| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/02142/И |
| Дугаар | 181/ШШ2016/00214 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/00214
2016 оны 06 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2016/00214 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК // -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.Б
Хариуцагч Б.Н нарт холбогдох
зээлийн төлбөрт 44.731.615.11 төгрөг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Зээлдэгч Т.Б , Б.Н нар нь 2015 оны 7дугаар сарын 22-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 130 тоот зээлийн болон 130/1 тоот барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.
Зээлийн гэрээний дагуу 40 сая төгрөгийн зээл хүүний хамт гэрээнд заасан хугацаанд төлөх баталгаа болгон Т.Б ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Их сургуулийн гудамж, 165 дугаар байрны 26 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-220*********дугаартай орон сууцны зориулалттай, 85,6 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалсан.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтад харилцан тохиролцож баталгаажуулсан бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлнө гэж заасан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Манай байгууллага тэдэнд хандан 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн.
Зээлдэгч нар 2015 оны 8 дугаар сард зээлийн хүүд 1.630.693 төгрөг, үндсэн зээлд 2.639.307 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 15-нд 3.000.000 төгрөг, 5 дугаар сард 2.500.000 төгрөг төлсөн.
Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 37.360.693. төгрөг, хүүний үлдэгдэл 7.270.611,64, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 100.310.47 төгрөг, нийт 44.731.615,11 /дөчин дөрвөн сая долоон зуун гучин нэг мянга зургаан зуун арван таван төгрөг арван нэг мөнгө/ төгрөг гаргуулан өгнө үү, зээлийн хугацааг сунгах боломжгүй гэв.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид Т ББСБ-аас 40 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. ББСБ-нь урт хугацааны зээлээ дангаар цуцлах шийдвэр гаргасан байна. Нармандах миний хувьд найзынхаа байрыг барьцаалж зээл авсан учраас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сард төлөх хуваарийн дагуу энэ хямралын үед төлж дийлэхгүй байна. Иймээс хугацааг 36 сараар сунгах боломж олгохыг хүсэж байна. Тэгвэл миний сард төлөх зээлийн хэмжээ багасч төлбөрийг барагдуулах боломжтой болох юм.
Зээлээ төлж чадахгүй цаг алдаж байгаа нь үнэн. Т ББСБ-аас зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулна уу гэсэн мэгдлийг бид хоёрт удаа дараа өгсөн. 2016 оны 01 дүгээр сарны 07-ны өдрийн мэдэгдэлдээ удаа дараа шаардлага тависаар байхад төлбөрийн зөрчилөө арилгахгүй байгаа тул зээлийн гэрээний 4.1.5,7.4 дэх заалтын дагуу ББСБ-ын талаас гэрээг дангаар цуцалж байгаа болохоо мэдэгдсэн. Бид гэрээ цуцлагдсан гэж ойлгоод үндсэн зээлээс хасуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 15-нд 3.000.000 төгрөг, 5 дугаар сард 2.500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцуулах хүсэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 44.731.615.11 төгрөг нэхэмжилжээ.
Т ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байна./хх-ийн 5-р хуудас/
Т.Б , Б.Н нар нь тус ББСБ-аас 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж Сүхбаатар дүүргийн 9-р хороо 16б байрны 26 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэдгээрийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 130 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн 130/1 дугаартай Барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 7-13-р хуудас/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ, мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр болжээ.
Зээлдэгч нь гэрээний 3.2.3-т зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-т заасан зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй ба энэ үүргээ 2015 оны 10 дугаар сараас хойш биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь гэрээний 4.1.5-т заасан Зээлдүүлэгч нь зээлдэгчийг өөрийн санхүүгийн чадавхи, зээлийг эргүүлэн төлөх сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байна гэж үзвэл зээлийг гэрээг дангаар цуцална гэсэнтэй нийцэж байна.
Зээлийн гэрээний 7.4-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг цуцлах тухай зээлдэгчид мэдэгдэнэ гэсний дагуу зээлийн гэрээг цуцалж байгаа болохоо 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгчид мэдэгджээ.
Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсны дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 15-нд төлсөн 3.000.000 төгрөг, 5 дугаар сард төлсөн 2.500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг хасаж үлдэх 38.326.837,49 /гучин найман сая гурван зуун хорин зургаан мянга найман зуун гучин долоон төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Б , Б.Н нараас 38.326.837,49 /гучин найман сая гурван зуун хорин зургаан мянга найман зуун гучин долоон төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулан “Т” ББСБ-д олгож нэхэмжлэлээс 6.404.777,62 /зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга долоон зуун далан долоон төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 349584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их сургуулийн гудамж, 1** дугаар байрны ** тоот, 3 өрөө бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*********дугаартай орон сууцны зориулалттай, 85,6 м.кв талбайтай байрыг албадан худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО