Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 39

 

     Б.Б Т.Ж нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг.,

өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Тодгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар магадлалтай, Б.Б Т.Ж нарт холбогдох 2014250003295 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Тодгэрэл нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Т-ын Ж нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шүүгдэгч Б.Б, Т.Ж нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б, Т.Ж нарыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт 8 жилийн хорих, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Т.Ж нарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багтааж, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг тус бүрт 8 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ж, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Тодгэрэл, прокурор Д.Булганцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл, Ц.Монгол нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Ц.Тодгэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Т.Ж Б.Б нарт холбогдох хэрэгт хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Хэрэг болох үед Б.Б, Т.Ж нар гэртээ байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогчид учирсан гэмтэл мотоциклоос унаснаас үүсэх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Б.Б нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь шинжээчийн дүгнэлт, түүний согтолтын зэргийг тогтоолгохоор үлээлгэсэн багаж зэргээр нотлогдож байна.

Т.Ж Б.Б нарын биед үзлэг хийж байхад цагдаагийн ажилтнууд байсан ба биед зодоон хийсэн ул мөргүй болохыг тогтоосон байхад эдгээр төрийн албан хаагчдын хэнээр нь ч гэрчлүүлээгүй ба прокурор үзлэг хийхэд гудамжны хүмүүсийг хөндлөнгийн гэрчээр байсан мэтээр шүүхэд хэлж байгааг шалгах, камерын бичлэгийг дахин шалгах шаардлагатай. Мөн гэрч Г.Б Ц.Э нарын мэдүүлгийн зөрүүг гаргахгүйгээр, хохирлын хэмжээг харгалзахгүйгээр хүнд зүйл ангиар ялласан. Б.Б, Т.Ж нарт мөрдөн байцаагч, прокурор нар нь хэргийн материалыг нягтлан танилцуулаагүй тулган шаардаж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Хохирогчийн буруутай үйлдэл энэ хэрэг гарах нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэрчүүд нэг хашаанд амьдардаг хамаатан садангийн хүмүүс байдаг. Танхайрсан гэж хэргийг хоёр зүйл, ангиар зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хүндрүүлэн үзэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үед хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирогч М.Б эмнэлэгт хэвтээгүй байж 400,000 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилдэг бөгөөд түүнд бөөрний ямар гэмтэл учирсан болохыг бүрэн тогтоогоогүй байж хүнд гэмтэл гэж үзээд байгаа нь эргэлзээтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Б, Т.Ж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэлт хийсэн атлаа нэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хоёр зүйл, хэсгээр давхар зүйлчилж, хууль хэрэглээний алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

Б.Б, Т.Ж нарын бүлэглэн нэг цаг хугацаа болон орон зайд, нэг сэдэлтээр танхайрах явцдаа бусдын биед хөнгөн, хүнд гэмтэл учруулсан үйлдэл тус бүрийг тусад нь зүйлчилж ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголын “танхайрах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хоёр өөр зүйл, хэсгээр зүйлчилж хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, Т.Ж нарын танхай сэдэлтээр хохирогч М.Б-т хүнд гэмтэл, хохирогч Ш.Отгонд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Т.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул Б.Б, Т.Ж нарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1. 96.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хяналтын шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б, Т.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Б.Б, Т.Ж нарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 165, 309 дүгээр шүүгчийн захирамжийг “биечлэн эдлэх ялын хэмжээ өөрчлөгдсөн” үндэслэлээр хүчингүй болгож энэ хуралдаанаас мөн хуулийг шинээр хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Т.Ж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн  “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар магадлалын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Б.Б, Т.Ж нарыг бүлэглэж танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Т.Ж нарыг 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б, Т.Ж нарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1. 96.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 165, 309 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ     

                                                         

ШҮҮГЧ                                                                Ч.ХОСБАЯР