Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 6026

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байр, 22  тоотод оршин суух Заяа овогт Бямбасүрэнгийн Энхмаа /Регистрийн дугаар ЧИ83042302/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Жоханес төв, 206 тоотод байрлах “Мэргэн девелопмент” ХХК-д холбогдох,

Худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 31,500 ам доллар буюу 64,025,010 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-ийн  захирал Ж.Алтанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Иргэн Б.Энхмаа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул худалдааны төвийн баруун талд баригдаж буй “M-Square” худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарын /3А-53-т байрлах/ 6,3 м.кв талбайг 31,500 ам.доллар /1м.кв-ын үнэ 5,000 ам.доллар/-аар худалдан авахаар тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Худалдааны талбайн худалдах худалдан авах гэрээг “Мэргэн девелопмент” ХХК-тай байгуулсан юм. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2,2-т заасны дагуу 31,500 ам.долларыг 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн арилжааны ханшаар /1 ам.доллар -1,587 төгрөг/ тооцож 49,990,500 төгрөгийг 100 хувь урьдчилан бэлнээр төлж барагдуулсан. Тухайн үед гэрээ байгуулахад уг барилгыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно гэж байсан. 2013 оны 12 сарын хавьцаа манай гэрээ шинэчлэгдсэн тул гэрээгээ шинэчилж байгуулна уу гэсний дагуу гэрээгээ шинэчилэн байгуулсан. Гэрээнд ашиглалтанд орох хугацааг 2015 оны 3 дугаар улирал гэж өөрчилсөн байсан, би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, бөгөөд анх байгуулсан гэрээг хурааж авсан. Түүнээс хойш барилгын үйл явцтай танилцаж байсан. Хэд хэдэн удаа уулзаж ашиглалтанд орох хугацааг асуухад тодорхой бус хариу хэлдэг байсан. Ийм учраас 2015 оны 03 дугаар сард бичгээр тайлбар шаардсан. Намар ашиглалтанд орно, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, материалаа татаж авч байгаа гэх зэрэг тодорхойгүй хариулт өгдөг байсан. Тухайн үед би төлбөрөө хийхдээ өөрийн амьдарч байсан 2 өрөө байраа зарж, ажиллаж байсан ажлаасаа гарч бизнес эрхлэж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр энэ гэрээг байгуулсан. Хүнээс мөнгө зээлээд одоо амьдарч байгаа байраа зээлээр авсан. Одоо амьдарч байгаа байрны сарын лизингэд 800,000 төгрөгийг төлдөг. Одоо би нялх хүүхэдтэй, ажлаасаа гарчихсан, ямар ч орлогогүй тул хэцүү байна. Тус компани нь захиалагч буюу худалдан авагч нараас 3 жилийн өмнө ам.доллараар тооцож төлбөрөө 100 хувь урьдчилан авчихаад барилгын материалын үнэ харин ч тогтвортой хямдарсан байхад эдийн засгийн хямрал, зээл хөрөнгө оруулалт саатсанаас болж барилга хугацаандаа ашиглалтанд орж амжаагүй, хэзээ ашиглалтанд оруулахаа ч хэлж мэдэхгүй байдалтай тайлбар хийж иргэдийг хохироож, доромжилж байна. Тухайн үед “Мэргэн девелопмент” ХХК нь баригдаж дуусаагүй барилгын талбайг худалдах бус захиалгаар барих байдлаар гэрээ хийх ёстой байтал бэлэн болсон үл хөдлөх хөрөнгө худалдаж буй мэт худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Одоогийн байдлаар уг худалдааны төвийн карказ боссон боловч барилгын ажил 30 хувьтай бүрэн зогсож худалдагч гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагч иргэн Б.Энхмаа гэрээг цуцалж худалдааны талбайн төлбөрт төлсөн 31,500 ам.долларыг худалдагч “Мэргэн девелопмент” ХХК-аас нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Төлбөр тооцоо тухайн үед гадаад валют буюу ам.доллараар хийгдсэн учир нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн болно. Нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар 2,032.54 төгрөг байгаа болно. Иймд хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас худалдааны талбайн үнэд төлсөн 31,500 ам.доллар буюу 64,025,010 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ”Талууд анх 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Байгуулсан гэрээний дагуу барилга 2014 оны 4 дүгээр улиралд багтаагаад ашиглалтанд оруулаад, хүлээлгэж өгнө гэсэн тохиролцоо байдаг. Б.Энхмаа тухайн үед худалдааны талбай ашиглалтанд орохоор бизнес эрхлэх боломжтой юм байна гээд амьдарч байсан байраа зарсан байдаг. Худалдагч тал гэрээгээ шинэчилж байна гэж дуудаад дахин гэрээ байгуулахдаа гэрээндээ ашиглалтанд орох хугацааг 2015 оны 3 дугаар улиралд орно гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 3 дугаар улирлыг хүртэл харж, хүлээсэн. 2016 оны 06 дугаар сарыг хүртэл барилгын ажил явагдаагүй байсан. Очиж уулзаад бичгээр хариу өгсөн байдаг. Хэрвээ нэхэмжлэгч тийм хэмжээний мөнгөө хадгалуулсан бол, банкны хүү авах боломжтой байсан. Хэрвээ 2014 оны 04 дүгээр улиралд ашигалтанд орсон бол 2 жилийн хугацаанд ашиглаж ашиг олох боломжтой байсан. Анхны тохиролцооноос хугацаа хэтэрсэн тул шүүхэд хандахад хүрсэн. 6.3 м.кв талбайг авахаар тохиролцож, долларыг төлбөр хийх өдрийн арилжааны ханшаар бодоод, 49,990,500 төгрөгийг төлсөн байдаг. Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоод 07 дугаар сарын 20-ны өдөр ам доллар нь 2032,54 төгрөгтэй тэнцэж байсан. 31,500 ам долларыг бодож үзэхэд 64,025,010 төгрөг болж байна. Хариуцагч нь бид нар Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг тул доллараар тооцоо хийж болохгүй, төгрөгөөр хийнэ гэсэн боловч байгуулсан гэрээний илэрхийлэгдэж байгаа нэгж нь ам доллар гэсэн байгаа нь харагдаж байна. Төлбөр авахдаа ам доллараар тооцож авчихаад, буцааж төлөх болохоороо төгрөгөөр төлнө гэж байж болохгүй. Гэрээг үзвэл худалдан авагч талын эрх ашгийг хамгаалсан заалт байхгүй. Худалдагч хугацаандаа ашиглалтанд оруулахгүй бол 0,2 хувьтай тэнцэх торгууль төлнө. Худалдан авагч төлбөрөө төлөхдөө хугацаа хэтэрвэл хоног тутамд алданги тооцно гэх зэргээр нэг талыг барьсан гэрээ харагддаг. Нэхэмжлэгчийн зүгээс шууд шүүхэд хандалгүй 2016 оны 03 дугаар сар хүртэл удаа дараа хандаж хэзээ ашиглалтанд орох тухай асууж лавлахад тодорхой хариу хэлддэггүй, хэзээ ашиглалтанд орохоо тодорхойлж чаддаггүй байсан. Энэ бол яавч 80 хувийн үл хөдлөхийн гэрчилгээтэй биш. Худалдан авагч хангалттай харсан, хүлээсэн. Мөнгө төлбөр өгөх тал дээр маргахгүй байна. Бичгийн баримтаар нотлогдож байгаа тул шүүхэд гаргасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компанитай иргэн Б.Энхмаа нь “M-Square” худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт 3А-53 тоот 6,3 м2-ийг 7,935,000 төгрөгөөр тооцож, нийт 49,990,500 төгрөгийг төлж Худалдааны талбай худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Гэрээнд  “M-Square” худалдаа үйлчилгээний төвийг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар тусгасан боловч Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралаас шалтгаалж зээл, хөрөнгө оруулалт саатсанаас Монгол улсын барилгын салбар зогсонги байдалд байхад харин манай компани барилгын улиралдаа зогсолтгүй ажилласаар одоо 80 хувийн гүйцэтгэлд хүргэж ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна. Бид дараах 2 саналыг тавьж байна. Гэрээний 7.1-д заасан ёсоор гэрээний үнийн дүнгийн 0,2 хувиар алдангийг тооцож 99,981 төгрөг, нийт 50,090,481 төгрөг төлөх хүсэлтэй байна. Эсвэл иргэн Б.Энхмаа та манай компанийн борлуулалтын хамгийн анхны үнээр хамгийн сайн давхарт хамгийн ашигтай талбайг авсан байгаагаа ахин нэг бодож 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтанд ортол хүлээх боломж байна уу гэж хүсэж байна. Иймд та бүхэн нэгэнт худалдан авсан талбайгаа төдийгөөс өдий хүртэл хүлээчихээд буцааж мөнгөө авсанаас /манай талбайн үнэ ямар ч өндөр хүүтэй хадгаламжинд байснаас илүү ашигтайгаар үнэ нь өсч байдаг үл хөдлөх хөрөнгө юм/ ашиглалтанд оруулсны дараа борлуулбал алдангаа хэд дахин нөхөх боломж байгаа, мөн бид анхны худалдан авагчдаа удаан хүлээснийг бодолцон тусгаарлах хана, хаалганы үнэ тусад нь тооцохоор гэрээнд заасан байгааг /10,000,000₮ орчим/ компаниас хариуцаж төлбөрийг нэхэмжлэхгүй хийж өгөх зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлж болно” гэжээ.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-ийн захирал Ж.Алтанбилэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Манай барилга 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно гэж хариу тайлбартаа бичсэн байгаа. Манайх Б.Энхмаатай 2013 оны 08 дугаар сард худалдааны талбай худалдаалах захиалгын гэрээ байгуулсан. 1 м.кв талбайг 5000 ам доллараар худалдахаар тохиролцсон. Б.Энхмаагийн хувьд төлбөрөө хоёр хувааж төлсөн байдаг. 50 хувийн мөнгийг төлөөд гэрээ байгуулаад, бэлэн мөнгө байгаа гээд 49,990,500 төгрөгөөр гэрээ байгуулсан. Дараа нь шинэчилсэн гэрээнд ашиглалтанд 2015 оны 03 дугаар улиралд оруулна гэж өөрчилсөн, өөр зүйлийг өөрчлөөгүй. Өнгөрсөн хугацаанд манайх барилгаа барьсан. Хөрөнгө оруулагч хайгаад хурд байхгүй мөлхөө байдлаар барилгаа барьж байсан. Одоо манайх дулаан, цахилгаанаа оруулсан байгаа. Б.Энхмаа нь хамгийн сайн талбайг авсан учраас хүлээх боломж байна уу? ашиглалтанд орсны дараа 1 м.кв-г 10,000 ам доллараар зарж байгаа. Бусад худалдааны төвтэй харьцуулахад тухайн үед хямд зарсан. Ашиглалтанд орсны дараа хана, хаалга, хаалтны мөнгө авна. Бусад хүмүүс яагаад буцаадаггүй вэ? гэвэл тооцоо хийж үзсэн байгаа. Б.Энхмаагийн хувьд ашиглалтанд ортол хүлээгээч, энэ мөнгөө банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгалуулснаас илүү хөнгөлөлт үзүүлье, хана, хаалгыг манай зүгээс хийж өгье, эхний хэдэн сарын түрээсийн мөнгийг авахгүй гэх зэргээр хүлээсний төлөө хөнгөлөлт үзүүлэх санал гаргасан. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Захиалгаа өгөх үед 5 давхар барилгатай байсан. Одоо бид нар 10 давхар барьсан, тодорхой хэмжээгээр бид нар юм хийгээд л байна. Өөрсдөө нэгэнт гэрээгээ цуцлаж байгаа тул 49,990,500 төгрөгийг өгөх саналтай байна” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа нь Худалдааны талбай худалдах худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 31,500 ам доллар буюу 64,025,010 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК нь гэрээний 7.1-д заасан ёсоор гэрээний үнийн дүнгийн 0,2 хувиар алдангийг тооцож 99,981 төгрөг, нийт 50,090,481 төгрөг төлөх саналтай байна гэх тайлбарыг ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул гэрээний төлбөрт төлсөн 49,990,500 төгрөгийг төлнө гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

“Мэргэн девелопмент” ХХК болон иргэн Б.Энхмаа нар нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна. Уг гэрээгээр худалдагч тал болох “Мэргэн девелопмент” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “M-Square” худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт 3А-53 дугаартай  6,3 м.кв худалдааны талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал болох иргэн Б.Энхмаа нь нийт 6.3 м.кв талбайн нийт үнэ 31,500 ам.доллар төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээний 2.2 дахь заалтад “Захиалагч нь үйлчилгээний талбайн үнийн дүнгийн 100% болох 31,500$ /гучин нэгэн мянга таван зуун/ ам долларыг 2013 оны 08-р сарын 20-ны өдөр төлсөн болно” гэж бичигдсэн байна. /хавтаст хэргийн 4-6 дахь тал/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

Талуудын хооронд “Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээ нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан.

Гэрээ байгуулагдсан өдөр захиалагч болох иргэн Б.Энхмаа нь 6.3 м.кв худалдааны талбайн үнийг бүрэн төлсөн байна. Талууд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Бэлэн мөнгөний орлогын баримт” үйлдэн мөнгө хүлээлцэхдээ 31,500$-г тухайн өдрийн 1 америк долларын ханшийг 1,587 төгрөгөөр тооцон 49,990,500 төгрөг тушаасан баримт үйлдсэн байна. /хавтаст хэргийн 5 дахь талын ар/ Зохигчид энэ талаар маргаагүй.

Гэрээнийн 5.1-д “...худалдаа үйлчилгээний талбайг 2015 оны 3-р улиралд ашиглалтанд оруулах болно...” гэж заасны дагуу 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулах  ёстой байсан боловч уг барилгыг барьж ашиглалтад оруулаагүй байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй болно.

“Мэргэн девелопмент” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Энхмаа нь худалдаа үйлчилгээний талбайн захиалгын төлбөрт өгсөн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь гэрээний төлбөрт монгол төгрөгөөр тооцож төлсөн 49,990,500 төгрөгийг л төлнө, нэхэмжлэл гаргахдаа ам долларын ханшаар тооцож нэхэмжилсэн 64,025,010 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч нь гэрээний үнийг ам доллараар биш монгол төгрөгөөр тохирсон, гэрээний 1.2 дахь заалтад “...1 м.кв талбайн үнийг 5,000 ам.доллартай тэнцэх монгол төгрөгөөр...” гэж тохиролцсон гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

Зохигчид худалдаа үйлчилгээний талбайн үнийг ам.доллароор  тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан, 31,500 ам.долларыг тухайн өдрийн 1 америк долларын ханшийг 1,587 төгрөгөөр тооцон 49,990,500 төгрөг тушаасан баримт үйлдсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэж байна.

Гэрээний төлбөрт 31,500 ам.долларыг Монгол банкны тухайн өдрийн ам долларын ханшаар тооцож хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 дахь талын ар/

“Мэргэн девелопмент” ХХК нь худалдаа үйлчилгээний талбайн төлбөр 64,025,010 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхмаад төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь худалдааны талбайн захиалгын төлбөрт төлсөн 31,500 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн монгол банкны ханш нь 2,032.54 төгрөгөөр тооцож 64,025,010 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай нийцэж байна.

            Шүүх хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас худалдаа үйлчилгээний талбайн төлбөр 64,025,010 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас худалдаа үйлчилгээний талбайн төлбөр 64,025,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхмаад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мэргэн девелопмент” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 478,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР