Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2017/ДШМ/03

 

Н.Цэнгэлсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 

Прокурор Э.Нямбилэгт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Оюунсүрэнг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулгын 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Н.Цэнгэлсайханд холбогдох 201608000158 дугаартай 1 хавтас 227 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч прокурор Э.Нямбилэгтын эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1981 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инжинер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын БГД-ийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байр 76 тоотод оршин суух хаягтай, Ханжийн Майнинг ХХК-д өрмийн инжинер ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх Боржигон овогтой Нэргүйн Цэнгэлсайхан /РД:УД81080912/-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авсан.

 

Яллагдагч Н.Цэнгэлсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 505/168 километрийн шонгийн орчимд Тоёота Ланд круйзер маркийн 00-43 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 Зам тээврийн ослын үед жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. атээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх бзам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх взам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтан-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно" гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн А.Замзаахын өмчлөлийн 4 тооны үхрийг мөргөж 4000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гарган, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

 

Мөн яллдагдагч Н.Цэнгэлсайхан нь эрүүгийн 201608000158 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Бусдын батлан даалтанд өгөх" таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Н.Цэнгэлсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Говьсүмбэр аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 427683 дугаартай В ангилалын үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Нямбилэгт эсэргүүцэл болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэл муутай байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

 

Яллагдагч Н.Цэнгэлсайхан нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016.09.15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин Н.Цэнгэлсайханы гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дахь хэсэгт заасан хохирол учраагүй байхад уг үйлдэлд нь ял сонсгож яллагдагчаар татах боломжгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэлд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг баримтлан 2017.01.05-ны өдрийн шийтгэвэрийн хуудсаар 60 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 а/: б/: в/: г/ заасныг тус тус зөрчсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй учир Н.Цэнгэлсайханыг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн. Тухайн хэрэгт ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байна гэж үзлээ.

 

Учир нь Мөрдөн байцаагч А.Цогбадрах нь яллагдагч Н.Цэнгэлсайханыг 4 үхэр дайрч зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шийтгэврийн хуудсаар 60 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ба уг торгуулийг яллагдагч Н.Цэнгэлсайхан нь төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Тус аймгийн Прокурорын газраас иргэн А.Замзаахын өмчлөлийн 4 тооны үхрийг мөргөж 4.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулан зам тээврийн осол гарган, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэлгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

     Хэрвээ  шүүх  яллагдагч Н.Цэнгэлсайханыг бусдын  4 үхэр дайрч зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг баримтлан  арга хэмжээ авсан нь тухайн үйлдэлдээ хуулийн зүйл заалт нь тохироогүй гэж үзвэл шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг  шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь буруу болжээ.

 

    Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

               Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн  315.1.3, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаасугай.

 

2. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                                         ШҮҮГЧ                              А.САЙНТӨГС

                                         ШҮҮГЧ                              О.ОДНЯМАА