Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00586

 

 

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00701 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,193,582 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч *******тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр № 21/192 тоот Барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 6,600,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 961,284 төгрөг, зээлийн хүүнд 1,392,5361 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,173 төгрөг, нийт 2,365,000 төгрөг төлсөн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 29-нөөс хойш огт төлөлт хийгээгүй.

Иймд, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,638,705.56 төгрөг, үндсэн хүү 4,046,581.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,646.60 төгрөг, нийт 10,190,933.38 төгрөг, нотариатын зардал 2650 төгрөг, нийт 10,193,582 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-иас 6,600,000 төгрөгийн зээл авч, *******ын тус компаниас авсан зээл, түүний хүүг төлсөн. *******ын авсан зээл нь цалин барьцаалж авсан бөгөөд надад хамааралгүй болно. Уг зээлийг ******* ХХК-ийн захирал, эдийн засагч нарын дарамт шахалт, ятгалгаар авсан. 2023 онд ******* ХХК надаас авсан зээл, хүүгийн хамтаар 7,235,022 төгрөг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32023/16897 дугаар захирамжаар ******* ХХК-иас гаргасан үндсэн нэхэмжлэл, миний гаргасан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож 2,431,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг буцаасан болно.

Иймд миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас 10,193,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 178,047 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин түүний нөхөр болох *******ын ******* ХХК-аас авсан байсан зээлийг эхнэр *******ар зээл авхуулан миний зээлийг хаалгасан. Тус зээл олгогч Банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь *******ын танил хүмүүс байсан тул ирээд гарын үсэг зурчхаарай гэсний дагуу зурсанаас энэхүү байдал үүссэн. Тус зээлийн гэрээг иргэн *******ын хүсэл санаачилгаар байгуулаагүй.

 

*******ын зээлийг яагаад миний зээлээр хааж өөрчилж байгаа талаар асуухад ингэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Зээлийн гэрээний дагуу *******д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13:22 цагт 6,529,000 төгрөгийн зээлийг олгоод буцаагаад 13:26 цагт *******ын 6,532,000 төгрөгийн зээлийг хаалгасан. *******ын зээлийг хэвээр үлдээж өөрөөр нь зээлийн төлөлтийг дуусгах ёстой байсан. Тэгтэл ахуйн хэрэглээний зээл өгсөн.

Энэхүү нөхцөл байдлаа тогтоолгох гэж Хаан банкны дансны хуулга, гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Тус зээлийн гэрээний дагуу авсан зээлээс би нэг ч төгрөг авч ашиглаагүй байхад 10,193,582 төгрөгийг төлөх шийдвэр гарсныг зөвшөөрөхгүй. Мөн өмгөөлөгч, хуульч авах, нотлох баримт цуглуулах эрхээр хангаагүй. Түүнчлэн миний цалингаас зээлийн төлбөрт нийт 2,431,000 төгрөг татагдан төлөгдсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг боловч ямар хуулийг буруу тайлбарласан талаараа дурдаагүй. Нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх гомдлын хувьд шүүхийг буруутгах боломжгүй. Шүүх хуралдааны үед хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан. Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон тохиролцсон бөгөөд хариуцагч өөрийн хүсэл зоригийн үүднээс танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. ******* өөрийнхөө авсан зээлийн талаар маргах эрх нь байгаа тул хэрэгт хамааралгүй. Зээл авсан боловч нэг ч төгрөг ашиглаагүй гэж тайлбарладаг боловч зээлдэгч зээлээ хэрхэн яаж ашиглах нь тухайн хүний эрхийн асуудал. Хариуцагчаас уг зээлийн гэрээг төөрөгдөж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв төөрөгдөж ятгалгаар хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол хууль шүүхийн байгууллагад хандах боломжтой байсан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний хөлсөнд нийт 10,193,582 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ахуйн хэрэглээний зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 6,600,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 6,600,000 төгрөгийг зээлдэгч *******ын дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, хариуцагчийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1-2, 9-12, 26/

 

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1, 2.2.4, 2.3.1-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч *******ас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2022 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Зээлдэгчид 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,638,705.43 төгрөг, хүү 4,046,581.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,646.60 төгрөг, нийт 10,190,933 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээл төлөлтийн хүснэгтээр тогтоогджээ. /хх-ийн 42-43/

 

5.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3.1-д Зээлдэгч нь ... эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.

Иймд хариуцагч зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

5.4. Хариуцагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, уг зээлийн мөнгөн хөрөнгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч, мөн өдрөө Дүгэржав зээл хаав гэсэн утгаар буцаан шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-иас ахуйн хэрэглээний зориулалтаар зээл авч, уг зээлийг өөрийн хүсэл зоригийн дагуу, өөрийн нөхөр *******ын өмнө авсан ахуйн хэрэглээний зээлд зарцуулсан нь нэхэмжлэгч талын дарамт, шахалтаар хийсэн үйлдэл гэх үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал, гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч Франфурт капитал ББСБ ХХК нь зээлийн төлбөрөөс гадна зээлийн материал бүрдүүлэхэд гарсан нотариатын үйлчилгээний зардалд 2650 төгрөг нэхэмжилсэн. Талуудын байгуулсан гэрээний 2.3.3-т шимтгэл хураамж болон зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх, холбогдох бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлуудыг зээлдэгч хариуцахаар тохиролцжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлс 2,650 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо, ... өмгөөлөгч, хуульч авах, нотлох баримт цуглуулах эрхээр хангаагүй ... гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцаж баримтад гарын үсэг зурсан, мөн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Түүнчлэн, хариуцагч талаас өмгөөлөгч авах, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 180,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ