Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 239

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 1918000000265 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Т-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Т- нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы орчимд Мангирт 10 дугаар хэсэг, 4-66 тоотод зүс таних Ц.Т- “хүн өөртэй нь юм ярьж байхад тоохгүй томорлоо” хэмээн харилцан маргалдаж улмаар зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т- өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Дархан сум, 7-р багт байрлах “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы орчим хохирогч Ц.Т-г “чи ямар том болчихсон юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан барьцалдаж хавсарч унаган өшиглөх, ноцолдож байхдаа зүүн чихийг хазсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т-ын үйлдлийг дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:

            Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дархан захын “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы хажууд очиход манай сумын танил залуу Ц.т- зогсож байхаар нь очоод тамхи асуухад “яах гээд байгаа пизда вэ” гээд цааш эргээд явах гэхээр нь би цамцнаас нь татахад Ц.т- намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаж аваад хавсарч унагахад Шагай ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд Ц.т- над руу дайраад бид хоёр зууралдаж, ноцолдож байгаад би Ц.т-гийн зүүн чихийг хазчихсан гэх мэдүүлэг /хх 19/,

Хохирогч Ц.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Дархан сум, 7-р багт байрлах “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы орчим өөрийн эзэмшлийн 8249 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээ арчаад зогсож байтал манай сумын танил Г.Т- ирээд надаас юм асуухад нь би сонсоогүй машинаа арчаад зогсож байтал над руу “чи ямар том болчихсон юм бэ” гээд дайраад байхаар нь би битгий андуураад байгаарай гээд ноцолдож байхад намайг хавсарч унагаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед хажууд нь явж байсан залуу салгасан. Тэгэхээр нь босож ирээд чи яаж байгаа юм бэ гээд дахиад ноцолдож байхад миний зүүн чихийг хазчихсан гэх мэдүүлэг /хх 03/,

            Гэрч М.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Дархан сум, 7-р багт байрлах “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы орчим зогсож байхад миний танил дүү болох Ц.Т- үл таних залуутай зууралдаж, ноцолдож байгаад “А- ахаа салгаад өгөөч миний чихийг хазчихлаа” гээд байхаар нь очоод салгахад нөгөө залуу зугатаагаад явчихсан. ...Ц.т-гийн чихнээс цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /хх 05/,

            Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Дархан сум, 7-р багт байрлах “Шинэ орчин төв”-ийн орох, гарах хаалганы орчим зогсож байхад Ц.т- үл таних залуутай хэрүүл маргаан хийж байгаад машиныхаа цаагуур ороод удаагүй “ёо ёо” гээд орилоход нөгөө залуу зугтаагаад Ихэр могой тал руу яваад өгсөн. Ц.т- араас нь явж барьж аваад буцаад ирсэн. Тухайн үед Ц.т- “энэ залуу миний чихийг хазаад таслаад хаячихлаа гэхээр нь харсан чинь чихнээс нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх 06/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ц.Т-гийн биед зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хазах үед үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 11/ зэрэг болно.

 

 

 

Шүүгдэгч Г.Т- гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Г.Т-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Т-гийн хохирогчоор өгсөн “Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 04/ шүүгдэгч Г.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 1918000000265 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 01/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 20/,

Шүүгдэгч Г.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа  /хх 23-28/,

Г.Т-ын Төрболдын төрсний гэрчилгээний хуулбар /хх 29/,

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн 1918000000265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 62500 /жаран хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ