Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00014

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн **

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох

            “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолууд, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар,  нэхэмжлэгч **, хариуцагч Ц.Мягмар, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, гуравдагч этгээд **  нар оролцов.       

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурал нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болсон. Хуулинд заасан 50-иас дээш хувийн санал аваагүй гээд дахин 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр багийн Засаг даргыг сонгох хуралдаан болсон. Тухайн хурал бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар тухайн багт харьяалалгүй иргэд орсон гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл өгсөн. Иймээс 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дэнж багийн иргэдийн Хурлын 01, 02, 03, 04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн  2017 оны 04 дүгээр 29-ний  өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа.“ гэв.

            Хариуцагч Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга Ц.Мягмар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сургуулийн спорт зааланд болсон. Энэ хуралдааныг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгч Ууганбаяр даргалж Адьяахүү, Ганболд нар оролцож хурлын ирцийг багийн Засаг дарга Наранбаяр, хэсгийн ахлагч нар зохион байгуулж бүрдүүлсэн. Хурлын ирц хангалттай байсан тул уг хурлыг хийж хурлаар миний бие олонхийн санал авч Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Хуучин дарга Гунаажав тамга гардуулсанаар миний бие  үүрэгт ажлаа хүлээн авч дараагийн үйл ажиллагааг удирдан явуулсан юм.  Дэнж багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа эхэлсэн ба **, ** нар нэрээ дэвшүүлэн 302 хүн санал өгсөнөөс ** 49,6 хувийн санал авч хүчинтэй 300 саналаасаа тооцоод 50-иас доош хувийн санал авч сумын Засаг дарга С.Ганцогтод хүргүүлсэн боловч санал хураалтыг тооцох боломжгүй хэмээн үзсэн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдааныг дахин зарлаад багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд хуучин нэр дэвшсэн **, **, **нар оролцсон. Энэ санал хураалтаар ** 49,6 хувийн санал авч олонхи болж чадаагүй учир  хурлын дэгээр 50 хувьд хүрээгүй бол дахин санал хураалтыг явуулна гэж заасан байсан учир дахин санал хураалт болж тооллогын комиссын тогтоол гаргахад ** 60.7 хувийн санал авч Дэнж багийн Засаг даргад өргөн мэдүүлэх боломжтой болсон. Ингээд сумын Засаг дарга С.Ганцогтод өргөн мэдүүлсэн юм. Хурал бол ерөнхийдөө дэгийнхээ дагуу хуралдсан гэж үзэж байгаа тул **гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Гуравдагч этгээд ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд ямар нэгэн байдлаар бульхаатай үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэлээс харахад ** эгч өөрөө санал авах байран дээр байхдаа л мэдсэн юм байна. Тиймээс ** эгч тухайн саналын байдлыг сүүлд нь миний эсрэг ашиглахаар баримтжуулж байсан байна. Гадны хүн орж санал өгсөн гэдгийг би өөрөө ч мэдээгүй. 2017 оны санал хураалтын дүнгийн талаар ** гомдол гаргасны дагуу сумын Засаг дарга батламжлаагүй. Дахин санал хураалт 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан ба эхний санал хураалтаар хэн ч 50-иас дээш хувийн санал аваагүй учраас дэгийн дагуу дахин санал хураалт явагдаж би олонхийн буюу 60.7 хувийн санал авч ялалт байгуулсан.“ гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэлээс харахад тооллогын комиссыг өмнөх Засаг дарга зохион байгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлыг Ц.Мягмар зохион байгуулсан. Хурал хийж 2 дахь санал хураалт явуулсан. ** 82 хүний санал ** 53 хүний саналыг хасахад эцсийн дүнд ** 19 хүний саналаар илүү ялсан байна. Энэ нь ** 50 нэмэх 1 саналаар илүү буюу хуулинд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас нэхэмжлэгч **гийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч **гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

             Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасны дагуу татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.             

            Нэхэмжлэгч ** “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан.

             2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурал хуралдаж, “Хуралдааны дэг батлах тухай” 01 дугаар, “Багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгосон тухай” 02 дугаар, “Багийн Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгосон тухай” 03 дугаар,  “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоолуудыг тус тус гаргасан байна.

            Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Дэнж багийн Засаг даргыг томилохоос татгалзсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. Дээрхи хуулийн заалтын дагуу Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Засаг даргад дахин нэр дэвшүүлэн сонгох ажиллагааг явуулсан байна.

            2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Дэнж багийн Засаг даргад иргэн **, **, **нар нэрээ дэвшүүлэн санал хураалт болсон боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  “ ...олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасны дагуу дээрхи нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал аваагүй учир дахин санал хураалт явагдсан байна.  

            2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дахин санал хураалтаар Дэнж багийн Засаг даргад нэр дэвшигч **, ** нар нэрээ дэвшүүлэн оролцож, ** 82 хүний санал буюу 60.7 хувийн, ** 53 хүний санал буюу 39.2 хувийн санал авсан болох нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай “Санал хураалтын дүнгийн тухай” тооллогын комиссын хурлын тогтоолоор тогтоогдож байна. Энэ тогтоолын дагуу Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанаас “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 03 дугаартай тогтоолыг гаргажээ.

            Нэхэмжлэгч ** нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт тухайн баг хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг хорооны иргэн оролцож саналаа өгөх тухай хуулиар зохицуулсан байхад Дэнж багийн иргэн биш 3 хүнийг хурлын хуралдаанд оролцуулж санал хураалт явуулсан гэж маргасан болно.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дэнж багт амьдарч байгаад шилжин явсан 2 иргэн, насанд хүрээгүй 1 /регистрийн дугаар буруу гэсэн/ иргэн Дэнж багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд оролцож санал өгсөн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 983 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа хэдий ч нэр дэвшигч ** 53 хүний санал буюу 39.2%, ** 82 хүний санал буюу 60.7%-ийн санал авсан нь дээрхи харьяаллын бус 2, насанд хүрээгүй гэх 1 хүний санал Дэнж багийн Засаг даргыг сонгосон саналд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн болно.  

            Иймээс нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг  баримтлан нэхэмжлэгч **гийн “2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдааны 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч **гийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоолууд, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01, 02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА