Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1733

 

“ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/0395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК,

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 386 571 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Хариуцагч ХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ХХХ болон хамтран зээлдэгч ХХХ нар “ХХХХ” ХХК-аас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ14/05/046 тоот зээлийн гэрээний дагуу 230 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлтэй холбоотойгоор талууд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗБГ 14/05/046 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ тоот болон ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

Мөн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14/05/046 тоот фидуцийн гэрээ байгуулж Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 70551239 арлын дугаартай, 0699 УБП улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулах хугацааг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байхаар талууд харилцан тохиролцсон ч зээлдэгчдийн санхүүгийн нөхцөл байдал болон удаа дараагийн хүсэлт зэргийг харгалзан үзэж, зээл төлөх хугацааг өдийг хүртэл хойшлуулж байсан.

Зээлийн хүү 99 005 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 442 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл төлөгдөөгүй байгаа. Иймд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 230 000 000 төгрөг, зээлийн хүү 129 040 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 531 000 төгрөг, нийт 386 571 000 төгрөгийг ХХХ, ХХХ нараас гаргуулахаар шүүхэд хандсан.

Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг сонслоо, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хүү төлөх байсан, хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлд төлөх байсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний 2.2-д зээлдэгч нь эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үлдэх хэсгээр зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаа. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан заалт энэ гэрээний үүрэгт хамааралгүй бөгөөд энэ заалт шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэрэглэдэг заалт юм.

Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үлдэгдлийг машинаар бодож гаргасан бөгөөд нийт 107 447 000 төгрөг төлсөнд маргаагүй, харин гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас төлбөрт өгсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүүд суутган авч байсан учраас үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй. Иймд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ХХХ 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээнд өөрийн нөхөр ХХХын дарамт, шахалтан дор хүчээр гарын үсэг зурсан. ХХХ үндсэн зээл 230 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд нөхөрийн найз нь мөнгийг авсан юм. Мөн зээлийн хүүг тус ББСБ-д найз нь төлж байгаа, нийт 107 000 000 төгрөг төлсөн байдаг.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийг тооцож авах ёстой бөгөөд үндсэн зээлд 86 000 000 төгрөг төлсөн учраас одоо үндсэн төлбөр 143 253 000 төгрөг үлдсэнээс хүү тооцох ёстой. Түүнчлэн гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0.9 хувь гэсэн байгаа нь стандарт нөхцөлийг зөрчсөн, хуульд нэмэгдүүлсэн хүү 20 хувь хүртэл байна гэсэн байгаа тул хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХХХ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээ байгуулж 230 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Тус зээлийн гэрээгээр зээлсэн мөнгийг ХХХ огт ашиглаагүй.

2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 10 695 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 10 005 000 төгрөг, нийт үндсэн зээлээс 86 747 000 төгрөг төлсөн. Үлдэх 143 253 000 төгрөгөөс хүү бодох ёстой. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан нь энэ гэрээний үүрэгт хамааралтай заалт юм.

Гэрээгээр 1 сарын хүү 10 350 000 төгрөг, 3 сарын хүү 31 050 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Нийт 107 447 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, үндсэн зээл 143 253 000 төгрөгөөс хүү тооцож гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХ, ХХХ нараас 361 502 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 069 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 090 805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ, ХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 965 460 төгрөгийг гаргуупж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай ХХХХХХХХХХХ ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ тоот, 95 м.кв бүхий 3 өрөө орон сууц, ХХХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар, Ланд крузер маркийн 0699 УБП улсын дугаартай автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХ-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарын эрх, ашиг сонирхолыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбар тухай 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэлх хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин энэхүү төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж хууль хэрэглээний хувьд тайлбарласан байдаг.

Онолын хувьд ч гэсэн гэрээний зарчим хугацаатай байдаг бодит хугацаа дуусгавар болохоор гэрээ дуусгавар болно. Энэхүү гэрээний хувьд 3 сарын хугацаатай байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болсон. Иймд хууль болон онолын хувьд ч гэсэн гэрээний үндсэн хугацаанаас хойш төлсөн 85 160 000 төгрөгийг үндсэн зээл 230 000 000 төгрөгөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0.9 хувь гэсэн байна. Уг гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлтэй гэрээ юм. Мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0.9 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Уг заалтыг яг 20 хувь байна гэж ойлгохгүй бөгөөд мөн хуульд нэмэгдүүлсэн хүүг хувьчилж тогтоон үүрэг болгох тухай заагаагүй байна.

Иймд үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хариуцагч нар нь үндсэн зээлд 144 840 000 төгрөг, хүү 149 258 045 төгрөг буюу нийт 294 098 045 төгрөг төлөх үндэслэлтэй бөгөөд зөрүү 64 403 955 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь ХХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 386 571 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу үндсэн зээлээс хасч тооцох ёстой, ийнхүү тооцсон үндсэн зээлийн үлдэгдлээс  хүү тооцож төлнө, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй  гэжээ.

            Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч 230 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж, зээлийг хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн талаар маргаагүй, харин зээлдэгчийн хугацаа хэтрүүлэн төлсөн зээлийн төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасах дараалал болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргасан байна.

            Хариуцагч нараас зээлийн хүүд эхний хоёр сар буюу гэрээний хугацаанд 11 247 000, 11 040 000 төгрөгийг тус тус төлсөн,  гэрээний хугацаа дууссан 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш  2014 оны 8 дугаар сарын сарын 28-ны өдөр 10 860 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 5 631 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 369 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 48 300 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус зээлийн төлбөрт талаар талууд маргаагүй. 

Дээрх байдлаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн нийт 85 160 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалт төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд үндсэн үүрэг, түүний хариуцлага буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар хасч тооцох үндэслэлтэй.

Ийнхүү гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 5 удаагийн 85 160 000 төгрөгийн зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн дагуу тухай бүрийн үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл нь 144 840 000 /230 000 000-85 160 000/ төгрөг болох ба төлбөр тухай бүрт үндсэн зээлийн үлдэгдлээс хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй.

Харин төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн үүрэгт суутгахаар гэрээгээр тохирсон гэх нэхэмжлэлийн үндэслэл нь  зээлийн гэрээний 3 сарын хугацаан дотор үйлчлэх бөгөөд зээлийн хугацаанд төлсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож хасахад гэрээний хугацаа дуусах 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 230 000 000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 10 695 000 төгрөг байна.

Гэрээнд заасан хувиар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 230 000 000 төгрөгт 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 13 хоногийн хүү 4 485 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 897 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 10 860 000 төгрөгийг үндсэн зээл 230 000 000 төгрөгөөс хасч, үлдэх 219 140 000 төгрөгт 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хүү 328 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 742 төгрөг, 2014 оны  8 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 5 631 000 төгрөгийг 219 140 000 төгрөгөөс хасч үлдэх 213 509 000 төгрөгт 2014 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаа хоцорсон 33 хоногоор тооцоход хүү 10 568 695 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 113 739 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төлсөн 369 000 төгрөгийг 213 509 000 төгрөгөөс хасч үлдэх 213 140 000 төгрөгт 2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 91 хоногийн хүү 29 093 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 818 722 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 48 300 000 төгрөгийг 213 140 000 төгрөгөөс хасч үлдэх 164 840 000 төгрөгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 189 хоногийн хүү 46 732 140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 346 428 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгийг 164 840 000 төгрөгөөс хасч үлдэх 144 840 000 төгрөгт 2016 оны 3 дугаар сарын 7-ныг хүртэлх 243 хоногийн хүү 52 794 180 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 558 836 төгрөг, нийт үндсэн зээлд 144 840 000 төгрөг, хүүд 154 697 335 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28 800 467  төгрөг, нийт дүнгээр 328 337 802 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг хангасан болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон дүнд өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Мөн хариуцагчид ногдох төлбөрийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Харин талууд зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг 30 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,9 хувиар, мөн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй, зээлийн гэрээнд энэ тухай заалтыг хоёр өөр байдлаар томьёолсон нь тооцооллын хувьд зөрүүгүй байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “361 502 000 төгрөгийг” гэснийг “328 337 802 төгрөгийг” гэж, “25 069 000 төгрөгт” гэснийг  “58 233 198 төгрөгт” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 965 460 төгрөгийг” гэснийг “1 799 639 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479 970 төгрөгийг улсын шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ