| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2024/05980/И |
| Дугаар | 210/МА2025/00585 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/00585
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/01035 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 12,907,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12,907,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. Тодруулбал, талууд гэрээгээр түрээсийн зүйлийг ашиглах хугацаа болон төлбөрийн хуваарийг тохиролцсон, үүний дагуу хариуцагч тал түрээсийн зүйлийг 2024 оны 01 дүгээр сараас эхлэн ашигласан байхад түрээсийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.
4. ******* нь ******* ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч ******* ХХК нь *******-ын Замын 2 дугаар ангийн балансын замаас 500м замыг 1 суман шилжүүлгийн хамт 1 жилийн хугацаатай, сарын 1,075,600 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-16/
5. Нэхэмжлэгч шаардлагаа гэрээнд заасны дагуу хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс замыг хаасан. Иймд хариуцагчаас гэрээгээр тохиролцсон хугацааны буюу 2024 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 16-ныг өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 8,604,800 төгрөгийг алданги 4,302,400 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь түрээсийн зүйлийг ашиглаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж татгалзжээ.
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсэн талаар зөв дүгнэсэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
5.2. Талуудын байгуулсан гэрээний 5.7-д төлбөрийн хуваарийг тохиролцсон байх бөгөөд 2024 оны 1 дүгээр улирлын төлбөрийг тухайн сарын 05-ны дотор, 2 дугаар улирлын төлбөрийг 03 дугаар сарын 30-ны дотор, 3 дугаар улирлын төлбөрийг 06 дугаар сарын 30-ны дотор, 4 дүгээр улирлын төлбөрийг 09 дүгээр сарын 30-ны дотор тус тус төлөхөөр тусгасан боловч хариуцагч ******* ХХК нь түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн зүйл болох төмөр замыг хаасан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Зам сум холбоо дохионы төхөөрөмжийн дэвтэр-т бичсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх-ийн 10-17, 22-23/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй, харин 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлслөгч нь хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байхаар хуульчилсан.
Түрээсийн гэрээний зүйл болох төмөр замыг түрээслэгч буюу хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглах боломжгүй байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээнд зааснаар 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
5.3. Харин алдангийн тухайд гэрээг бичгээр байгуулснаар шаардах эрхтэй гэж дүгнэн түрээсийн зүйлийг ашигласан сүүлийн өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаагаар алдангийг тооцсон шүүхийн шийдвэрийг буруутгахгүй бөгөөд үүнд зохигч хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.
6. Иймд, талуудын байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 8,067,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 1,596,375 төгрөг, нийт 9,663,375 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,243,825 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/01035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 6,433,785 ... гэснийг 9,663,375 гэж, ... 6,473,325 ... гэснийг 3,243,825 гэж,
2 дахь заалтад ... 117,892 ... гэснийг 169,564 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,759 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ