Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0197

 

“Д х ц с”

ТӨХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, Ц.А, хариуцагч С.Б, Ц.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д х ц с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: ”Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Цалин нөхөн олгуулах тухай” №01-06-092/61 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Дулаан хоёрдугаар цахилгаа станц” ТӨХК нь улсын тэмдгийн хураамж төлөөгүйг дурдаж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч “Д х ц с” ТӨХК-ийн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамт /тариф/-ын хэлэлцээрт үндэслэн компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны Хамтын гэрээний 3.1.2 дахь заалтыг буруу хэрэглэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Цалингийн зөрүү олгуулах тухай” 01-06-092/61 дүгээр актыг шүүх нотлох баримтын хүрээнд буруу үнэлсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн “Д х ц с” ТӨХК-аас нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүйг дурдсан нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Д х ц с” ТӨХК-аас “Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Цалин нөхөн олгуулах тухай” 01-06-092/61 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Монгол Улсын Эрчим хүчний яам, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Эрчим хүчний ассоциаци харилцан тохиролцож байгуулсан “Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамтын /тариф/-ын хэлэлцээр”-ийн 3.1.2-т “Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөн /240.00х1.6=384.000/ байх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд нь байгууллагын хүчин чадал, эдийн засгийн чадавхиас хамаарч дараах итгэлцүүрээс доошгүйгээр, Эрчим хүчний салбарын ажлын төсөв зохиоход мөрдөгдөх цагийн тарифт цалинг тухайн (засварын ажил гүйцэтгүүлж буй) байгууллагад мөрдөгдөж буй тарифт цалингаар олгохоор, “Д х ц с” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудын үйл ажиллагааны Ашиглалтын чиглэлийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлд 2.2, хэвийн бус нөхцөлд 2.4, Засварын чиглэлийн хөдөлмөрийн хэвийн нөхцөлд 1.9, хэвийн бус нөхцөлд 2.2 хувиар үржүүлж бодох”-оор тогтоосон, түүнийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Д х ц с” ТӨХК-ийн захиргаа, тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн холбооны “2017-2018 оны Хамтын гэрээ”-нд дээрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгэн адил байхаар тохирчээ.

        Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Цалин нөхөн олгуулах тухай” 01-06-092/61 дүгээр актаар “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сар хүртэл ажилчиддаа Хамтын гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг зөрчсөн” гэж үзэн 213 ажилчдын мөн хугацааны сарын цалингийн зөрүү 203.718.160 /хоёр зуун гурван сая, долоон зуун арван найман мянга, нэг зуун жаран/ төгрөгийг нөхөн олгохыг “Д х ц с” ТӨХК-д даалгажээ.

        Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно/, 7 дугаар зүйлийн 7.1 /Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно/-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцсон хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоосон тохиолдолд тухайн хэлэлцээрээр тогтоосон хэмжээгээр ажилтанд цалин /хөлс/-г олгох үүрэгтэй.

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Д х ц с” ТӨХК “Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын /тариф/-ын хэлэлцээр” болон өөрийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой харилцан тохиролцож байгуулсан “2017-2018 оны Хамтын гэрээ”-ний дагуу ажилчдынхаа 2019 оны 1-5 сар дуустал хугацааны цалин /хөлс/-г олгоогүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

        Өөрөөр хэлбэл, “Хамтын /тариф/-ын хэлэлцээр”-ээр ажилчдын цалинг тогтоосон тохиолдолд Эрчим хүчний сайд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй тухайгаа илэрхийлсэн”, “Эрчим хүчний яам эрчим хүчний төрийн өмчит компаниудын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтэд цалингийн зардлыг нэмэгдүүлэн батлаагүй”, “компанийн бизнес төлөвлөгөөнд тусгасан цалин нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний яамны зорилтот түвшин батлах ажлын хэсгээс хасах шийдвэр гаргасныг Эрчим хүчний сайд хассан дүнгээр баталсан, Эрчим хүчний зохицуулах хорооноос “хөрөнгийн эх үүсвэр бүрдээгүй байхад ажилчдын цалин, шимтгэлийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай талаар мэдэгдсэн” гэх үндэслэлүүдээр тухайн Хамтын хэлэлцээрийн зөвхөн нэг тал болох болох захиргаа дангаараа ажилчдын цалин /хөлс/-г тогтоосон хэмжээнээс дутуу олгосныг зөвтгөх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар Монгол Улсын Эрчим хүчний яам, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Эрчим хүчний ассоциаци хамтран 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Эрчим хүчний салбарын 2019-2020 оны Хамтын /тариф/-ын хэлэлцээр”-ийн 3.2-т “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин хүртэл нэмэгдүүлэн тогтоож мөрдөхөөр,

        3.3-д “Салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд нь хүчин чадал, эдийн засгийн чадавхиас хамаарч Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараах итгэлцүүр хүртэлх хэмжээгээр үржүүлж тооцож болох”-оор өөрчлөлт оруулсан, үүнийг үндэслэсэн “Д х ц с” ТӨХК, тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хоорондын “2019-2020 оны Хамтын гэрээ” нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж ажилчдын цалин /хөлс/ шинэчлэгдэн олгогдож эхэлсэн нь тогтоогдсон байна.

        “2017-2018 оны Хамтын гэрээ”-ний 8.1-д “Хэлэлцээр нь талуудын гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар, хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй бол талууд хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөх”-өөр зааснаас үзвэл тухайн гэрээ акт гарсан хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгдөж байжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Үүнээс гадна нэхэмжлэгч “Д х ц с” ТӨХК-ийн ажилчдын хөдөлмөрийн хөлсийг “Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамтын /тариф/-ын хэлэлцээр”-т тусгасны дагуу тооцон олгоогүй энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 /Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина/-д заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч компанид маргаан бүхий актаар цалингийн зөрүүг тус компанийн ажилчдад нөхөн төлүүлэхээр тогтоосон нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө/-д нийцсэн байна.

        Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

        Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

                                                ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР