах асуудал нь хариуцагчид олгосон үүрэг. Иймд, давж заалдах гомдол үндэслэлгүй. Алдангитай холбоотой тайлбар хэлсэнгүй, ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул өөр тайлбар байхгүй.

*******ийн байрны нотолгооны хувьд орон сууц захиалгын гэрээ байдаг. ******* ХХК-д бартераар өгсөн. Гэрчийн гар утсанд хийсэн үзлэгээр манай байрны үнийн дүнг бууруулсан байдаг ба тухайн жагсаалт болон тооцоо нийлсэн актад *******ийн байр байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчээс ******* ХХК-тай ******* хамааралтай юу гэхэд хамааралтай гэж хариулсан.

******* ХХК-тай хамааралтай ******* нь 20 гаруй байрны залилан хийсэн шигээ *******ийг залилах гэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний мөнгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлүүлчихээд тухайн хүнийг дагуулж ирж гэрээ хийлгэж иргэнийг хохироодог. Би, ******* ХХК-д тухайн бартерын байрыг өгсөн. Тооцоо нийлэхдээ ******* захиралтай хамт гарын үсэг зурсан. Иймд, *******ийн байрыг тооцоондоо оруулах ёстой. Шүүхээс үзлэг хийж байрны үнийг бууруулсанд маргаагүй. Гэрээний дагуу маргаж болох боловч хүн ёс зүйтэй байх ёстой. Жишээлбэл, Энхтайван гэх хүний байрыг шүүхээс 57,500,000 төгрөгөөр үнэллээ гэж бодоход 130,000,000 төгрөгийн асуудал яригдана. Тус мөнгийг тухайн компанитай хамтран ажилласан учраас урамшуулал болгож өгсөн. Энэ мэт ёс зүйгүй үйлдэл гаргаж *******ийг хохироох гэж байгаад харамсаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 828,858,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын хувьд техникийн шинжтэй алдаа гаргасан буюу шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаас өөр дүнгээр тогтоох хэсэгт бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь ОХУ-д үйлдвэрлэсэн А-500 марктай ГОСТ-34028-2016 стандартыг хангасан арматурыг нийлүүлэх, нэхэмжлэгч нь арматурын үнэд 850,000,000 төгрөгийг төлөхөөр,

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч ******* ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн А400 маркийн арматур төмөр нийлүүлэх, нэхэмжлэгч ******* ХХК нь арматурын төлбөрт тооцон 165,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлэн өгөхөөр,

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч ******* ХХК нь 5,000 тонн арматур төмөр нийлүүлэх, нэхэмжлэгч ******* ХХК нь үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 11-13, 66-70, 79-81/

5. Нэхэмжлэгч шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

5.1.2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний нийт төлбөрт 1,147,862,500 төгрөгийг төлсөн, харин хариуцагч нь 614,230,400 төгрөгийн үнэ бүхий арматур, 116,500,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг автомашин, нийт 730,730,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлж, 417,132,100 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 422,500,000 төгрөгөөр хариуцагч компанийн захирал *******д худалдахаар тохиролцсоны дагуу хариуцагч нь нийт 460,800,000 төгрөгийг төлсөн. Үүнээс илүү төлсөн 38,300,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасаж үлдэх 378,830,100 төгрөгөөс гэрээнд заасны дагуу алданги тооцож, 568,248,150 төгрөг,

5.2. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д 165,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь арматур төмөр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу 82,500,000 төгрөгийн алданги тооцож, нийт 247,500,000 төгрөг,

5.3. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 630,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч нь 531,889,450 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр нийлүүлж, 85,000,000 төгрөгийг дансаар буцаан өгсөн ба 13,110,550 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.

Иймд, хариуцагч ******* ХХК-иас дээрх гэрээнүүдийн үүрэгт нийт 828,858,700 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

6. Хариуцагч ******* нь дээрх гэрээнүүд компаниудын хооронд байгуулагдсан бөгөөд гэрээний төлбөрийг хувийн хэрэгцээнд ашиглаагүй компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хувиар хариуцах үндэслэлгүй гэж,

хариуцагч ******* ХХК нь Манай компанийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлж 788,829,000 төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн. Харин нэхэмжлэгч нь арматурын төлбөрт 684,387,500 төгрөгийг төлж, 104,441,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгчид 70,2 тн арматур нийлүүлэхээр тохиролцсон боловч ковид-19 цар тахлын улмаас хугацаандаа нийлүүлж чадаагүй. Улмаар дээрх гэрээг дүгнэн талууд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гэрээний үүргээ биелүүлж 772,082,250 төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн бол нэхэмжлэгч нь арматурын төлбөрт 796,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Манай компанийн нийлүүлсэн арматур төлбөрийн үлдэгдэл 108,941,500 төгрөгөөс дээрх 2021 оны илүү төлөлт болох 23,917,750 төгрөгийг хасаж үлдэх 85,023,750 төгрөгийг нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж тус тус татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, талууд дээрх гэрээнүүдийн дагуу харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийн дүнд өөр, өөр тайлбар гаргаж маргасан байна.

7. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

7.1. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь гэрээний дагуу 186,887,500 төгрөгийг дансаар шилжүүлж, 679,000,000 төрөгт тооцон өөрийн барьж буй Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны барилгаас хариуцагчтай тохиролцсоноор нэр бүхий 5 иргэний нэр дээр орон сууц болон Lexus RX450H маркийн автомашин шилжүүлэн өгсөн. Хариуцагч нь уг гэрээний дагуу 361 тонн буюу 613,700,000 төгрөгийн арматур төмөр нийлүүлж, 116,500,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг тээврийн хэрэгсэл, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг буцаан төлж, нийт 788,200,000 төгрөгийн хариу үүргийг гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн иргэн *******, ********, ********, ******* нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээнүүд, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зохигчийн дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 14-41, 223,224, 3-р хх-ийн 8-9-р тал/.

Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 422,500,000 төгрөгөөр хариуцагч компанийн захирал *******д худалдахаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагч нь нийт 460,800,000 төгрөгийг төлж, 38,300,000 төгрөгийг илүү төлсөн талаар талууд тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нийт 865,887,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлж, хариуцагч нь 788,200,000 төгрөгийн арматур болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн буюу зөрүү 77,687,500 төгрөгөөс илүү шилжүүлсэн гэх 38,300,000 төгрөгийг хасаж, 39,387,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

7.2. Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу арматур нийлүүлэх үүргээ биелүүлээгүй боловч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид шилжүүлсэн 52,000,000 төгрөгийг уг гэрээний үүрэгт тооцон гэрээний үнэ болох 165,000,000 төгрөгөөс хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй. /1-р хх-ийн 228-230-р тал/

7.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчид нийт 630,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн захирал *******ын дансны хуулгаар тогтоогдсон. /1-р хх-ийн 82,83/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримт судалсны эцэст энэхүү гэрээний үүрэгт хариуцагч ******* ХХК нь 4,117,750 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тайлбарласныг хариуцагч талаас үгүйсгээгүй байна.

7.4. Талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 4.1.5-д ... барааг гэрээнд заасан хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг захиалагч талд төлөх үүрэгтэй гэж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 1.8-д Гэрээнд заасан хугацаанд нийлүүлэлтээ хийхгүй бол худалдагч тал хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус тохиролцсон байна.

Хариуцагч ******* ХХК нь дээрх гэрээнүүдийн үүрэгт төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэргийн баримтаар нэгэнт тогтоогдсон тул хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаанаас нэхэмжлэл гаргах үеийг хүртэл гүйцэтгээгүй нийт үүрэг болох 39,387,500 төгрөг болон 113,000,000 төгрөгөөс гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг дээрх хоёр гэрээний нийт үүрэг болох 152,387,500 төгрөгийн 50 хувиар тооцож 76,193,750 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын байгуулсан арилжааны гэрээнүүдийн үүрэгт 156,505,250 /39,387,500+113,000,000+4,117,750/ төгрөг, алданги 76,193,750 төгрөг, нийт 232,699,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулна.

8. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч *******оос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******оос татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй байна.

9. Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... *******т орон сууц шилжүүлсэн гэх 165,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт оруулан тооцсон нь үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс *******т орон сууц шилжүүлэн өгөх талаар хүсэлт гаргаж байгаагүй, тухайн байрыг манай компани аваагүй гэж тайлбарласан байхад нотлох үүргийн хувьд шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй боловч хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Талууд гэрээний төлбөрт тооцож, нэр бүхий 6 иргэнд орон сууц шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дотор *******ийн нэр багтсан байх бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь *******тэй 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* блокийн 75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ******* ХХК-ийн албан бичгийг үндэслэн шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. /1хх-ийн 36,41/

******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-д уг орон сууцны захиалгын гэрээг *******ын нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт гаргаж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компани нь *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээний үнийг 187,500,000 төгрөгөөр тохиролцсон боловч уг гэрээ хэрэгжээгүй. Улмаар нэхэмжлэгч нь *******тэй дахин 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдахаар тохиролцсон ба 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тухайн орон сууц нь *******ийн өмчлөлд бүртгэгджээ./2хх-ийн 52, 53-55, 56-58, 119/

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь дээрх ******* блокийн 75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний төлбөрт хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд, *******т орон сууц шилжүүлсэн гэх 165,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт оруулан тооцсон нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөв тооцож хангасан боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамаарахгүй зохицуулалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ... 232 дугаар зүйлийн 232.4, ... гэснийг хасаж, ... 205,685,500 ... гэснийг 232,699,000 гэж, ... 623,173,200 ... гэснийг 596,159,700 гэж,

2 дахь заалтад ... 1,186,377 ... гэснийг 1,321,445 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 1,186,377.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ