Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01628

 

Б.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1769 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Б.У

           Хариуцагч: Л.Б

           Хариуцагч: Б.Б нарт холбогдох

           Нийт 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Б, хариуцагч Б.Б түүний өмгөөлөгч Ш.Г, нарийн бичгийн даргад Д.Дүүрэнжаргал  нар оролцов.

           Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 2 дугаар сард хүргэн ах Б.Б нөхөр бид хоёртой уулзаад Мойлтын тохойны орчимд амралтын газар байна, хамтарч амралтын газар худалдаж аваад, бүх зардлаа 50х50 хувиар хувааж гаргаад, хамтран эзэмшихээр худалдаж авахаар тохирсон. Б.Б ,түүний эхнэр, бид нар Л.Б гэдэг хүний амралтын газартай очиж танилцсан. Очиж үзэхэд амралтын газрын хашаа нь маш том, гэртэй байсан. Амралтын газар, гэрүүдийг нь үзээд авахаар тохиролцоод явсан. 2014-04-21-ний өдөр манай нөхөр ярьж”.. Налайх дүүрэгт Б.Б, Л.Б нартай хамт байна, амралтын газрын эрхийн бичиг гаргаж өгөхөд 10 сая төгрөг өг гэж байна ...” гээд эхлээд 5 сая төгрөг шилжүүлчих гээд дараа нь дахин утастаад хэлсэн учир нэг цаг гаруй зайтай 5 сая төгрөг нийт 10 сая төгрөг шилжүүлсэн.  Газрын асуудал дээр маргаан гарч худалдаж авахаа больсон, 2015-10-21-ний өдөр өвчний учир манай нөхөр нас барсан. Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар утастаж шаардсан боловч миний мөнгийг өгөөгүй. Би Налайх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Тухайн үед Б.Б, Л.Б нар нь Г.Дашнямын нэр дээр газрын гэрчилгээ гаргана, худалдах-худалдан авах гэрээ хийгдэнэ гэж ойлгуулаад 10сая төгрөгийг авсан байдаг. 10сая төгрөгөөр худалдаж авна гээд шилжүүлсэн. Г.Дашнямын нэр дээр гэрчилгээ гараагүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед тэгж ойлгуулсан атлаа Г.Дашнямын нэр дээр гэрчилгээг гаргаагүй байдаг. Гэрийн хувьд манай нөхөр таньдаг хүнээсээ авсан. Гэр авсан хүндээ 1сая төгрөгийг өгсөн. Үлдсэн 500 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хөнжил гудас, гэрийн бүрээс, амралтын газрын ахуйн хэрэглэлүүд авсан. Гэрийн мөнгө бол тусдаа юм. Гэр авахгүй. 3сая төгрөгөө бүтнээр нь авна. Л.Б мөнгө өгөхийн хувьд мөнгө өгсөн. Бэлнээр авч өгсөн байхад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Нөхөр надад хэлэхдээ газрын бичиг гаргах гэж байна, газар томруулна, урьдчилгаа мөнгө өгөх гээд байна гэж хэлсэн . Иймд амралтын газар худалдаж авахад өгсөн 10 сая төгрөг, гэр ахуйн хэрэглэл авахад өгсөн 3сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Мөнхөд бадамлах” гэдэг амралтын газрыг 2006 онд хамтран эзэмшигч н.Тунгалагийн хамт 15сая  төгрөгийн хөрөнгө оруулалттай байгуулсан. Амралт, сувиллын зориулалттай 2006 онд "Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар 4000 м.кв газар эзэмшүүлэх зөвшөөрөлтэй авсан. Дээр нь 200 м.кв талбайтай барилга барьсан. 7 гэртэй, 40 ортой сувилал байгуулсан. 2013 онд Б.Б манай амралтад ирж амрахдаа анх танилцсан. Энэ хүний зуслан нь манай амралтын газрын ойролцоо байдаг. Би өөрөө төрийн албанд ажилладаг учир хөрөнгө оруулагч, эзэмшигч байж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан, зарсан ч яахав гэдэг зүйл яригдсан. 2013 оны өвлөөс худалдаж авах талаар яриа гарч Б.Б эхнэртэйгээ манай амралт дээр ирээд худалдаж авахаар ярилцсан. 4 дүгээр сард манай амралтын газрыг Б.Б, Г.Дашням нар нь үзэж хараад худалдаж авахаар тохирсон. Б.Бтэй гэрээ байгуулсан. Энэ үед газрыг том гэж худлаа ярьсан зүйл байхгүй. Гэрчилгээн дээр 4000 м.кв гэж байгаа. Газрыг томруулах боломжтой, энэ асуудал дээр тусалъя гэж хэлсэн. Энэ газрыг дүүтэйгээ хамтарч ажиллуулах гэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ яг гэрээ хийхэд Г.Дашнямыг шууд оролцуулж хийгээгүй. Гүйцэтгэх захирлын эрхийг Б.Бд шилжүүлж өгөхөөр болсон. 4000 м.кв газрын хөрөнгө зарцуулах эрхийг түүнд шилжүүлэхээр болсон. Газрын гэрчилгээ шилжиж гарч ирсний дараа газрыг томруулах ажлыг хамтарч хийхээр болж, үлдсэн 110сая төгрөгийг шилжүүлсний дараа компанийн хувьцааг шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Газрын гэрчилгээ 7 сард гарсан. 10 сая төгрөгийн урьдчилгааг Б.Бгээс би авсан. Г.Дашнямаас аваагүй. Г.Дашнямаас яаж авсныг би мэдэхгүй. Тухайн үед мөнгөө бүрэн өгсний дараа хувьцааг шилжүүлэхээр гэрээг хийсэн. Компанийн бүх хөрөнгө, гэрчилгээг Б.Бд хүлээлгэж өгсөн. 7 сард гэрчилгээ гараад газрыг томруулах асуудал дээр хамтарч хөөцөлдөнө гэж ойлгосон. Гэрчилгээг компанийн нэр дээр биш, Б.Бгийн нэр дээр гаргасан. Гүйцэтгэх захирал солигдсон учир Б.Б гэж ойлгогдож байгаа боловч компани дээр гарах ёстой байсан. Газрын гэрчилгээ, компанийн гэрчилгээг одоо болтол өгдөггүй. 2014-04-21-ний өдөр хийсэн гэрээн дээр газар томруулахаар газрын гэрчилгээ өгсөн бол би хөөцөлдөх байсан. 12-ны өдөр нотлох баримт өгөхөд гарын үсэг минийх биш байна гэж хэлсэн. Тэр өдөр гэрээ хийж байхдаа гараараа зурсан гарын үсэг мөн. Криминалистикийн шинжилгээ хийхэд нотлогдоно. Гэрээг зөрчөөд компанийн эд хөрөнгийг 3 жил ашигласан байж дүүгээс нь мөнгө авсан юм шиг надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрийг ашиглаж байгаа. Энэ компанид 10 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэж байна. Энэ мөнгийг яаж зарцуулсан гэдгийг мэдэхгүй. Би бүх хөрөнгөө хүлээлгэж өгсөн. 2 жил амралтын газар ажиллуулсан. Г.Дашнямаас мөнгө авсан зүйл байхгүй. Энэ хоёрын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Б.Бд холбогдуулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах бодолтой байгаа гэжээ.

      Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Бийн амралтын газартай ойролцоо манай зуслангийн газар байдаг. Мойлтын тохойн амралтын газар байна гээд дүүтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Б.У, түүний нөхөр, би, эхнэртэйгээ очиж үзсэн. Л.Б газраа дагуулж явж үзүүлсэн. Анх үнээ хэлэхдээ 170 сая төгрөг гэж, манай дүү 155 сая төгрөгт өгчих гэж хэлсэн. 1,8 га газар байгаа юм бол авна гэж ярилцсан. Компаниа шилжүүлнэ гэсэн. Манай дүү компанийн захирал болохгүй, та бол гэсэн. Улсын бүртгэл дээр очиж нэг хүнтэй уулзаад миний нэр дээр болгосон. Налайхад очсон. Газрын хэмжээ нь1,8 га биш, 4000 м.кв газар байсан. Ийм бага газар бол наймаагаа буцаая гэхэд наймаа буцахгүй гэсэн. Л.Б 10сая төгрөг өгчих, газрын алба, Засаг даргын орлогч нартай ярилцаж байгаад 7 хоногийн дотор газрыг томруулж өгнө гэсэн. Манай дүү, би, Л.Б бид 3 хамт байсан. Манай дүү эхнэр Б.У руу яриад мөнгө шилжүүлж, эхний 5сая төгрөгийг банкинд байж байгаад өгсөн,дараагийн 5 сая төгрөгийг бэлнээр машин дотор тоолж өгсөн. Энэ бол урьдчилгаа биш, газар томруулна гэж өгсөн. Газрыг нь томруулаагүй. 2014-12-19-ний өдөр гэрчилгээ гарсан. Би 13 сая төгрөг, дүү 3 сая төгрөгөөр амралтын газрыг тохижуулсан. Дүү бид 2 ярилцаж байгаад зочид буудлын зураг хүртэл гаргасан. Тэр зун нь Л.Б утсаа авахгүй алга болсон. Манай дүү бид хоёр 10 сая төгрөгөө буцааж авах гээд нэхэхэд хүүхдийн бие муу байгаа гэж хэлээд өдийг хүрсэн. Урьдчилгаа гэж өгсөн мөнгө биш, газар томруулах гэж өгсөн мөнгө. Одоог хүртэл газар томруулахыг хүлээж байна. Газар нь бид хоёрын нэр дээр биш, н.Тунгалаг гэдэг хүний нэр дээр байдаг. Газрыг томруулаад авчихвал цаашид өөр үйл ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Тэр жил Л.Бид үзүүлэх гэж гэрийг нь бариатай өнжүүлсэн. Дараа жил нь гэрүүдийг нь харах хүнгүй болохоор хадам эгчээрээ цалин өгч харуулж байгаа. Тэр намар нь хураагаад өөр газар зуслангийн байшиндаа хураасан байгаа. Л.Бийг амралтаа буцааж ав гэж хэлсэн. Манай дүү нас бараад, газар нь ч томрохгүй байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Би гэрчилгээг нь буцааж өгөх гэхээр 10 сая төгрөг аваагүй байгаа учир буцааж өгөх боломжгүй байна. Амралтын газрыг засахаар болж би 13 сая, дүү 3 сая төгрөг гаргасан. Тухайн үед хөнжил, гудас авсан. 1,5 сая төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй. 1,5 сая төгрөгөөр авсан гэр нь байгаа. Тэр гэрийг нь өгнө гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан Б.Бгээс 12,7 сая  төгрөг гаргуулж Б.Уд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон Л.Бид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 218 150 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 07-ны өдрийн 1769 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Ш.Ганхуяг хяналтын гомдолдоо: Л.Б нь Г.Дашням, Б.Б нарт амралтын газрын зориулалттай 4.000 м.кв газрын хэмжээг 7 хоногийн дараа 1,8 га газар болгон өөрчилж өгнө, ингэхэд 10 сая төгрөг хэрэгтэй байгаа тухайгаа хэлсэн. Энэ нь хоёр талын тохиролцоогоор хэн нэгэн этгээдэд үүрэг бий болдог буюу Л.Бид үүрэг үүсгэгдсэн нь Иргэний хуулийн 39-р зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Г.Дашням нь газрын хэмжээг томсгох зорилгоор 10 сая төгрөгийг Л.Бид өгөх хэрэгтэй болсноо эхнэр Б.Уд утсаар хэлж өөрийн дансандаа 10 сая төгрөгийг Б.Уаас ... 2 удаа шилжүүлэн данснаасаа авч Л.Бид өгснөөр Иргэний хуулийн 43-р зүйлд заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь хүсэл зоригийн илэрхийллийг Л.Б түүнийг хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Л.Б нь 10 сая төгрөгийг хүлээн авч 2014-04-21-ний өдөр “Мөнхөд Бадамлах” XХК-ийн 2006-2014 онуудын газрын төлбөр 1.360.000 төгрөгийг Газрын албаны 5749063361 дугаартай дансанд тушаасан ба газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөр тооцоо нийлсэн 42 дугаартай актыг 2014-04-18-ны өдрөөр үйлдэн газар эзэмшигчээр Б.Бгийн нэрийг оруулан бичиж, гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт үйлдсэн байна. Б.Уын “2014 оны 04-р сарын 21-ний өдөр манай нөхөр утасдаж Налайх дүүрэгт Б.Б ах, Л.Б нартай хамт байна, амралтын газрын хэмжээг томруулан өгч эрхийн бичиг гаргахад 10 сая төгрөг өг гэж байна гэхээр нь 5 сая төгрөгөөр 1 цагийн зайтай 2 удаа шилжүүлсэн. Газрын асуудал дээр маргаан гарч худалдаж авахаа больсон. Л.Бийн хувьд мөнгө өгөхийн хувьд мөнгө өгсөн. Бэлнээр авч өгсөн байхад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна”. Б.Бгийн газрын хэмжээг тодруулахад 1,8 га газар биш 4000 м.кв.газар байсан. Ийм бага газар бол наймаагаа буцаая гэж Л.Бид хэлэхэд наймаагаа буцаахгүй, 10 сая төгрөг өгчих, газрын алба, Налайх дүүргийн Засаг даргын орлогч нартай ярилцаж байгаад 7 хоногийн дотор газрыг томруулж өгнө гэхэд манай дүү эхнэр Б.У руу яриад мөнгө шилжүүлж авсан. Энэ бол урьдчилгаа биш, газар томруулна гэхээр нь өгсөн. 2014 оны 04-р сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний 5 дахь хэсэгт Б.Б нь төлбөрийг 100 хувь барагдуулах үүрэг хүлээсэн байдаг ба үүнийг далимдуулан Л.Б нь тус өдөр холбогдох хүмүүстэй уулзаж 7 хоногийн дотор газрын хэмжээг 1,8 га газар болгож өгөхөөр 10 сая төгрөгийг авсан нь худалдан авах хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэж үзэх үндэслэлгүй юм. 7 хоногийн дараа газрын хэмжээг 1,8 га болгосон тохиолдолд гэрээний дагуу 120 сая төгрөгийг өгч авалцахаар амаар тохиролцон хэлцэл хийгдсэн байдаг. 2014-04-21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнд хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд компанийн хувьцааг Б.Бд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр байгуулагдсан боловч Л.Б нь Б.Б, Г.Дашням нартай хэлэлцэж тохирсон хэлцлийн гол нөхцөл болох газрын хэмжээг томруулах талаарх үүргээ биелүүлээгүйгээс одоо хүртэл гэрээ биелэгдээгүй байгаа. Иймд ...шийдвэр, ...магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Л.Боос 10 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.У 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, амралтын газар худалдан авахад зориулж өгсөн 10.000.000 төгрөг, ахуйн хэрэглээний зардалд өгсөн 3.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

       Анхан шатны шүүх ахуйн хэрэглээний зардалд нэхэмжлэгч 2.700.000 төгрөг өгсөн нь тогтоогдсон гэж үзэж, уг мөнгийг амралтын газар худалдан авах зориулалтаар өгсөн мөнгөний хамт нийт 12.700.000 төгрөгийг хариуцагч Б.Бгээс гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Л.Бид холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан Б.Бгийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Б.У, Г.Дашням,Б.Б нар амралтын газар худалдан авах, хамтран ажиллуулахаар тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.    

        Хэрэгт авагдсан баримтаар гэрээ дуусгавар болж талууд цаашид хамтран ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон тул хариуцагч Б.Бгээс нийт 12.700.000 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ.   

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Б.Бгийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхив.

       Хариуцагч нарын хоорондын маргаан нэхэмжлэгчид хамааралгүй байх бөгөөд   Б.Б нь Л.Бтой холбоотой нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1769 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 218.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ