| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0350/З |
| Дугаар | 001/ХТ2025/0004 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/0004
“Б****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн
газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын
байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0490 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/614 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0444 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б****, хариуцагч Ц.О****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А****нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Б****” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О****, Г.Б**** нарт холбогдуулан “... татварын улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн НА-**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Б****” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн НА-**** дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,085,684,535.36 төгрөгийн нөхөн татвар, 1,825,705,360.61 төгрөгийн торгууль, 1,017,687,829.17 төгрөгийн алданги, нийт 8,929,077,725.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.1.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.
3.Нэхэмжлэгчээс “... татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан, татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлаагүй, аж ахуй нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй, жоншны үнэ тогтоодог бирж байхгүй, жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй, хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнийг олон улсын зах зээлийн үнэ гэж үзэхгүй, албан бус эх сурвалж, манай компанид харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал байхгүй тул жишиг үнийн аргыг ашиглах байсан, АМНАТ төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин АМНАТ төлбөр ногдуулж нэг төрлийн татварыг давхардуулан ногдуулж байгаа нь татварын хууль тогтоомжид нийцэхгүй, 3 төрлийн жоншийг ОХУ-руу экспортолдог, гэрээгээр нийлүүлсэн үнэ 205 доллар, нийлүүлсэн жоншны жин, тонны хэмжээгээр төлбөр дансаар орж ирдэг, www.indmin.com сайтын жоншны ханш нь Тяньжин хотын ханш, манай компани жоншоо 205 доллароор экспортолсон хэр нь 365 доллароор тооцон татвар төлөхөөр болсон, Цэцээс хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолыг хэрэглэсэн, зах зээлийн үнэ тогтоох аргачлалаар хуулийн этгээдүүдэд хэрэглэх журмын дагуу маш их татварын ачаалал үүрүүлж, татан буугдах, дампуурах, зах зээлээс шахагдах эрсдэлд оруулсан, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж, нөхөн ногдуулалтын акт тавьсан нь Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулиудад нийцэхгүй ...” гэж маргажээ.
4.Хариуцагчаас “... нэхэмжлэгч компани 2018-2021 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн “Х” тайлан тайлагнасан, хяналт шалгалтад хамрагдах хугацаанд 80 мянга орчим тонн жонш экспортолсон, гаалийн мэдээ, гаалийн лабораторийн дүгнэлтээр ямар ангиллын жонш экспортолсон нь тогтоогддог, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг огт тайлагнаж байгаагүй, татвар төлөгч тайлангаар төлбөрөө үнэн зөв ногдуулсан гэж үзэх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2014 оны 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-д заасныг үндэслэн тус компанийн экспортод гаргасан жоншинд ашигт малтмалын төлбөр ногдуулсан, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, төрийн өмчийг ашиглуулсны төлөө авах төлбөрөө тогтоож байгаа ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрөн хариу тайлбар гаргажээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О****, Г.Б**** нарын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн НА-**** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Б****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б****” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0444 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х****-ээс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
8.1.Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д “уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийг мэдээлэл ашиглах уу” гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д заасан уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр үндэслэлгүй болсон.
8.2.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76.1.3-т зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэх ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаан дараа тайлан хүлээн авч байсныг анхаарч үзэх хэрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй зарлаж буй үнэ нь бодит үнэн биш бирж гэх байгууллагын үнэнд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан. Гэтэл татварын алба биднийг огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
8.3.Татварын улсын байцаагч нар нь Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулахдаа татварыг бодитой, шударгаар ногдуулах зарчмыг зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч нар нь тооцоолол дээр алдаа гаргаж жоншны ачилт болгон дээр болон зарим үед дээж өгөх бүрд сар бүр жишиг үнэд өөрчлөлт орж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм.
8.4.Түүнчлэн манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч зөвхөн экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн гэдэг тайлбарыг татварын улсын байцаагч нарт шалгаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
8.5.Татварын улсын байцаагч нар нь манай компанийн экспортод гаргасан жоншны бүтээгдэхүүний жин (тонн) бүхий гаалийн мэдүүлэг болон бэлэн бусаар дансаар шилжүүлсэн гүйлгээний хуулга, жонш худалдах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн шалгаж тогтоосон атлаа бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно.
8.6.Манай улс дэлхийн зах зээл рүү жоншийг шууд худалдах боломжгүй бөгөөд далайд гарцгүй зөвхөн 2 хөрш улсдаа экспортлох боломжтой учраас олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох, улмаар жишиг үнээр бүтээгдэхүүнээ борлуулах бодит боломж байхгүй гэдгийг татварын байгууллага сайн мэдэж байгаа. Мөн жонш нь биржийн бус бараа бүтээгдэхүүн тул олон улсын биржүүдээр арилжаалах боломжгүйн зэрэгцээ бүтээгдэхүүний овор хэмжээ ихтэйгээс шалтгаалж тээвэр логистикийн хүчин зүйлээс шууд шалтгаалдаг бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл уурхайн аман дээрх жоншны үнэ болон ачилт хийсэн, тээвэрлэж төмөр замын өртөө хүргэсэн, улсын хил хүртэл тээвэрлэгдсэн нэгж жоншны үнэ хүртэл харилцан адилгүй нэмүү өртөг, зардал шингэсэн үнэтэй байдаг.
8.7.Гэтэл татварын улсын байцаагч нар нь тухайн улсын орон нутгийн үнийг мэдээлэлдэг, зөвхөн мэдээллийн шинжтэй албан бус цахим хуудас болон www.indmin.com гэх хаяг дээрээс БНХАУ-ын Тяньжин боомт дээр FOB (Free on board) үнэ буюу усан онгоцны тавцан дээрх үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилээр экспортод гарсан жоншны бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хэдэн мянган километр тээвэрлэгдэж, ачилт буулгалтын үнэ, тээврийн үнэ, орон нутгийн болон улсын татвар хураамж тооцогдож улмаар далайн боомтоос дэлхийн өнцөг булан бүр рүү хамгийн хямд усан тээврээр зөөвөрлөгдөх боломжтой бүх үнэ, зардал, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнээс тооцож Монгол Улсад татвар ногдуулж байгаа нь эрүүл ухаанаар ойлгох боломжгүй зүйл юм.
8.8.Өнөөдөр энэхүү дэлхийн зах зээлийн үнийг тогтоосон гэх www.indmin.com цахим хуудаст хандахад www.fastmarket.com гэсэн албан бус мэдээллийн шинжтэй цахим хуудас болсон байгаа нь дэлхийн зах зээлийн үнийг тогтоодог мэдээллийн эх сурвалж биш гэдэг нь илэрхий харагддаг. Тухайлбал, жоншны үнийг өмнө Тяньжин боомт дээрх мэдээлэл тавигдсан бол одоо Мексикийн үнийг тавьсан байгаа нь албан бус эх сурвалж гэдгийг нь тодорхой харуулж байна. Аливаа эрдэс баялаг нь шат дамжлаг бүрээр үнэ өсч, мөн эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ өртөг зардал шингэж нэмүү өртөг үүсгэдэг тул анхны баяжмалын борлуулалтаас үйлдвэрийн дамжлагад шингэх үеийн үнээр тооцож татвар ногдуулах үндэслэлгүй юм.
8.9.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/614 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
11.Татварын хяналт шалгалт хийх 2122501542 дугаар томилолтын дагуу Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Б****” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн НА-**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар “хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй” үндэслэлээр нийт 128,331,633,844.8 төгрөгийн зөрчилд 6,085,684,535.36 төгрөгийн нөхөн татвар, 1,825,705,360.61 төгрөгийн торгууль, 1,017,687,829.17 төгрөгийн алданги, нийт 8,929,077,725.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
12.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.
13.Татварын хяналт шалгалтаар “Б****” ХХК нь 2018 онд 17,915.75 тонн, 2019 оны 1, 2, 3 сард 5,329.88 тонн, 2019 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал 12,671.88 тонн, 2020 онд 10.345.01 тонн, 2021 онд 24,524.52 тонн хайлуур жоншийг (ОХУ, БНХАУ руу) экспортолсон нь гаалийн хөндлөнгийн мэдээгээр тогтоогдож, хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Татвар төлөгч хуулийн этгээд нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, татвар төлөх үүргээ биелүүлсэн эсэх,
-Шүүхүүд хэргийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
14.Ашигт малтмалын тухай (2006 он) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэж заасан.
15.Дээрх зохицуулалтын агуулга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмалаа олборлож худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээх бөгөөд энэ тохиолдолд, “Б****” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 2018-2021 оны хооронд улсын хилээр (ОХУ, БНХАУ руу) худалдсан хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй этгээд байна.
16.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нөөц ашигласны төлбөрийг төлөхтэй холбогдох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0130 дугаар тогтоолд[1] тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна. Үүнд:
17.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:” гэж, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчсөн байна.
18.Нэхэмжлэгч 2018-2021 оны хооронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаж, борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (үндсэн болон нэмэлт)-ийг улсын төсөвт тогтоосон хугацаанд үнэн зөв тодорхойлж төлөх байтал татварын хяналт шалгалтын явцад “Х” тайлан гаргасан (хариуцагчийн тайлбараар), харин нэхэмжлэгчээс “... татвараа тайлагнаж байсан” гэх боловч нэхэмжлэгч хуулийн этгээд тайлан гаргасан, тайлангаа татварын улсын байцаагчид илгээсэн баримт, уг тайланг татварын алба хүлээж аваагүй талаарх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийг татвараа үнэн зөв тодорхойлж, татвар төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
19.Учир нь, нэхэмжлэгчээс “... өөрийн уурхайн талбайгаас олборлоогүй, бусдаас худалдан авсан” гэж маргах боловч татварын хяналт шалгалтын үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нотлогдоогүй буюу бусдаас хайлуур жонш худалдан авсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй, мөн “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн жоншны бүтээгдэхүүн дээр дахин төлбөр ногдуулж, нэг төрлийн татварыг давхардуулж оногдуулсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэлтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
21.Хууль тогтоогчоос Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зохицуулалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар ““Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд”” гэж өөрчилж, тус хууль 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч болох нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус хуулийн өөрчлөлтийн агуулга адилхан буюу нэхэмжлэгч нь экспортолсон хайлуур жоншиндоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэвээр байна.
22.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж зааснаар нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс тооцох зохицуулалттай байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
23.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалыг заасан буюу “зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл” үүссэн байх урьдчилсан нөхцөлийг заасан, энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээс нөөц ашигласны төлбөр тогтоохоор мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан, үүний дагуу татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах” тухай тогтоолыг хэрэглэж, борлуулалтын үнэлгээг тооцон, төлбөр тогтоосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “жоншны үнэ тогтоодог бирж байхгүй, жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
24.Эрх бүхий этгээд болох Засгийн газрын тогтоолд нэрлэн заасан үнийн эх сурвалжийг хэрэглэсэн, уг үнэ нь “зах зээлийн үнэ мөн эсэхийг тогтоогоогүй” гэх үндэслэлээр татварын улсын байцаагч нарыг буруутгах буюу нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн “хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнэ бол зах зээлийн үнэ биш” гэх гомдол нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй тул шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй.
25.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд бүтээгдэхүүн экспортод гаргасан, дотоодод борлуулсан, ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтсон бөгөөд хууль хэрэглээний зөрүү үүсээгүй, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0130 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
26.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б****” ХХК-ийн төлөөлөгч П.Х****-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН
[1] “Д****” ХХК ба Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар, 128/2023/0347/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0130