| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2023/03650/И |
| Дугаар | 210/МА2025/00644 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/00644
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00660 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Харицагч ******* ХХК болон ******* УТҮГ-т тус тус холбогдох,
267,341,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* УТҮГ-аас өөрсдийн ажилчдыг орон сууцжуулах зорилгоор ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г байгуулж, захиалан бариулж байсан. Улмаар дээрх барилгад нэмэлт захиалга авч байсан учраас нэхэмжлэгч нь дээрх ******* хороололд баригдаж буй орон сууцанд захиалга өгч, барилгын ажлыг гүйцэтгэгч болох ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан тухайн барилгын 11 давхарт 70.96 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар гэрээг байгуулан, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл барилгын ажлын явцад ******* УТҮГ нь ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ цуцлагдаж, цаашид гэрээний зүйл болсон орон сууц барих ажлыг өөр гүйцэтгэгчээр бариулж дуусгахаар болсон. ******* ХХК нь орон сууцны эхний 4 давхрын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн 177,400,000 төгрөгийг зарцуулсан. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь ******* УТҮГ дангаараа өмчлөн, нэхэмжлэгчийн хөлсөөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь өөртөө өмчлөн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд тухайн орон сууцны барилгад бодитоор оруулсан 177,400,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ******* УТҮГ-аас, үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсний алданги 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлого 28,384,000 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг ******* ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* ХХК-аар барилгаа бариулж байгаад гэрээгээ цуцалж, өөр компаниар бариулахаар болсон. Захиалагчийн хөрөнгө оруулалт нь тухайн барилгыг барьж байсан ******* ХХК-ийн данс руу орж тухайн үед баригдсан барилгын үйл ажиллагаанд зарцуулагдсан. ******* ХХК нь *******гийн төлсөн төлбөрөөс огт зарцуулагдаагүй. Захиалагч болох *******-ийн санаачилгаар гэрээ цуцлагдсан тул алданги болон олох байсан орлогыг ******* хариуцах ёстой.
3. Хариуцагч ******* УТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК-тай ******* болон ******* УТҮГ-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ-г 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Хариуцагч ******* ХХК нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж суурь гэрээ болон орон сууц захиалан бариулах 80 захиалагчийн гэрээ тус тус цуцлагдсан. ******* ХХК нь суурь гэрээний 5.4-т Орон сууц худалдан авах хүсэлт гаргасан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг хүлээн авч, борлуулалтын алба тэдгээр ажилтнуудтай гэрээ байгуулан захиалгыг баталгаажуулна гэж заасны дагуу манай төв болон *******, ******* ХНН-ийн нэр бүхий 80 төрийн албан хаагчтай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хүрээнд захиалагч тус бүрээс 30-100 хувийн урьдчилгаа төлбөр авч хөрөнгө босгож зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн байдаг. Нийт 80 захиалагчаас 2,635,289,631 төгрөгийн хөрөнгийг оруулсан бөгөөд зоорь, 4 давхар каркасыг үнэлүүлж төсөв гаргуулахад 2,357,031,821 төгрөгийн ажил хийгдсэн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 177,400,000 төгрөг нь манай барилгын угсралтын ажилд зарцуулагдаагүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлд 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч ******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч мэдсэн болохыг тэдний 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтээс тодорхойлж болохоор байна. Дээрх дурдсан суурь гэрээний дагуу ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хангаагүй мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд байхгүй давхруудыг бусдад худалдан борлуулсан байна. Нэхэмжлэгч *******гийн байрны төлбөрт төлсөн төлбөр ******* УТҮГ-ын дансанд ороогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй уг төлбөр нь өөр компанийн дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд ******* УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* УТҮГ-аас 177,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 89,941,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б21/089 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс хариуцагч ******* ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* УТҮГ-аас 1,044,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д оруулахаар шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс, ******* ХХК нь *******тэй Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Улаанбаатар хот ******* тоот 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга барихаар харилцан тохиролцохдоо ******* УТҮГ-ын зөвшөөрөлгүйгээр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж 11 давхарт орон сууц барихаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангасан байна хэмээн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэхдээ ******* ХХК-ийг хариуцагчаас чөлөөлж, ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 89,941,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн буруутай этгээд нь ******* ХХК, ******* УТҮГ нар байх бөгөөд дээрх 2 хуулийн этгээд барилгын тухай хуульд заасан хуулиар хүлээх үүргээ зөрчин, барилгын ажлыг эхлүүлж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах үндэслэлийг бий болгосон байдаг.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө хэмээн заасан байдаг бөгөөд ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох хадгаламжийн хүүгийн орлого, болон уг хохиролтой дүйцэхүйц гэрээнд заасан алдангийг хохиролд тооцож гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 9.4.4 заасанд нийцнэ. ******* ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцах буруутай этгээд болохын хувьд нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцах болно.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуульд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг хэн хариуцахыг тодорхой заасан. ******* УТҮГ нь *******тэй ямар ч гэрээ байгуулаагүй. Гүйцэтгэгч компанитай 11 давхар гэх хий хоосон давхарт байр захиалчихаад, төрийн албан хаагчдын хөрөнгөөр баригдаж байсан барилгад захиалга өгсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж байгаа нь буруу.
Хүчин төгөлдөр хэлцлийн улмаас учирсан хохирлыг хэлцэл хийсэн талын гэм буруутай этгээд буюу ******* ХХК хариуцна. ******* УТҮГ-ын данс руу мөнгө ороогүй. ******* ХХК нь захиалагч нартай хатуу заалттай гэрээ хийж өөрийнхөө дансанд мөнгө авсан байдаг. Гэтэл ******* гэх хүн ******* ХХК-д мөнгө төлсөн гэдгийг мэдсэн. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийх нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед 9 давхар барилга барих архитектурын даалгавар байхад мэдсээр байж өөрөө гэрээ байгуулчихаад бусдаар төлүүлэх гэж байгаа нь буруу. Нэхэмжлэгч өөрөө гэм хорын хохирлоо хүлээх ёстой тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
7. Хариуцагч ******* УТҮГ-ын давж заалдах гомдлын агуулга: ******* УТҮГ-т *******тэй гэрээ байгуулсан талаар огт мэдэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ******* УТҮГ-ыг татсан хэр нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулаагүй.
Ямар ч баримтгүйгээр ******* УТҮГ-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хохирол барагдуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлээгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно гэж үзсэн боловч хохирлыг хэн барагдуулахыг буруу шийдвэрлэсэн тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүх ******* УТҮГ-аас хохирол гаргуулаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу тухайн захиалагчийн төлсөн 177,400,000 төгрөгийн төлбөрийг гаргуулсан. Шүүх хуралдаанд ******* УТҮГ-ын төлөөлөгчийг оролцуулаагүй гэдэг. Хариуцагчаас төлөөлөгчөө солих, татгалзах хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй, мэдэгдээгүй. Төлөөлөгч нэмж томилсон бөгөөд 10 сарын 02-ны өдрөөс 01 сарын 25-ныг хүртэл хариуцагчийн хүсэлтийн дагуу 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Өөрийнхөө эрх ашгийг хэрхэн хамгаалж оролцох нь хариуцагчийн үүрэг. Шүүхээс хариуцагчид эрх, үүргийг хангалттай эдлүүлсэн. Анхнаасаа 12 давхар барилга байсан гэх асуудал нь хэрэгт авагдсан *******ны сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээс харагддаг. Анх 12 давхраар батлагдсан байрыг архитектур төлөвлөлтийн даалгаврыг 9 давхраар авчихаад үүнийгээ хэд хэдэн удаа өөрчилж зогсолтод орсон. Одоо 12 давхраар зурагдсан гэж хэлээд захиалга аваад барилга нь баригдаад дуусч байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-иас гэрээний дагуу алданги 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлого 28,384,000 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг, хариуцагч ******* УТҮГ-аас орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 177,400,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь зохигч маргааны зүйлийн талаар мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлснээс гадна, нэхэмжлэлээр шаардаагүй асуудлыг буюу талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Б.Цэгмидээс, 167,400,000 төгрөгийг ******* ХХК-иас, хохирол болон алданги 54,369,200 төгрөгийг ******* ХХК-иас тус тус гаргуулахаар шаарджээ. /1хх-ийн 1-2/
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө гэрээний нэг тал болох хариуцагч ******* ХХК-иас, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 177,400,000 төгрөгийг алданги болон хохиролд 54,639,200 төгрөгийн хамт нийт 232,039,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. /1хх-ийн 76-77/
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж, ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 177,400,000 төгрөг, олох ёстой байсан орлого 28,384,000 төгрөг болон алданги 56,557,800 төгрөг, нийт 262,341,800 төгрөгийг ******* ХХК-иас, алдангийн зарим хэсэг болох 5,000,000 төгрөгийг ******* ХХК-иас тус тус гаргуулахаар шаардсан. /1хх-ийн 84-85/
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* УТҮГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, гэрээний дагуу төлсөн төлбөр болох 177,400,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр ******* УТҮГ-аас, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсний алданги 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлого 28,384,000 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг ******* ХХК-иас тус тус гаргуулахаар шаарджээ. /1хх-ийн 127-128/
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 177,400,000 төгрөгийг төлсөн. Уг гэрээ тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр болох 177,400,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн гэрээнд зааснаар алданги 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлогод 28,384,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна. Гэтэл гэрээний үүрэгт төлсөн 177,400,000 төгрөгийг гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагч ******* УТҮГ-аас нэхэмжлэх болсон шалтгаан, нөхцөл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан эсэх, уг гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 177,400,000 төгрөгийг гэрээний тал бус этгээд ******* УТҮГ-аас нэхэмжилж байгаа үндэслэлийн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
Шүүх, талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.
3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй байна.
3.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарт холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулах, алданги, хохирол болон үндэслэлгүй хөрөнгөжсөн агуулгаар шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь, шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт өгч, шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг заах учиртай. Харин нэхэмжлэлийн шаардлагаас илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.
Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* УТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 607,659 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ